Канад, Япон, Хятад гурав Засгийн газрыг биш Монголын эдийн засгийг аварна гэсэн шүү
Үлдсэн 20 гаруй хоногийн дотор яаж эдийн засгаа эрчимжүүлэх Засгийн газар вэ гээд гайхаж байтал наадамлаад л, ой тэмдэглээд л яваад байх юм. Гэтэл Ерөнхийлөгч өмнөөс нь “ичсэндээ” Японд айлчлал хийв. Сү.Батболдын Засгийн газрын үед 17.5 хувийн өсөлттэй Японы томоохо банк, корпорациудын нэр хүндтэй боссуудыг нэрийн хуудсыг нь бариулаад урдаа жагсааж байсан сайхан цаг ард хоцорсон. Энэ удаад арван хувийн өсөлтийг нь буруу бодлогоосоо болж залгичихаад 7.5 хувийн эдийн засгийн өсөлттэй хэмээн нүүр тулах нь хэлэлцээр хийж буй манай төлөөлөгчдөд амаргүй л байан байх. Гэвч Монгол бол Японы хувьд онцгой түнш учир боломжийн хэрээр тусламжийн гараа сунгах гэж оролдлоо.
Хөршүүдийн тухайд Оросууд “Халхголд уулзталаа тэс” гэв. Тэднээс манай хүсэх зүйл нь шатахууны үнээ боломжтой болохоороо өгье гэж “луу унжих” хүсэлт буй. Харин Хятадын тал “гэрийн даалгавар”-аа хийсэн бол барьцаа лавшруулах боломжтой гэсэн бололтой. Гэрийн даалгаврын биелэлт ерөнхийдөө 50 хувьтай гэж хэлж болно.
Гэтэл Канадын Гадаад хэргийн сайд айлчлан ирж горьдлого төрүүлэв. Оюутолгойн хөрөнгө оруулагчид манай Засгийн газрыг олон улсын шүүхэд өгчихөөд байгаа болохоор тэндээс хүсэх мөнгө “зүүд” болж хувирсан. Гэвч өвөг дээдсийн үлдээсэн их баялаг тэднийг манай улсыг дахин сонирхоход хүргэсэн бололтой. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль, Газрын тосны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд, гадаадын хөрөнгө оруулагчдад үүдээ нээсэн зэрэг нь доллараас их юмгүй шонхоруудыг “Алт сандайлсан гуйлгачингууд”-ын оронд саатахыг даллан дуудав бололтой.
Зээлжих зэрэглэл тогтоодог “Moody’s” манай улсын Хөгжлийн банкны зэрэглэлийг нэг түвшнээр бууруулж BB болгосон. Хэнийг өмнөөс “могой бариад”, олон улсын нэр хүндтэй банкуудаас ямар зорилгоор авсан мөнгөө хэрхэн зарцуулаад байгаа зэрэг нь дээрх өөрчлөлтөд нөлөөлсөн нь тодорхой.
Арбитрын шүүхэд өгсөн Оюутолгойгоос мөнгө горьдох хэрэггүй. Япончуудын хувьд ТЭЗҮ нь тодорхой зарим төсөлд хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн байж болзошгүй боловч нягт нямбай чанар нь хаачихав, ямартай ч ойрын үед хөрөнгө оруулалт хийхгүй биз ээ. Харин буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл хэлбэрээр дансанд нь хийж өгөөд буцаах бол өөр асуудал. Гэсэн ч энэ ондоо багасгах боломжгүй инфляцийг бууруулах бус ам.долларын ханшийг тогтворжуулахад нөлөөлөх зорилгод илүү ойр тусах биз ээ.
Дэлхийн банк, ОУВС өнөөх л “бодлогын хүү чангал” гэх зөвлөгөөгөө өгч буй ч УИХ ажлаа сайн хийгээгүй, төсвөөс танахаар төлөвлөсөн зардлыг талыг нь чадан ядан танасан. Тиймээс тэдэнд “Монголбанкны удирдлагатай хариуцлага тооц” гэж хашхирах эрх бүрэн дүүрэн үгүй. Учир нь төсвөө тодотгохдоо зардлаа танаж чадаагүй, Өрийн удирдлагын тухай хуулиа баталж өгөөгүй. Зөвхөн энэ хоёр ажлыг л хийчихсэн болУИХ Монголбанктай хариуцлага ярьж болох байв.
Одоо бидэнд Хятадууд яавал сул мөнгө асгах бол гэдгийг хүлээх үлдэв бололтой. Гэхдээ “Чалко арга”-аар авбал эцэстээ зовно. Тэгснээс ажлын байруудаа алдаад, бүсээ чангалаад хүлээж байя. Эсвэл оросуудаас шатахууны мөнгийг чинь баяжихаараа өгье гэж “луу унжиж” болно. “Хэзээ ч баяжих билээ” гэсээр урд хөршийн том дарга нарын инээд хүрэх л байх. Харин тэр “Sinopes” нэртэй, нүүрс хийжүүлэх Монгол, Хятадын хамтарсан төрийн өмчит компани байгуулах гэгчээр дамжиж наанадаж 30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт таатай дуулдаж буй ч болгоомжлоход илүүдэхгүй. Манай эдийн засгийг аврах уу, Засгийн газрыг атгах уу гэсэн л утгаар хөрөнгө оруулалт хийдэг хөрш шүү дээ. Хятадын төрийн тэргүүн Си Жиньпин өөрөө ирж энэ төслийг ярьж байгаа нь ч учиртай.
Тэгэхээр Засгийн газрыг 100 хоногт эдийн засгаа эрчимжүүлнэ гэсэн яалаа гэж ам асуухын цаана яарч сандраад гоомой гэрээ хийж үндэсний аюулгүй байдлаа тавиад туучихгүй байгаасай л гэж найдъя. Хамгийн гол нь хоёр хөрш болон Япон, Канад түншүүдийн яриа хэлэлцээ бүхэн өөр өөрийн орны эрх ашиг, эдийн засгийг ч бас хамгаалж байгаа, тэгээд ч манай эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх боломжоо ярьсан болохоос Засгийн газрыг чинь аваръя гэж амлаагүй гэдгийг бүү март! Хэрэв “Засгийн газрыг чинь 100 хоногт нь багтаагаад аваръя гэсэн” утгатай найрсаг яриа өрнүүлбэл тэр улсаас айх хэрэгтэй.
С.Чулуун
zaluu.com
URL: