Багшлах эрхгүй боловсон хүчин бэлтгэдэг багшийн сургуулиар яах юм

Боловсрол Боловсролын салбарт ямар шинэчлэл өрнөөд буй нь иргэдэд нэг л ойлгомжгүй болсон. Улсдаа тэргүүлэх зэргийн багшлах боловсон хүучин бэлтгэдэг сургуулийн оюутнууд багшлах эрхгүй төгсч байна. Төгсөөд хэдэн жил багшилж байж кредит оноо цуглуулсныхаа дараа шалгалт өгч багшлах эрхийн үнэмлэхтэй болдог юм билээ. Дунд сургуулийн нэгэн багш МУБИС-ийг төгсөөд таван жил багшилж бас өчнөөн кредит оноо цуглуулж байж жилийн өмнө багшлах эрхийн шалгалтаа өгсөн тухай ярьсан. Боловсролын салбарын тогтолцоо гажуудчихаад байгаад олон хүн санаа нийлдэг юм билээ. Угтаа бол Улсын багшийн сургуулийг багшлах эрхгүй төгсөнө гэдэг үнэхээр эмгэнэл. Хувийн сургуулийг багш мэргэжлээр төгссөн бол дахин шалгалт өгч багшлах эрх авахад татгалзах зүйл байхгүй гэдгийг олон багш нар ярьж байв.

Багшлах эрхийг олж авахын тулд Нийслэлийн боловсролын газраас зохион байгуулдаг семинарт хамрагдаж тодорхой тооны кредит цуглуулж байж түүнийг нь үндэслэн харьяа дүүргийн боловсролын хэлтэс нь Нийслэлийн боловсролын газар руу уламжилсны үндсэн дээр тэндээс шийдвэр гарч багшлах эрх олгодог тухай багш нар ярьсан. Семинарын гол хэлбэр нь их, дээд сургуулиудын багш нар, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаачдаар лекц уншуулдаг тогтолцоотой юм байх. Нэг кредит нь хамгийн багадаа ойролцоогоор 6000-9000 төгрөгийн үнэтэй. Олсон ашгийнхаа зарим хэсгийг лекц уншсан хүмүүст хөлс хэлбэрээр олгож, үлдсэн хэсэг нь Нийслэлийн боловсролын газарт оногддог гэдгийг ч хэлж байсан.

Тэдний хувьд нэгэнт л багшийн гэх тодотголтой олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургууль төгсч байгаа учраас заавал дахин шалгалт өгч зардал чирэгдэл болон багшлах эрх авах нь зөв тогтолоцоо эсэхэд эргэлзэж явдаг аж. Давтан сургалтад суулгаж багшлах эрх олгохдоо өнөөх л дөрвөн жил заасан зүйлээ дахин заадаг тухай ч шүүмжилдэг. Харин энэ жилээс сургуулиа төгсмөгцөө багшлах эрхийн шалгалт өгдөг болсон юм байна. Өнгөрсөн сарын сүүлчээс энэ сарын 1 хүртэл Багшийн хөгжлийн институтээс багшлах эрхийн шалгалт өгөх хүмүүсийг бүртгэсэн. Ингэхдээ интернэтээр бүртгэл явуулсан нь олон хүний бухимдлыг хүргэжээ. Сургуулиа дөнгөж төгсөөд буй хүмүүс гэрээсээ бүртгүүлэх гэж хэрэндээ л ажил болж. Интернэтийн сүлжээнд холбогдоогүй сумынхан бүртгүүлж чадалгүй гомдолтой хоцорсноо хэлж байлаа. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас танил маань багшлах эрхийн шалгалтад бүртгүүлэх гэж хэдэн өдрийн ажил болсноо сонирхуулсан. Интернэтээр бүртгэлээ хийх тоолонд ямар нэг алдаа заагаад байжээ. Регистрийн дугаар буруу байна, эсвэл таны овог зөрчихлөө гэх мэтээр алдаа заасаар эцэст нь арай гэж амжилттай бүртгэлээ гэсэн хариу өгсөн ч тэрбээр шалгалтад орох эрхээ авч чадаагүй гэдгээ хэлсэн юм.

Багшлах эрхийн шалгалт авах бүртгэл иймэрхүү байдлаар болж өндөрлөлөө. Технологийн дэвшлийг ашиглаж цахимаар бүртгэсэн нь сайшаалтай ч нөгөө талаараа манай орны зарим сумд одоо хүртэл интернэтэд холбогдоогүй байгааг бодолцох сөхөө боловсролын байгууллагынханд байгаагүй бололтой. Жилдээ 10 мянга шахам оюутан багш мэргэжлээр төгсч буй болохоор тийм хэмжээний хүн шалгалт өгч багшлах эрх авна гэсэн үг. Гэхдээ эдний хэд нь бүртгүүлснийг хараахан нэгтгээгүй байгаагаа холбогдох мэргэжилтэн нь хэлж байсан. Энэ бол өнөөгийн багш нарт тулгамдаж буй асуудлын нэг юм. Багшлах эрхийн шалгалт өгөх гэж Ховд Увсаас хагас сая төгрөг зарцуулж ирдэг хүн ч цөөнгүй байдаг юм билээ.

Багш мэргэжлийг эзэмшихээр сурч байгаа орон нутгийн оюутнууд сэтгэлээр уначихсан явахтай ч таарсан. Тодруулбал, Архангай аймгийн багшийн сургуулийг МУБИС-тай нэгтгэх сураг гараад тасарчээ. Гэтэл тус сургуулийн багш нарын дунд одоо сурч байгаа оюутнуудыг дипломгүй цагаан хуудастай төгсгөнө гэсэн яриа тархсан юм байх. Дөрвөн жил багшийн мэргэжил эзэмших гэж сурчихаад эцэст нь багшлах эрхгүй төгсдөг, бүүр болиод цагаан дипломгүй төгсгөнө гэж ярьж байгаа боловсролын салбарын гажиг тогтолцоог халах цаг иржээ. Дипломгүй төгсөх дээрээ тулсан хөдөө орон нутгийн сургуулийн оюутнуудад багшлах эрхийн шалгалт өгнө гэдэг хэзээ ч бүтэхгүй асуудал болох нь ойлгомжтой.

 

Б.ГАНАА /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Нэр: хүн Огноо: 3 November 2014

өөр сургууль төгсчихөөд багшлах эрх авцан нь дээр юм байна.өөр ажилд багш нарыг авдаггүйшд.

Сэтгэгдэл бичих