ТОСК байгуулсан ч тоосгоны үнэ тэнгэрт хадав

7-24-4Нийслэлийн хүн ам 1.3 сая. Тэдний 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Тэр хэрээрээ нийслэлчүүд өвөлдөө утаанд, зунд хөрсний бохирдолтод нэрвүүлсээр олон жил болж байна. Эдгээр аюулаас мултрах гол арга нь гэр хорооллыг орон сууцжуулах. Тиймээс төрөөс бодлогын хэмжээнд элдэв төсөл хөтөлбөр боловсруулснаа хэрэгжүүлээд бас л хэдэн жилийн нүүр үзэв.

ОРОН СУУЦНЫ ҮНЭ БУУРЧ БАРИЛГЫН МАТЕРИАЛЫНХ ӨСӨВ

Сүүлийн хоёр жилд орон сууцжуулах ажил нэлээд эрчимтэй өрнөсөн. Үүнтэй зэрэгцэн хэд, хэдэн төсөл хэрэгжиж буй. Түүний нэг нь ТОСК буюу Төрийн орон сууцны корпораци байгуулсан явдал юм.

Төр 100 сая ам.дол­ларын хөрөнгө гар­гаж, Орон сууцны санхүү­жил­­тийн корпорацийн суурь дээр ТОСК-ийг байгуулсан. “Буянт-Ухаа” 1, 2 хорооллыг босгон дундаж орлоготой иргэдэд найман хувийн зээлээр, хямд орон сууцаар хангах ажлыг тэд хариуцаж буй. Цалинтай, 30 хувийн урьдчилгаа төлсөн иргэд энэ зээлд хамрагдах боломжтой гэх. Гэвч өдгөөг хүртэл нэг ч хүн тэрхүү үзмэрийн байранд орж амьдарсангүй. Хэдийгээр уг хороололд амьдрахаар 1540 хүн сугалаанд хожсон ч өгсөх шат нь хэт өндөр байжээ. Энэ хугацаанд орон сууцны үнэ бага зэрэг буурсан ч барилгын материалын үнэ өсөв.

 

ЮАНИЙН ӨСӨЛТӨД ДӨРӨӨЛСӨН ХӨӨРӨГДӨЛ

Өнгөрсөн сарын байдлаар эх орны үйлдвэрийн вакуум цонхны нэг ам метрийн дундаж үнэ 23 мянган төгрөгөөр, нэг шоо метр шалны банз 20 мянгаар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байв. Ийнхүү тоосго, будаг, обой гээд барилгын материалын үнэ өсч буй аж. 100 айл дахь барилгын дэлгүүрийн худалдагч Б.Энхмөнх “Монголчууд нэгэнт барилгын материалаа өөрсдөө хийж чадахгүйгээс хойш яалтай вэ. Хүнийг бодож байгаа нь энэ гээд өөрөө хоосон сууж болохгүй. Ирэхдээ нэмэгдээд ирсэн барааг яах ч аргагүй” гэв. Сүүлийн хэдэн сард барилгын материалын үнэ тогтвортой байсан тухай худалдаачид хэлж байлаа. Харин өнгөрсөн сараас бага зэрэг өсч буй гэв. Чингэлтэй дүүргийн иргэн Н.Чимгээ “Байшиндаа засвар хийж байгаа юм. Цемент, тоосго, төмрийн будаг авч байна. Үнэ нь 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн байна” гэв. Худалдаачдын хэлж буйгаар юань өсч байгаа учраас барааны үнэ нэмэгдэнэ. Биднээс шалтгаалах зүйл байх хэмээн тайлбарлаж байлаа. 100 айл худалдааны төвөөс авалгүй шууд Хятадын компанитай гэрээ байгуулсан үйлдвэр юань өссөн ч ашгаа алдахгүй байх боломжтой гэнэ. Харин ингэж ажилладаг цөөхөн хувь хүн, байгууллага байдаг аж. Баянгол дүүргийн иргэн П.Бадам “Хятад компанитай шууд гэрээ хийсэн. Жилдээ хоёр, гурван мянгаар нэмэгдэж ирдэг юань өсөх болгонд ханшаа нэмдэггүй” гэв. Ийнхүү хөтөлбөр боловсруулж, нүсэр аппаратаар ажилласан ч бид барилгын материалын үнэд дарлуулав. Харин тэрхүү үнийн өсөлтийн буруутан нь валютын ханш гэдгийг албаныхан онцоллоо. Орон сууцны борлуулалтаа хийж чадахгүй будилж суугаа тэднийг үргүй зардал гаргагсад гэх үү, үр бүтээлтэй ажиллагсад гэх үү.

 

БУДЛИУ ТОСК-ИЙН АРААР МАТЕРИАЛЫН ҮНЭ ӨСӨВ

Ийнхүү хөтөлбөр боловсруулж зохицуулах газрыг нь байгуулсан ч яаж ч чадсангүй. Хэдийгээр үнийг тогтвортой байлгахын төлөө ажиллах, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэхийн тулд зохицуулалт хийх хэрэгтэй байгаа ч тэд чадахгүй байгаад иргэд бухимдаж буйгаа илэрхийлсээр байгаа. Арилжааны банктайгаа тохиролцож чадалгүй, иргэдээ хөлдөө чирсэн “Буянт-Ухаа-1”-ийн сугалааг дахин явуулах тов гарчээ. ТОСК-ийнхан хямд өртөгтэй гэх орон сууцаа хуваарилах ухаанаа олохгүй будилж суух зуур барилгын материалын үнэ тэнгэрт хадав.

 

 

С.ХОНГОРЗУЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.