Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дунд хагарал үүсэв үү!

aa0807Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нь “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх явцдаа улсаас их хэмжээний мөнгө самшигдуулсан нь тогтоогдож, Төв аймгийн цагдан хорих төвд саатуулагдаад байгаа билээ. Одоогийн байдлаар түүнийг яллагдагчаар татчихаад байгаа бөгөөд эрх ашгийн зөрчилтэй хэнийг ч уулзуулахгүй байх шийдвэрийг АТГ-аас гаргаад байгаа юм. Тиймээс л Ерөнхий сайд Н.Алтанхуягийн уулзах хүсэлтэд АТГ-ын зүгээс татгалзсан хариу өгсөн биз ээ.

 

Гэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг Л.Гансүхтэйгээ уулзахгүй байж тэсэлгүй, албан тушаалаа ашиглан Цагдан хорих төвд Хууль зүйн сайдын хамтаар “зочилж” олныг алмайруулсан. Түүний төлөвлөгдөөгүй айлчлалын бичлэгийг АТГ-ынхан олон нийтэд цацаж, Ерөнхий сайд болон Хууль зүйн сайдын хууль бус үйлдлийг илчилсэн юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн нэг болох Ерөнхий сайд Н.Алтанхуягийн энэхүү булчимгүй үйлдлийг Ерөнхийлөгч тийм таатай хүлээж аваагүй бололтой. Ямартай ч улс төрийн хүрээнд энэ хоёр хүний дунд том хагарал үүссэн тухай шуугиан дэгдэж эхлээд байна.

 

Магадгүй Ерөнхий сайдын “хөнгөн” явдал түүнийг “суурь муутай суудлаасаа” унахад дөхөм болж мэдэх л юм. Урьд нь Засгийн газраас хатуухан хариуцлага нэхэх тухай УИХ-ын чуулган дээр хэлж байсан Г.Баярсайхан, Ж.Батзандан, Р.Амаржаргал, О.Бурмаа, Б.Ганбат, Батчимэг нарын төвийг барьсан шударга гишүүд нь Ерөнхий сайдын энэхүү ёс суртахуунгүй, хуулиа уландаа гишгэсэн үйлдэлтэй эвлэрэхгүй нь ойлгомжтой . Тиймээс л Улс төрийн хүрээнд Н.Алтанхуягийн Засгийн газрыг унах тухай яриа гарч эхлээд буй биз.

 

Үнэндээ бол шударга ёс байдаг л бол Н.Алтанхуягийг цаашид Ерөнхий сайдаар нь ажиллуулах ямар ч хууль эрх зүйн үндэс байхгүй. Түүнийг улс орны эдийн засгийг хүнд байдалд оруулж, ард түмний амьдралыг тартагт нь тулгачихаад байхад намын нөхөд нь өмгөөлөн хамгаалсаар авч үлдэж байсан. Гэвч тэд энэ удаад намын даргаа Ерөнхий сайдынх нь суудалд үлдээх нэр нүүр үлдсэнгүй бололтой.

 

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хувьд зүгээр ингээд буугаад өгчих хүн биш. Тиймээс ч Л.Гансүхийг саатуулагдсанаас эхлэн өдийг хүртэл тэрээр олон гайхшрам үйлдэл, олныг алмайруулсан мэдэгдлүүдийг ар араас нь гаргаж буй биз ээ.

 

Хамгийн сүүлд Төрийн тусгай хамгаалалттай газраас мэдэгдэл гаргасан нь олон хүнийг алмайруулаад байгаа юм. Тус газраас Ерөнхий сайд Н.Алтанхуягийн үйлдлийг зөвтгөж, хорих ангид зочилж, төрөөс мөнгө самшигдуулсан хэрэгт яллагдагчаар татагдаад байгаа этгээдтэй хариуцсан байцаагчийнх нь зөвшөөрөлгүй, албан тушаалаа ашиглан уулзсан нь төрийн нууцад хамаатай тухай мэдээлэлдээ дурьджээ. Нэг үгээр хэлбэл Төрийн өндөр албан тушаалтнууд хууль бус үйлдлээ Төрийн нууц нэрээр халхалж болно гэдгийг Төрийн тусгай хамгаалалттай газрынхан хэлчихлээ. Энэ Ерөнхийлөгчийн яриад байгаа “ухаалаг төр”, “шударга ёс” зэрэг брэнд үгэнд хэр нийцэх юм бол.

 

Улс төрд өнөөдөр ар араасаа өрнөж байгаа ёс суртахуунгүй, шударга бус, хуулиа уландаа гишгэлсэн энэ үйлдлүүдэд хэн хариуцлага тооцох ёстой юм бэ?!

Ч.Амундарь new


URL:

Сэтгэгдэл бичих