Монголын Сайтын Холбоо байр сууриа илэрхийллээ

1385661_691702227544552_855889276166521619_nСүүлийн үед вэбсайтуудыг тойрон үүсч буй асуудлуудаар Монголын Сайтын Холбоо байр сууриа илэрхийллээ.

Тус холбоо нь өөрийн гишүүн вэбсайт amjilt.com ыг хууль бусаар хаасантай холбоотойгоор удаа дараа байр сууриа илэрхийлж улстөрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтнүүдийн шууд оролцоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслийг хууль бусаар хааж, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байна гэж үзэж байсан юм.

Монголын улстөрд гарч буй бохир, хууль бус үйлдлийн хар гайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аюул заналхийлэлд

өртөж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрснийг өчигдөр буюу 8 дугаар сарын 6-ны өдөр news.mn мэдээллийн вэбсайтад халдсан халдлага харууллаа гэж Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан онцолсон.

Тэрээр “Энэ өдөр мэдээллийн бүүм болсон. Улстөрийн хүрээллийн, хууль хүчний байгууллагынхантай холбоотой маш олон баримт фактууд нэг өдөр зэрэг дэлгэгдсэн өдөр байсан. Иймээс news.mn болон shuud.mn сайтууд руу халдсан явдал нь эдгээр мэдээлэл, баримтуудтай холбоотой гэж үзэх үндэслэл бий болгож байна. Хэдийгээр вэбсайтын аюулгүй байдлаа хангаж, хамгаалж ажиллах нь редакциудын өөрсдийн үүрэг хариуцлагатай холбоотой ч гэлээ үүнд Засгийн газар, ХХЗХ, тэр бүү хэл Монголын бараг бүх дата мэдээллийн санг хадгалж, хамгаалж буй Үндэсний Дата Төв ч үүнд анхаарч, арга ядахдаа санаа тавьж, чадахгүй бол санаа тавьсан дүр үзүүлэх ёстой” гэж үзэж байна.

Стратеги, үндсэн зорилтуудаараа Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд онцгойлон тусгагдсан мэдээллийн дэд бүтцийг бий болгох, мэдээллийн технологийн аюулгүй байдлыг хангахад анхаарч, энэ талын бүх зохицуулалтыг хийж ажиллах үүрэг бүхий ХХЗХ энэ асуудлыг “Надад падгүй” гэсэн нь вэбсайт эрхлэгчдийн болоод хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн “сэтгэлийг” эмзэглүүллээ. Ерөнхий сайдын 33 хувийг нь эзэмшдэг “Хаан жимс” амралтын газрын бохир цэвэрлэх төхөөрөмж 99 хувь цэвэрлэдэг эсэх дээр ихэд санаа тавьж, нийтлэлийн агуулгыг хянан дүрэх ёсгүй зүйлдээ хөл гараа хээв нэг дүрж явдаг хэрнээ энэ байгууллага яагаад мэдээллийн томоохон вэбсайт хакердуулж, хохирол амсаад байхад редакц руу нь бүгдийг чихээд “хэлгүй Королиа”-гийн дүрд хувирахаар шийдээ вэ?

Туул голын ундарганы эхийг эзэгнэнхэн суучихаад бүх бохироо рекламдаад байгаа төхөөрөмжиндөө найдан Улаанбаатарынхан руу урсгаж байгаа “Хаан жимс” амралтын газрын асуудлыг ганцхан цагийн дотор “Хар жагсаалт”-ндаа “хорьж” шийдэж чаддаг эрх мэдэлтнүүд улс төр, гэмт хэрэгтнүүдийн бохир ажиллагаа үнэртсэн news.mn ий халдлагыг юуны учир эс тоон өнгөрүүлж байна вэ? Энэ бүхний цаана улс төр, хүчний байгууллагынхны зохион байгуулалттай үйлдэл ч нуугдаж байхыг үгүйсгэх аргагүй байна. 2016 оны сонгууль, цааш цаашид болох бүх сонгууль цахим ертөнцөд өрнөх нь тодорхой болсон. Ийм үед иргэдийн мэдэх эрхэд вэбсайтуудыг хакердаж халдах, сонгуулийн “дайн”-ыг цахим талбарт товчлуурын ард өрнүүлэх “аюул” мэдээллийн хэрэгслүүдийг отож буй.

News.mn рүү довтолсон бохир улстөр үнэртүүлсэн энэ халдлага биднийг цааш цаашид отож буй энэ мэт аюулаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтаа эртнээс маш сайн хийж, бэлтгэлтэй байхыг сануулсан явдал боллоо. Монгол улсад хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах, хүний мэдэх, мэдээлэл олж авах эрх, үзэл бодлоо илэрхийлэх язгуур эрхийг хангаж ажиллахын төлөө Монголын Сайтын Холбоо бат зогсож, тууштай ажиллах болно.

МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБОО

2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр


URL:

Сэтгэгдэл бичих