“Б.Гарамгайбаатараас уучлал гуйсан”

УИХ-ын гишүүн Б.ГарамгайбаатарУИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын гар утас руу “заналхийлсэн” мессеж явуулсан иргэн Э-г Тагнуулын ерөнхий газрын мөрдөгчид шалгаад хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ. Түүнтэй уулзаж зарим зүйлийг тодруулав. Тэрээр нэрээ олон нийтэд ил зарлахгүй хүсээгүй учраас бүтэн нэрийг нь нууцаллаа.

-Б.Гарамгайбаатар гишүүн рүү юуны учир амь насанд нь заналхийлсэн мессеж илгээх болов. Та Б.Гарамгайбаатар гишүүнийг таньдаг байсан юм уу. Эсвэл Газрын тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ тэгж илэрхийлэв үү?

-Таньж мэдэхгүй, өмнө нь харж ч байгаагүй.

Тэр өдөр Facebook руу орсон чинь Газрын тухай хуулийн төслийг эсэргүүцсэн иргэдийн хараал хэлсэн постууд байсан. Би ч энэ хуулийн төслийн талаар жаахан бухимдалтай явж байсан болохоор юу ч бодолгүй тэр постон дээр тавигдсан утасны дугаар руу мессеж бичсэн юм. Тэгсэн хоёр хоногийн дараа ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс дуудсан.

-Мессеж бичиж байхдаа дараа нь ямар нэгэн асуудалд орох вий гэж болгоомжлоогүй хэрэг үү?

-Үнэхээр юу ч бодоогүй. Хэрэв би хуулийн байгууллагад шалгагдана гэдгээ мэдэж байсан бол юу гэж өөрийнхөө нэр дээр байдаг гар утсаараа мессеж бичих билээ. Ямар нэгэн санаа агуулсан бол тийм гэнэн зүйл хийхгүй байсан шүү дээ.

-Тагнуулынхан таныг шалгаад хэрэгсэхгүй болгосон гэсэн үү?

-Намайг гишүүнийг санаатайгаар заналхийгээгүй юм байна гэдгийг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон. Гишүүн ч гомдлоо татаж авсан юм билээ. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн. Харин хэргийг шалгах явцад намайг цагдан хоригдсон гэдэг ташаа мэдээлэл цацагдсаныг гайхаад байгаа. Миний хувьд хоригдсон зүйл байхгүй. Байцаалтаа гадуур өгөөд л явж байсан. Б.Гарамгайбаатар гишүүнээс албан ёсоор бичгээр уучлал гуйсан. Хараалын үгтэй мессеж бичсэндээ дахин уучлал гуйж байна.

-Ер нь мөрдөн байцаах явцад байцаагч чинь танд ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн үү?

-Байцаагчийн хувьд ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй. Хууль тогтоомжинд заасан эрх, үүргийнхээ дагуу намайг байцааж, гишүүний амь насанд халдахаар заналхийгээгүй гэдгийг шалгаж тогтоосонд баяртай байгаа.

Д.БОЛОР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих