Сэм Уолш: Оюутолгойн зэс, алтны орд газарт гүний уурхай барина

gwfewwwАвстралийн “Brisbane Times” сонинд дэлхийн томоохон уул уурхайн компани “Рио Тинто”-гийн ойрын төлөвлөгөөний тухай нийтлэл хэвлэгдсэнийг товчлон хүргэж байна.

Австралийн Квинслэнд мужийн өмнөд Эмбли дахь бокситын орд газар “Рио Тинто” компанийн ойрын ирээдүйн гол төслүүдийн нэг болох тухай тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Уолш мэдээлжээ. Эмбли мөрний хойд болон зүүн хэсэгт хэдийнэ ажиллах болсон уурхайнууд дээр дахин нэг томоохон олборлох үйлдвэр босох төлөвтэй.

С.Уолш Лондоны шинжээчидтэй уулзах үеэрээ, “Энэ орд газрын судалгааны бүх материалыг жилийн эцэст гаргаж дуусгана. Тэр үед хөрөнгө оруулалтын асуудлыг эцэслэн шийднэ. Миний хувьд энэ орд газрыг маш сонирхолтой төсөл гэж үзэж байгаа. Энд уурхай байгуулахыг би бүх талаар дэмжинэ” гэжээ.

Дэлхийн зах зээл дээр хөнгөн цагааны эрэлт хэрэгцээ нэмэгдэх хэрээр энэ чухал металлыг боловсруулахад хамгийн чухал түүхий эд болдог бокситын ач холбогдол ч өсөн нэмэгдэж байгаа юм.

Өмнөд Эмблид жилд 22.5 сая тонн боксит олборлох уурхай барихад 1.45-2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх шаардлагатай аж. Мөн цаашид уурхайг тэлэн олборлолтын хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм байна. Уг нь “Рио Тинто” энэ орд газарт 2012 онд уурхай барьж эхлэхээр төлөвлөсөн ч Ж.Гиллард тэргүүтэй Хөдөлмөрийн намын Засгийн газар, Квинслэнд мужийн Үндэсний либерал намын тэргүүлдэг захиргааны хоорондын зөрчлөөс үүдэн ийнхүү өнөөг хүртэл хойшлогдсоор иржээ.

Австралийн уул уурхайн салбарт сүүлийн үед шинэ төсөл хэрэгжих явдал эрс буурсан ч өмнөд Эмблийн боскитын уурхай, нэртэй эмэгтэй тэрбумтан Жина Райнхартын Рой Хилл дахь төсөл, “Sirius Resources” компанийн баруун Австралид барих гэж буй дицийн уурхайн ачаар энэ салбар дахин сэргэх төлөвтэй.

С.Уолш мэдээлэхдээ, “Манай компани ойрын хоёр жилд тус бүр найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн бөгөөд өмнөд Эмблийн боскитын уурхайгаас гадна Монголын Оюутолгойн зэс, алтны орд газарт гүний уурхай, Пилбара дахь төмрийн хүдрийн уурхайг өргөжүүлэхэд түлхүү анхаарах болно. Үүнээс гадна зэсийн хоёр ч шинэ ордыг эзэмшихээр төлөвлөсөн. Тэр нь АНУ дахь Резолюшн, Перу дахь Ла Гранья орд газрууд юм” гэжээ.

“Рио Тинто” компанийн ТУЗ арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхэнд болдог уулзалтаараа хөрөнгө оруулалтын шинэ төслүүдээ хэлэлцэн эцсийн шийдвэр гаргадаг уламжлалтай. Чухам тэр үед ирэх жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг албан ёсоор зарладаг ажээ.


Б.БАРС
ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих