А дарга мэдэж байгаа, Г дарга зохицуулна

алтааМонгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуяг. Энэ хүн хуучин соцдек. Одоо “Алтангадас” фракцын том ах. Ардчилсан намын дарга. “Хаан жимс” амралтын газрын эзэн. Яахын аргагүй түүхэнд үлдэх хүн. Засгаа задална уу, эдийн засгаа хямраасан байна уу, энэ улсыг доройтуулсан зэргээс ч үл хамааран Монголын түүхэнд үлдэнэ. Суудлаасаа буусных нь дараа Төрийн ордны ханан дахь Сү.Батболдын хөргийн дараа түүнийхийг зална. Төр Н.Алтанхуягийг ингэж хүндэлнэ.

Тэр хоёр, гурван ч удаа эхнэр сольжээ. /Уг нь манай сонин ёс зүйн хувьд аливаа хүний хөнжил гудас, хормой хот онголзуулахыг хориглодог. Харин Ерөнхий сайдын өмнөх аль нэг эхнэрээс нь төрсөн А.Саранзаяа гэдэг эмэгтэйн тухай бичих болсон учраас уншигч та ойлгох буй за. Б.Д/ Өмнөх эхнэрээс нь гарсан охидынх нь нэг А.Саранзаяагийн таагүй үйлдэл “олны хүртээл” болоод нэлээд удав. Хүргэн Дэнзэнгийнх нь тухай дуулиан шуугиан наадам найрын наргианд дарагдсан ч залгуулаад А.Саранзаяагийн асуудал босч ирсэн.

А.Саранзаяа “Цэвэр агаар” сангаас 2.2 тэрбум төгрөг туучихсан юм байх. АТГ-ын Б.Амарбат энэ талаар мэдээлснийг бодвол гарцаагүй үнэн байж таарна. Б.Амарбат наадмын өмнө ингэж мэдэгдсэн. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Наадам, амралтыг далимдуулаад ноён Ерөнхий сайд маань охиныхоо хэргийг “аргалчихаж” магад гэж хардах хүн олшров. 2.2 тэрбум төгрөг бага мөнгө биш. Дээрээс нь төсвийн хөрөнгө, та бидний мөнгө шүү дээ.

А.Саранзаяа гэгч хэн болох, яаж тэрхүү 2.2 тэрбум төгрөгийг зувчуулсан, хэрхэн мултрах гэж байсан гээд бүгдийг хэвлэлийнхэн “мэдчихэж”. Бүр баримт, ноттой нь олон удаа хэвлэн нийтэлж байгааг тоймлоё.

… Ийнхүү асар их хөрөнгө мөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа А.Саранзаяа гэж хэн бэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхны эхнэр Л.Ганчимэгтэйгээ ханилж нэг хүү, хоёр охинтой болжээ. А.Саранзаяа тэдний бага охин нь юм байна. Н.Алтанхуяг сайд шинээр амьдрал зохиосон ч анхны эхнэр болон хүүхдүүдээ маш сайн харж үздэг, тэдэндээ Сонгинохайрхан дүүрэгт гурван давхар тансаг зэрэглэлийн хаус барьж өгсөн ажээ. Түүгээр зогсохгүй бага охин А.Саранзаяагаа ажилтай байлгахад ихээхэн анхаарал тавьж ирсэн баримт байна. Эцэстээ тэр их “халамж” нь охиныг нь хууль шүүхийн хаалга татахад хүргэсэн бололтой.

А.Саранзаяа Сангийн яамны Төрийн төлбөр тооцооны мэргэжилтнээр ажилладаг. Тэрээр “Цэвэр агаар” сангийнхны хуурамч төлбөр тооцоог мэддэг, нэг ёсондоо хам хэрэг үйлддэг байсан ажээ. Тэрээр Төрийн санд ажилд орохоосоо өмнө Стандартчилал хэмжил зүйн газарт “ажиллаж” байсан юм байна. Энд хашилт хэрэглэсний учир нь А.Саранзаяа тус агентлагт нэг ч өдөр ажиллаагүй. Зүгээр л тушаал гаргуулан ажилд орж, тушаал гаргуулан гачигдлын улмаас гэсэн шалтгаанаар чөлөө авч, улмаар түүнийгээ амаржсаны чөлөө болгуулжээ. Энэ бүхэнд тухайн үед Тэргүүн Шадар сайд байсан аав нь шууд нөлөөлж, ногоон гэрэл асааж өгсөн байна. Баримт түшье.

 

БАРИМТ-1

2009 он. Н.Алтанхуяг Тэргүүн Шадар сайд байхдаа өөрийн шууд мэдлийн агентлагийн нэг болох Стандартчилал хэмжил зүйн газрын даргыг ямар нэгэн үндэслэлгүйгээр ажлаас  нь чөлөөлж, оронд нь өөртэй нь хамт Сонгинохайрхан дүүрэгт УИХ-ын сонгуульд нэр дэвшээд унасан Г.Энхтайваныг түр томилжээ.

2010 он. Н.Алтанхуяг найздаа албан тушаалын бялуу хүртээснийхээ хариуд охиноо Стандартчилал хэмжил зүйн газарт ажилд оруулжээ. Тус газрын Стратегийн удирдлага, төрийн захиргааны хэлтсийн Санхүү, аж ахуйн албанд хангамжийн инженерээр Алтанхуяг овогтой Саранзаяаг 2010 оны тавдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилсугай хэмээсэн тушаал гарсан байна.

 

БАРИМТ-2

Дээрх тушаал гарснаас 11 хоногийн дараа буюу 2010 он тавдугаар сарын 17-нд А.Саранзаяагийн эмээгийн бие муудаж асран халамжлах шаарлагатай болж хүсэлтээ гаргасан учир тавдугаар сарын 12-ноос эхлэн 21 хоногийн цалингүй чөлөө олгосугай гэсэн тушаалыг Н.Алтанхуяг сайдын найз Г.Энхтайван мутарлажээ. Гэтэл хэрэг дээрээ эмээгээ асрах шалтгаанаар чөлөө авсан А.Саранзаяа нь жирэмсэн байсан бөгөөд уг тушаал гарахын өмнөх өдөр буюу тавдугаар сарын 16-нд амаржсан байжээ.

 

БАРИМТ-3

Нэг удаа худлаа хэлэхэд дахин хэдэн арван удаа худлаа хэлэх шаардлагатай болдог гэдэг үг бий. Стандартчилал хэмжил зүйн газрын үүрэг гүйцэтгэгч Г.Энхтайван хуурамч тушаал гарган Тэргүүн Шадар сайд найзынхаа өнөө маргаашгүй амаржих шахсан охиныг ажилд авснаас болж гурав дахь хуурамч /хууль бус/ тушаалаа гаргахаас өөр аргагүй болжээ.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Тэргүүн Шадар сайд байхдаа ийнхүү төрсөн охиноо төрийн агентлагт хууль бусаар ажилд оруулж байсан бол Ерөнхий сайд болмогцоо охиныхоо ажил, албан тушаалыг эрс дээшлүүлэн Сангийн яамны Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн болгосон нь аав хүний халамж гэхээс илүү албан тушаалаа ашиглан ашиг хонжоо олох гэсэн алсын хараа байжээ. Ойрын эх сурвалжаас авсан мэдээллээр А.Саранзаяа 2010 онд хүүхэд төрүүлснээс хойш дахин төрөөгүй. Тиймээс “Цэвэр агаар” сангийн хэрэгт холбогдсон ч байцаалт өгөх, шүүх хуралд суухаас зайлсхийж нялх хүүхэдтэй гэдэг шалтаг хэлж байгаа нь үндэслэлгүй бололтой. Ард түмэнд хардах эрх бий. Энэ эрхийнхээ хүрээнд хэлэхэд Ерөнхий сайдын охин улсын их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон ч аавынхаа нөлөөгөөр сугарч үлдэх арга саам хийж байна уу гэх хардлага төрж байна. ..

Эх сурвалж: Г.Ууганбаатар  mongolic.mn

 

… А.Саранзаяа шалгагдаж байгаа гэдгийг ч АТГ-аас өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт баталлаа. А.Саранзаяа яаж хэргээс мултарч үлдээд, ямар учраас одоо гэнэт гараад ирэв гэдэг бас л сонин. Хэрвээ М.Хулангийн ах нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дэлгэрэнгүй ярилцлага өгч, хэргийн учир начрыг тайлбарлаагүйсэн бол А.Саранзаяа гэх мэргэжилтний хэрэг дарагдаад өнгөрөх байсан юм биш байгаа.

М.Хулангийн ах М.Цолмон нь Өдрийн сонины 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдрийн дугаарт өгсөн ярилцагаараа хэд хэдэн ноцтой баримтыг дурдсан байдаг. Тэрээр хэлэхдээ “Үнэндээ Цэцгээ “Төрийн санд найдвартай хүн байгаа. Олон юм асуухгүй мөнгө шилжүүлчихнэ. Тийшээ оч” гэж зааж өгдөг байж. Төрийн сангийн төлбөр тооцоо хийдэг хүн нь А.Саранзаяа гэдэг хүн байсан. Түүнийг нялх хүүхэдтэй гэх үндэслэлээр “Цэвэр агаар” сангийнхны хэргээс тусгаарласан байна лээ. Гэтэл тэр хүн нь Н.Алтанхуягийн охин гэдгийг шүүх хурал дээр мэдэж байгаа юм. Том хүний охин болохоор хэргийг нь тусгаарласан юм уу, мэдэхгүй байна. Миний ойлгосноор энэ хэрэг эхнээсээ л зохион байгуулалттай юм билээ. Дүүг минь ятгаж ажилд оруулсан нь ч зорилготой байж. Гарын доор байх хүн хайж байж л дээ. Ерөөсөө л “А” дарга мэдэж байгаа, “Г” дарга зохицуулна. Битгий ай гэдэг байсан гэсэн. Дээрээсээ хамгаалалттай, тэр мэднэ, энэ зохицуулна гээд байхаар хүн айхаа больчихдог юм байж. Тухайлбал, 2011 оны санхүүгийн шалгалтыг асуудалгүй аргалах үүргийг Д.Цэцгээ хүлээсэн байгаа юм. Үнэхээр ч шалгалтаар ямар ч асуудал гараагүй болохоор М.Хулан тайвширчихсан бололтой.

Эх сурвалж: Н.Чинзориг tsag.mn

 

Баримт нь энэ. Нарийн мэдээллүүд ч нэлээд байдаг аж. Хэрэг явдал хэрхэн төгссөнөөс үл шалтгаалан А.Саранзаяагийн энэхүү үйлдэл нь бас л Монголын түүхэнд бичигдэнэ. Гэхдээ тааруухнаар. Монгол Улсын Ерөнхий сайдуудын түүхэнд албан тушаалаа ашиглан охиноо ажилд оруулж, охин нь түмний мөнгөнөөс цохичихоод АТГ-аар шалгуулж байсан түүх үгүй ажээ. Тэр утгаараа А.Саранзаяа нь Монголын түүхэн дэх хар толбоны эзэн болж байгаа юм. Учир нь А.Саранзаяа бол зүгээр нэг иргэн Н.Алтанхуягийн охин бус Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн охин.  Энэ утгаараа өнөөдөр Монгол Улсад хууль хэрхэн мөрдөгдөж байгаа, хуулийн байгууллага чин үнэнчээр ажиллаж байна уу гэдгийн “тест” нь Ерөнхий сайдын хэрэгт холбогдоод байгаа охин А.Саранзаяа болж байгаа юм.

 

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих