Тагнуул гэдэг ийм газар уу

тагнаалМонгол Улсын Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга асан Д.Цогтбаатарыг АТГ-аас баривчилж хорилоо, түүний эхнэр Ерөнхий прокурорт хандлаа, эсвэл захидал бичлээ… гэх мэдээллүүд тасрахаа болив.

Байсгээд л иймэрхүү утгатай мэдээлэл сонины хуудас, телевизийн эфирийг чимээд гараад ирэх.

Хэдэн жилийн өмнө эрхэм гишүүн Л.Гүндалай ноён сайд Ц.Нямдоржийг “Тагнуул” гэж цоллоод балрахаа шахсан. Хариуд нь Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Ж.Баатарыг шоронд ял эдлүүлээд өнгөрч байв. Сүүлд Ж.Баатар генерал “Уг нь Хятадын тагнуулыг илрүүлсэн гэж намайг буруутгаж байгаа бол шийтгэх биш шагнах ёстой байсан юм шүү дээ. Би чинь Монголын Тагнуулын дарга байсан. Монголд байгаа Хятадын тагнуулыг илрүүлсэн бол тэр чинь гавьяа биз дээ” гэж учирлаж байлаа. Тэр үед тагнуулын байгууллага баларсан зуларснаараа дуудуулан сүйд болж байсныг санаж байна.

Харин тэгвэл сүүлийн үед “од” болоод байгаа энэ Д.Цогтбаатар гэдэг дарга асангийн асуудал бас л хөгийн эд байгаа юм. Хэрэгт шалгагдаж байсан герман эрийг хил даваад зугтахад тусалсан гэж Цогтбаатарыг хорьсон гэж байгаа юм. Нөгөөх цагдаа, хилийн тагнуул, хил хамгаалах байгууллагын давхар давхар шалгалт хяналт нь хааччихсан юм. Түүнийг гэмт хэрэг хийхээс нь өмнө таслан зогсоох ёстой хүчний гэдэг тодотголтой олон байгууллага нь юу хийж байв аа. Тагнуулын байгууллага өөрөө “но”-той цоорхой ихтэй гэдгийг Д.Цогтбаатар хурандаа дахин нотлон харуулав.

Ер нь манай тагнуулын байгууллага гэж лойчихсон газар. Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатарын өрөөнд тавьсан чагнах, тагнах төхөөрөмж нь илэрч “онигоо” болоод л. Бүр арваад жилийн өмнө С.Зориг агсны гэрт тавьсан чагнах төхөөрөмж нь унаад ирж байсан гэдэг тэр үеийнхээсээ урагшилж хөгжсөн юм байхгүй хэвээрээ байгаа нь төрийн нарийны өрөөнөөс гарсан төхөөрөмжөөр дахин батлагдав.

Сүүлийн хэдэн жилд илрүүлсэн хамгийн том хэрэг нь Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар руу мессэж илгээсэн этгээдийг илрүүлэн баривчилсан явдал бололтой юм.

Хамгийн гол нь улсын нууц, зөвхөн гэмт хэрэг гэлтгүй улсын хөгжил, сайн сайханд ч тагнаж чагнаад хувь нэмрээ оруулах ёстой байгууллага иймхэн юман дээр бүдэрч унаад, тараа таниулаад байх гэж…Уг нь түмэн олон бид чинь хотын төвийн үргэлжилсэн тэр байшинд Монголын нууц тэр чигээрээ багтаж байдаг гэж битүүхэн сүсэглэдэг юм сан. Яг л буяныг гаргахгүй, бузрыг оруулахгүй … гэдэг шиг төмөр мэт чанд газар гэж итгэдэг. Харин тагнуулчид маань арай л биш ээ.

 

 

Б.ДАМДИН-ОЧИР /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.