Иргэдэд газар эзэмшүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ

6bd579ab-ac04-4b08-bd70-c57d99527c79Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд харъяалагдах нийт 15309 га газар бүхий 52 байршилд иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн газар шинээр өмчлүүлэхээр шийдвэрлэсэн.

Иргэдэд өмчлүүлэхээр шийдвэрлэсэн газруудад нийслэлд бүртгэлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлөх эрхийн нэгж талбарын байршил сонгох буюу газар шинээр өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж шаардлагатай бэлтгэл ажлуудыг хийж дуусчээ.

Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэх ажлыг цахим хэлбэрээр зохион байгуулснаар мэдээллийн нээлттэй, ил тод байдал бий болох, иргэдийн эрх тэгш байдал хангагдах, гадаад сурч, ажиллаж байгаа иргэд хамрагдах боломжтой зэрэг олон давуу талтай болно гэж үзэж байгаа аж.

Ийнхүү эхний ээлжинд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хожуулын ам, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Соёондын ам,  Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хороонд байрлах Эрдэнэтолгой, Багануур дүүргийн 4 дүгээр хороо Тариан булагийн нэгдүгээр хэсэг, Баганхангай дүүргийн хоёр дугаар хороо Бор-Үзүүр гэсэн таван байршилд ирэх сарын 1-нээс эхлэн цахим системийг ашиглан газар өмчлөлийн ажлыг зохион байгуулахаар болсон байна. Үүнд нийт 1524 га газарт 14954 нийслэлд бүртгэлтэй иргэнд газар өмчлүүлэх аж.

Газар өмчлөлийн цахим систем нь өмчийн харилцааны газрын цахим хуудас болох www.umch.ub.gov.mn сайтад байрлах бөгөөд энэ хуудаст хандан газар өмчлөх хүсэлтээ гаргах гэнэ.

Дараах шаардлагыг хангасан иргэн газар өмчлөх хүсэлтгээ цахимаар гаргах юм байна. Тухайлбал, нийслэлд өнгөрсөн оны тавдугаар сарын 30-наас өмнө шилжин ирж, нийслэлийн харъяалалтай болсон, урьд нь нийслэлд болон аймаг, сумдын нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй байх, нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт аваагүй байх зэрэг шаардлагыг тавьж байгаа аж.

Хүсэлт гаргагч иргэнийг систем нь автоматаар дээрх шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардлага хангаагүй нөхцөлд хүсэлтийн маягт бөглөн илгээхээс өмнө “хүсэлт хүлээн авах боломжгүй тухай” хариу өгөх юм байна.


URL:

Сэтгэгдэл бичих