Барилгын салбарынханд хатуухан хариуцлага тооцооч

4c672fd39792ecf0original“Барилга дээрээс гурван хүн унаж нас барлаа” гэсэн таагүй мэдээ амралтын өдөр хүмүүсийн сэтгэлийг сэрдхийлгэв.

Чингэлтэй дүүргийн IV хороонд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Нийслэл өргөө” компанийн барьж буй нийгмийн хамгааллын салбарын архивын барилга дээрээс бямба гаригийн 05:00 цагийн үед 13 давхрынх нь цахилгаан шатыг засч байсан гурван ажилтан унаж, хоёр нь газар дээрээ, нэг нь эмнэлгийн тусламж авсан ч амьд үлдэж чадсангүй. Өнгөрсөн жил барилгын салбарынхны мэнгэ нь голлосон юм шиг хэд хэдэн осол гарч, олон хүн амиа алдаж байсан.

     Тухайн үед осол гэмтлийг бууруулна, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулна гээд л сүржин ярьж байсхийгээд л шалгалт явуулж байна хэмээн мэдээлдэг байлаа. Харин 2014 он гарсаар барилга тойрсон дуулиан намжаад байв. Гэтэл өнгөрсөн амралтын өдөр гарсан осол хүмүүсийн зүрхэнд дахиад л шар ус хурууллаа. Түрүү жилд гарсан ослууд барилгын салбарынханд цочроо өгсөн хэмээн найдаж байсан ч тийм биш бололтой. Гурвын гурван хүний алтан амь хэдхэн давхар барилгын үнээр үнэлэгдэв. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг уландаа гишгэсэн барилгын салбарынхан хэдэн хүний амиар тоглож байж сэхээ авах бол. Өнгөрсөн жилд гарсан ослууд энэ салбарынханд сургамж өгсөнгүй. Цэвэр усны шугам, намагтай газар гээд үлдээхгүй барилга барьдаг болсон. Бид манай улсад барилгын салбарын хөгжлийн үе ирсэн хэмээн ярьдаг ч яг үнэндээ тийм биш ажээ. Барилгын чанар, стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдал гээд бүх талаараа тааруу үнэлгээ авдаг нь нууц биш. Ердөө хүүхдийн тоглоом шиг өрж сурснаас хэтрэхгүй. Шинэ барьсан барилгуудынх нь хана цуурч, шат нь эмтэрч, шал нь цөмөрсөн, өвөл цанатаад тав тух алдуулдаг гээд сайнаас илүү саар мэдээлэл байсхийгээд л чих дэлсдэг.

     Сүүлийн таван жилд нийслэлд нийт 1033 үйлдвэрлэлийн осол гарснаас 26.3 хувь буюу 272 нь барилгын салбарт гарч, ослын улмаас 109 хүн нас барж, 98 хүн хүндээр бэртэж гэмтсэн байна. Нийт бүртгэгдсэн 1033 үйлдвэрлэлийн ослын улмаас 237 хүн нас барсны 45.9 хувь буюу 109 нь барилгын салбарт гарсан осол болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар бүртгэгдсэн байдаг. Гэтэл эх орны дайны жилүүдэд ч ийм хэмжээний хүн амиа алдаж байгаагүй гээд хэлчихвэл   буруудахгүй болов уу. Барилгын компаниудынхны хэнэггүй зангаас болж хүний амь сүйдчихээд байхад төр засаг нь дүлий мэт сууж байдаг газар Монголоос өөр байхгүй биз.

     “Тэнгис” кинотеатрын баруун урд барьж байсан барилгаас төмөр унаж оюутан залуугийн амь хохирсон. Есдүгээр сарын 1-нд хичээлдээ явж байсан 12 настай охин машинд сууж яваад барилгаас унасан төмөрт цохиулж амиа алдсан харамсалтай хэргүүдийг одоо хэр нь бүрэн гүйцэт шийдвэрлээгүй байгаа. Хүний амь хохирчихоод байхад буруутай этгээдүүдэд хэтэрхий бага ял оноодог нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлдэг. Үнэндээ барилгын салбарынхны хайхрамжгүй, бэртэгчин байдлаас болж жирийн иргэд, барилгачдын амь хохирч байна. Иймээс барилгын салбарынханд хатуухан хариудлага тооцох цаг болжээ. Төр засаг хэдий болтол барилгын салбарынхныг өөгшүүлж суух вэ. Гуравхан сая иргэнтэй улсад нэг хүний амь хохироход л том гарз болох учиртайсан. Гэвч хүний амийг юман чинээнд тоодоггүй нь харамсалтай. Энэ жилийн баяр наадмаар л гэхэд 20 гаруй хүн амиа алдсан мэдээллийг ЦЕГ-аас өгч байсан. Уг нь улсын баялаг иргэд нь байх ёстой. Харин манайд хүний амь үнэ цэнэгүй болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих