Үнэтэйдэв үү, үнэгүйдүүлэх гээд байна уу?

7-29-1Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд ашиглалтад ороход бэлэн болсон нэгэн саарал барилга бий.

Энэ бол Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор юм. Ажлын гүйцэтгэл нь 80 хувьд хүрээд байтал өнгөрөгч хоёрдугаар сард буруу байршилтай, хуучин байраасаа бага талбайтай гэсэн шалтгаанаар Засгийн газраас хувьчлах тогтоол гаргасан. Үүний дагуу Төрийн өмчийн хорооноос өнгөрсөн хоёрдугаар сарын 21-нд тус барилгыг дуудлага худалдаагаар худалдах зар тавьснаас хойш өдгөө таван сарын хугацаа өнгөрөөд байна. Энэ хугацаанд барилгын дуудлага худалдааг таван удаа товлосон ч нэг нь ч амжилт олоогүй. Тагнуулын төв байрны цогцолбор уг нь барилгын салбарынхан хошуураад гүймээр байрлалтай. Эзэмшлийн газар нь 1.5 га бөгөөд нийт зургаан корпус барилгатай, 150 машины гарааштай. Түүгээр зогсохгүй цахилгаан, дулаан, цэвэр бохир усны зэрэг инженерийн шугам сүлжээ нь ямар ч асуудалгүй гээд байгаа. Хамгийн гол нь Тагнуулын ерөнхий газрынх гэж барьсан болохоор чанар гэж янзтай байж таарна. Гэтэл авах хүн олдохгүй байгаа нь асуулт дагуулж байгаа юм.

Анх 2014 оны хоёрдугаар сарын 21-нд 13.5 тэрбум төгрөгөөс дуудаж эхлэхээр тохирчээ. Энэ үнэд барихаар эхний гурван удаагийн дуудлага худалдааг зохион байгуулсан ч ганц ч санал ирээгүй учир 10.8 тэрбум төгрөг болгон бууруулсан.

Ингээд дөрөв дэх дуудлага худалдааг зохион байгуулсан ч мөн л оролцогчид ирээгүй гэсэн шалтгаанаар бүтэлгүйтэв. Хамгийн сүүлд өнгөрсөн долоо хоногт тав дахь удаагаа дахин дуудахаар болов. Бас л бүтсэнгүй. Төрийн өмчийн хорооноос үүнийг үнийн дүнтэй холбон тайлбарлаж байгаа юм. Тиймээс дараагийн  дуудлага худалдаанд анхны үнийг бууруулах саналыг ТЕГ-т тавихад татгалзсан сурагтай. Тиймээс тагнуулын гэх энэ барилгын үнэ үнэхээр өндөр байна уу, эсвэл үнийг нь бууруулахаар зохион байгуулалт хийгээд байна уу гэж эргэлзэхэд хүрээд байна.

 

Б.ЗАЯА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих