Ногоо тариалахаар ойн санг сүйтгэжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XXI xopooны нутаг дэвсгэр, ар Гүнтийн ойн сангийн захад 1.2 га орчим газрыг ногоо тариах зорилгоор хагалж сүйтгэсэн зөрчил гарсан. Ойн газрын Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх албаны мэргэжилтэн Н.Пүрэвбатаас шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын талаар тодрууллаа.

-Ойн сангийн захад ногоо тарьж, газрын хөрсийг нь сүйтгэжээ. Энэ талаар тодруулна уу?
-Тухайн газрыг хариуцан ажиллаж байгаа байгаль хамгаалагч О.Алтанбаганын тайлбарласнаар өнгөрөгч тавдугаар сарын 27-ны өдөр эргүүлээр яваад ирэх хойгуур тухайн газарт үл таних хүмүүс ногоо тарих зориулалтаар газар хагалаад явсан байжээ. Харин хагалсан газрын сахиул Д.Сүхээгийн хэлснээр өөрт нь энэ ажлыг н.Сэлэнгээ гэх эмэгтэй санал болгосон гэсэн. Саналын дагуу манаач хийж, талбайн чулуу түүж байсан. Тэрбээр гэрээ байгуулаагүй, цалин ч аваагүй байсан юм билээ. Энэ үйлдлийн талаар нутгийн иргэд ч тодорхой мэдээлэлгүй байсан.

-Энэ нь хууль бус үйлдэл гэдгийг батлаж байгаа юу?
-Ямартай ч, дээрх үйлдэл Байгаль хамгаалал, Ойн, Ус, Газар, Байгалийн ургамлын тухай хуулиудыг ноцтойгоор зөрчсөн юм. Үүнийг хяналт шалгалтын дүнгээр нотлох, дүгнэлт гаргахаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч Ж.Баатарчулуун ажиллаж байна.

-Манай улсын хэмжээнд энэ мэт хохирол учирсан хэчнээн га газар байна вэ?
Манай улсын нийт талбайн 62,5 хувьд нь буюу нийт 4602,4 га талбайд газар хамгаалалтын ямар нэг арга хэмжээ авсан байдаг. Тухайлбал, тариалангийн газрын 112, бэлчээр ба бусад өвслөг ургамал бүхий газрын 4242, хот тосгон бусад суурин газарт 11, ойн сан бүхий газарт 216, усан сан бүхий газарт 14,уурхайн эдэлбэр газарт 4,5 мянган га талбайд газар хамгаалах арга хэмжээ авсан мэдээ байдаг. Газар хамгаалах арга хэмжээний дийлэнх буюу 92,1 хувь нь бэлчээр ба бусад өвслөг ургамалтай газарт хийгдсэн. Ингэхдээ сэлгэн ашиглах, даац тохируулах, хортон мэрэгчдийн хөнөөлтэй тэмцэх, ашиглалтаас чөлөөлөх зэрэг арга хэмжээг асан. Улсын хэмжээнд хохирол учирсан нийт талбайн 62,5 хувьд нь хамгаалалтын ямар нэг арга хэмжээ авсан байдаг юм.

-Газар талхлагдах зөрчил хөдөөд илүү гардаг юм шиг. Орон нутагг энэ чиглэлийн сэргийлэх ажил хийгддэг үү?
-Орон нутагт малчдын төвлөрөл, бэлчээрийн талхагдлыг бууруулах зорилгоор усан хангамжгүй, бэлчээр газруудад худаг, уст цэг, хөв цөөрөм барьсан. Энэ ажилд БОАЖ-ын сайдын багцаас 900 сая төгрөгийг 21 аймгийн 145 булаг хамгаалах, таван хөв барихад зарцуулаад байна. Мөн 19 аймгийн 229 суманд 247, гадаадын төсөл, хөтөлбөрийн хөрөнгөөр 239,- аймаг өөрсдийн хөрөнгөөр 35, инженерийн хийцтэй 518 худаг гаргаж, 536 гар худаг шинээр барьж ашиглалтад орууллаа. Ингэснээр 5300 орчим малчин өрх, 2,9 сая малыг усаар хангагдлаа. Мөн 2150 км шоо талбайд хайгуулын ажил хийж, 500 газарт уст цэг тогтоогоод байна.

М.Мөнхтунгалаг

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих