Ийм бороо удаан орвол Улаанбаатар урсах нь

7-21-6Энэ зун бараг өдөр алгасахгүй бороо орж нийслэл бүхэлдээ усанд автаж байна. Сүүлийн хоёр сард Онцгой байдлын газарт айлын гэр, байшин усанд автсан дуудлага ирэх нь ихэсчээ. Сүүлийн хоёр өдөр өмнөхөөс зөөлөн шивэрч  орсон учраас үер усны ноцтой тохиолдол гараагүй ч хоногийн хугацаанд 15 дуудлага иржээ. Тиймээс эдгээр өдрүүдэд Онцгой байдлын албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Төв аймгийн Мөнгөнморьт сумын Хэрлэн голын эргээр амарч зугаалж явсан иргэдийн машин голд живсэн байсныг онцгой байдлын албан хаагчид гаргажээ. Харин иргэдийн хувьд  шүхэр, усны гутлаар “зэвсэглэж”  борооны ус дамжин гарах гэж үсэрч харайж “ур чадвараа” шалгуулж байна. Бид өчигдөр Баянзүрх дүүрэг буюу бидний хэлж заншсанаар Шархадыг зорилоо. Гэр хорооллын гудамж усанд автаж явган хүн гарахад хүндрэлтэй  болсон байв. “Энэ хавийн айлын хашаа руу ус их орсон. Хүмүүс гэрийнхээ хаяаг тойруулан шуудуу татаж усыг өнгөрөөж байна. Чухал ажилгүй хүн бол гэрээсээ гарахгүй байсан нь дээр юм” хэмээн иргэд бухимдаж байв. Машин хажуугаар гарахдаа хувцас руу шавхай цацах юм хэмээн хүүхэд хөтөлж гудамны усанд боогдсон хүн ч цөөнгүй таарав. Уг нь иргэд гудамжинд тогтсон усны талаар хороондоо гомдол гаргах юм бол харьяа дүүргийн хот тохижилтын газраас соруулж, хайрга асгаж өгөх боломжтой гэдгийг хорооны Засаг дарга хэлж байсан.

Харин хотын төвд гэр хорооллоос дутахааргүй байдал үүсчээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн урд байрлах Хурд хорооллын дунд өвдгөөр татсан ус тогтсон байна. Энд өндөр түрийтэй усны гуталгүй хүн явах “эрхгүй” болжээ. Байрнуудын дундуур усан дээр тоглож байгаа хэдэн хүүхдээс өөр хүн алга. Жижүүрийн хэлснээр “Бороо орох бүрт их ус тогтдог. Борооноос болоод ч тэрүү хүмүүс сүүлийн хоёр өдөр гэрээсээ гарахгүй байна. Тогтоол усыг соруулах талаар ярьдаггүй. Яваандаа алга болно биз” гэсэн юм. Улсдаа ус соруулах үйлчилгээ үзүүлдэг ганц байгууллага болох Улаанбаатар нэгтэл ОНӨААТҮГ ус соруулдах гуравхан машинтай учраас гэр хороолол байтугай төвийн цэгүүдийнхээ усыг шавхаж амждаггүй гэнэ. Гэхдээ ачаалал багатай үедээ нийтийн эзэмшлийн буюу орон сууцны голд тогтсон усыг дуудлагын дагуу үнэгүй соруулдаг гэсэн.  Ийнхүү бороо үргэлжлэн орох юм бол Улаанбаатар урсаж мэдэх нь. Хэрэв зам барилгын компаниуд нь анхнаасаа ус зайлуулах шугамаа чанартай хийсэн бол ингэж борооноос “айж”, гэртээ хоригдож, машиныхаа хамаг эд ангийг эвдээд дуусахгүй л байсан. Мөн үерийн далан дээр амьдарч байгаа 7000 айлыг нүүлгэчихсэн бол тэд борооны бараа харахаараа л онцгойг дуудаж сандрахгүй байлаа. Ялангуяа Дарь эх, Замын цагдаагийн газрын замууд борооны дараа иргэдийг машинтай нь усанд “сэлүүлдгээрээ” алдартай. Их усанд бол хүүхэд, хөгшид эндэхийг ч үгүйсгэх газаргүй. Ийнхүү бороо орох болгонд хоригдсоор байх уу. Тиймээс Улаанбаатар хотдоо усны хамгаалалт хийх ажлыг зам, барилгын компаниуд, Хотын удирдагууд цаашлаад Засгийн газрын төвшинд ярьж дорвитой ажил хийх цаг иржээ. Цаашид ч Улаанбаатар болон ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо үргэлжлэн орохыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.

 

 

С.УЯНГА /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих