Ерөнхий сайдын унаган нутагт “Гудамж” төсөл хэрэгжинэ

uls_53c9edb834e10_1Засгийн газрын энэ оны 96 дугаар тогтоолын дагуу “Гудамж” төслийн хүрээнд Увс аймгийн Улаангом суманд 15 метрийн өргөнтэй стандартын жишигт нийцсэн 11.4 км зам тавихаар болжээ. Ногоон байгууламж, гэрэлтүүлэг, явган хүний болон хар замыг багтаасан цогц бүтээн байгуулалтын энэ ажил таван тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд эхний ээлжинд 9.4 км зам тавих юм байна. Мөн автомашины замын дийлэнх нь “Т”хэлбэртэй байгааг өөрчилж тэдгээр арван газрыг дөрвөн замын уулзвартай болгон шинэчлэх аж.

Одоогоор энэхүү өөрчлөлтөд өртөхүйц байршилд оршин суугаа аж ахуйн нэгж, иргэдэд албан ёсны мэдэгдэл хүргүүлээд байгаа юм байна. Ингэхдээ тухайн объектийн үнэлгээг тогтоож газрыг чөлөөлөх, шилжүүлэх, газрыг нь солих талаар иргэдтэй харилцан зөвшилцөх ажлын хэсэг томилогдож эхлээд байгаа юм байна.

Уг нь Засгийн газрын баталгаатай Чингис бондыг арилжихдаа ч, үүнтэй холбоотой шийдвэрийг УИХ-аар батлуулахад ч “Гудамж” төсөлд зарцуулна гэсэн төлөвлөгөө, зорилт байгаагүй. Харин их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, ирээдүйд өгөөжөө өгөх алсын хараатай зүйлд тэр тусмаа төмөр зам, автозамын ажлыг онцлон танилцуулж байсан. Хэрэв “Гудамж” төсөлд зарцуулах гэсэн юм, Ерөнхий сайдын төрсөн нутаг Улаангом хотын зарим автом замын уулзварыг өргөтгөх, дөрвөн замтай болгох зорилготой гэсэн бол УИХ ч “Чингис” бонд гаргахыг зөвшөөрөхгүй, олон улсын зах зээл дээр ч ийм инээдтэй зорилгоор дэлхийн нэр хүндтэй банкууд арилжаанд оролцохгүй байв.

Ерөнхий сайдын багцын 50 тэрбум төгрөгийн задаргаа “асуудалтай” хэвээрээ байхад ийнхүү их эзэн хааны нэрээр гаргасан, өндөр хүүтэй, “том хэмжээний” бондын зарцуулалт яагаад заавал төрсөн нутгийг нь тохижуулахад зарцуулагдах болов. Энэ бүхний цаана Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулахгүйгээр авч үлдсэн асуудал нуугдаж байгаа юм биш үү. Түүнийг сайдын албан тушаалаас нь огцруулах ёстой гэсэн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс гаргасаар байтал эхний удаад АН-ын бүлгийн дарга “Огцруулах шалтгаан харагдахгүй байна” хэмээн дүгнэлт хийсэн. Дараагийн удаад огт хэлэлцүүлэхгүй “нуучихсан” буюу хэлэлцэх асуудлын жагсаалтаас аваад хаячихсан нь тэднийг хэрхэн айж эмээж, адгаж яаран хэрэгцээт шийдвэрүүдээ гаргаж авч байгаагаас харагдаж байна.

Хамгийн сүүлд л гэхэд парламентад суудалгүй улс төрийн намууд нэгдэн Засгийн газрыг огцруулах хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барилаа. Гэвч Ерөнхий сайд наанаа найр наадамд оролцож амар амгалан байвч цаанаа нутаг орондоо хийсэн юмтай байхыг эрмэлзсээр байгаа нь илт харагдаж байна.

Уг нь парламентад суудалгүй намууд гэдэгт улс төрийн 20 гаруй нам багтдаг юм билээ. Тиймээс АН-ын дарга тэдгээр намыг болон тавьсан шаардлагыг нь хүндэтгэн үзэх биз ээ. Хачирхалтай нь энэ оны эхээр Улс төрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулж парламентад суудалгүй намуудыг татан буулгах тухай асуудал ч дуулдаж байсан юм. Энэ бол ардчиллыг булшлах эхний алхам гэхэд хатуудахгүй болов уу. Үнэн хэрэгтээ хэвлэлийн эрх чөлөө,  олон намын тогтолцоо, чөлөөт зах зээл гэх эдгээр тулгуур зарчимгүйгээр ардчиллыг хэрхэн төсөөлөх билээ. Ардчиллаас юу үлдэв. Лав одоо харж байгаагаар эрх барьж байгаа үедээ эрх чөлөөг, эдийн засагтай нь, бүх өмч хөрөнгө, үнэт зүйлтэй нь өөрийн болголоо гэж андуурсан цөөн  хэдэн хүнээс ардчиллыг хайгаад олохгүй бололтой.

Одоо Монголын Засгийн газрын баталгаатай, ирээдүйд төлөх өндөр хүүтэй бондыг хүртэл олонхиороо хүчлэн байж парламентаар батлуулчихаад Улаанбаатараас “төөрүүлж” төрсөн нутгаа тохижуулах хүртлээ цагаандаа гарлаа гэж үү. Ерөнхий сайдын өмнөөс “Үгүй” гэж хэлэх зоригтой Эдийн засгийн хөгжлийн сайд, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал, Сангийн сайд тэргүүтэн байдаггүй юм аа гэхэд, “Хэтэрч байна” гэж хэлэх шударга хүн АН-д алга уу. Арга ч үгүй юм даа, Архангай, Увс аймгуудад хэрэгжүүлэхгүй бол ирэх сонгуульд нэр дэвших байтугай тэр нутгийнх гэж хэлэхэд бэрх болтлоо нэр хүндээ унагаж хөлжлөө шүү дээ.

Авто зам, уулзварын жагсаалтын нэршлүүд:

Увс аймаг, Улаангом сумын авто замын нэршил

  № Авто замын нэр Замын урт

/м/

1 Сургуулийн хорооны гудамж / Хөгжимт драмын театрын хойд уулзвараас Наадмын талбайн зүүн уулзвар хүртэл / 890
2 Ану хатны гудамж / Хуучин модны үйлдвэрийн урд уулзвараас Шинэ зуун худалдааны урд замын уулзвар хүртэл 350 метр, Ахмадын гудамжны уулзвараас ТОБУ худалдааны төвийн хойд уулзвар хүртэл 500 метр / 850
3 Цэвээнравдан хааны гудамж / Билэг худалдааны төвийн урд уулзвараас Цогцолбор 2-р сургуулийн зүүн дөрвөн замын уулзвараар дайруулан Улаан уулын зүүн гурван замын уулзвар хүртэл / 1100
4 Галданцэрэн хааны гудамж / 10 жилийн 1-р сургуулийн арын уулзвараас Худалдааны гудамжны уулзвар хүртэл / 420
5 Эсэн тайжийн гудамж / Холбооны газрын баруун уулзвараас Петровис ШТС-ын хойд уулзвар хүртэл / 720
6 Тогоон тайшийн гудамж / Т хэлбэрийн гудамж /, / АЗДТГ-ын урд уулзвараас хангамжийн 15 айлын орон сууцны урд уулзвар хүртэл 145 метр, Хангамжийн 15 айлын орон сууцны хойд уулзвараас Сансар төвийн хойд уулзвар хүртэл 145 метр / 290
7 Худалдааны гудамж / худалдааны гудамжны аюулгүйн тойргоос 10 жилийн 3-р сургуулийн хойд уулзвар хүртэл/ 2100
8 Галданцэрэн хааны гудамж / Номын сангийн арын замын уулвараас хилийн цэргийн ангийн урд уулзвар хүртэл / 1380
9 Хүүхдийн гудамж / Янзага худалдааны төвийн урд замаас Бөхийн өргөөний урд уулзвар хүртэл / 1350
10 Эсэн тайжийн гудамж / Петровис 2-р ШТС-ын хойд уулзвараас /Заяашка/ Оросын зогсоолын хойд уулзвар хүртэл / 780
11 Галданцэрэн хааны гудамж / Хилийн цэргийн ангийн урд уулзвараас /Заяашка/ Оросын зогсоолын хойд уулзвар хүртэл / 1100
12 8-р цэцэрлэгийн гудамж / ССТ-5 одын урд уулзвараас 8-р цэцэрлэгийн урд уулзвар хүртэл / 170
Нийт 11150

  Увс аймаг, Улаангом сумын уулзварын нэршил

Дугаар Уулзварын нэршил
1 Хөгжимт драмын театрын хойд уулзвар
2 ТОБУ худалдааны төвийн урд уулзвар
3 Нийгмийн даатгалын урд аюулгүйн тойрог
4 Цогцолбор 2-р сургуулийн урд уулзар
5 Цагаан хаалганы ард аюулгүйн тойрог
6 Онцгой байдлын хэлтсийн урд уулзвар
7 Петровис 2-р ШТС-ын урд 4 замын уулзвар
8 Өгөөмрийн хойд уулзвар
9 Хилийн цэргийн ангийн урд уулзвар
10 Худалдааны гудамжны урд аюулгүйн тойрог

С.Чулуун Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих