“Bank of China” -ийн төлөөлөгчийн газраар дамжуулан 40 компани гурван тэрбум ам.долларын зээл хүсчээ

257d9596-1c0e-4a29-b04c-b4e6d5d40ea2“Bank of China”  манайд  төлөөлөгчийн газраа нээгээд багагүй хугацаа өнгөрч байна. Хятадын банкны салбар Монголд нээгдэх нь гэх сургаар Монголын  банкны салбарыг “унагах” аюултай, банкны салбарын зах зээлийг дотроос нь мэрж дампууруулна гэх мэтээр хардах хүн багагүй байв.

 

Эл компани төлөөлөгчийн газраараа дамжуулан Монголын компаниудыг Хятадын банкны салбаруудтай зуучлах ажлыг хийх юм.

Өөрөөр хэлбэл, хуульд  гадаадын банкны төлөөлөгчийн газар нь санхүүгийн шууд үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн гэрээ хэлцэл хийх, мэдээллээр хангах үүрэг бүхий салбар гэж заасныг мөрдөж ажиллана.

 

“Bank of China”-гийн төлөөлөгчийн газраас манай талын банкинд ямар ч эрсдэл учруулахгүй, харин ч хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг албан ёсоор хэлсэн.

 

Төлөөлөгчийн газраа нээснээс хойш  манай улсын 40 орчим компани гурван тэрбум ам.долларын зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Манай компаниуд Хятадын банкнаас зээл авах гэж хошуурах болсон нь зээлийн хүү  нь Монголын арилжааны банкуудын дундаж хүүнээс хавьгүй доогуур тогтоосонтой холбоотой юм.

 

Өнгөрсөн хугацаанд төлөөлөгчийн газраараа дамжуулан  “Bank of China” Хонконг дахь салбараараа 350 сая ам.долларын зээл своп хэлцлийг Худалдаа хөгжлийн банкинд хийж өгсөн гэх мэдээллийг Төв банкнаас өглөө.

Мөн Туушин группт шинээр салбараа барихад зориулж 25,1 сая ам.долларын зээлийг олгосон байна.

 

Хятадын банкны төлөөлөгчийн газраас гадна манай улсад  Европын сэргээн босголт, хөгжлийн банк, “Standard Chartered”,  ING, Японы “Sumitomo Mitsui Banking Corporation” “Tokyo Mitsubishi” зэрэг гадны банкуудын  төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулдаг.

 

Дээрх банкуудын  төлөөлөгчийн газраар дамжуулж манай Улсад 200 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа аж.

Энэ нь манай орны гадаадын шууд хөрөнгө оруулалтад нааштай үр дүнг үзүүлж байгаа юм.

 

Хятадын банкны тухайд манай орны уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой гэдгээ илэрхийлжээ.

Одоогоор төлөөлөгчийн газраа салбар болгон өргөжүүлэх хүсэлт ирүүлээгүй байгаа гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих