Төв аймгийн Ардчилсан намын хорооны дарга төрийн ажлыг удирддаг болоо юу?!

140813tovaimag copy“Хариуцлага гэгч зүйл төрийн шатанд үгүй болжээ. Уг нь бол үгүй болсоныг нь мэдсэн ч арай “цагаандаа гарна” гэж хэн ч төсөөлөөгүй биз. Ерөнхий сайд хэд хэдэн удаа Үндсэн хуулийн цэцэд дуудагдсан. Гэвч Цэц хуралдахын өмнөх өдөр нь өөрийн гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, албан бичиг илгээж, алдаагаа зассан. Түүний энэхүү үйлдэл гурван ч удаа давтагдаж байсныг уншигч та бүхэн санаж буй биз. Түүнчлэн түүний энэхүү үйлдлийг Шадар сайд Д.Тэрбишдагва дуурайж, цэц хуралдахын өмнөх өдөр нь өөрийн шийдвэрийг хүчингүй болгож, алдаагаа зассан бичгийг Цэцэд илгээж л байсан юм даг. Ямар сайндаа л “ “Алтанхуягдах” гэдэг үг нэг хэсэгтээ л улс төрийн хүрээнд брэнд болж байсан юм даг.

Төрийн өндөр албан тушаалтнуудын хуулиа сахин биелүүлдэггүй. Хариуцлага хүлээдэггүй өөрсдийгөө хамгаалдаг энэ байдаг орон нутагт халджээ. Төв аймгийн Баян-Өнжүүл сумын засаг дарга Б.Ариунболд гэх эрхэм хууль зөрчиж, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар ашиглаж байсан учир асуудыг нь сумын ИТХ-аар авч хэлэлцэн, огцруулах шийдвэрт хүрч, аймгийн засаг даргад шийдвэрийг хүргэсэн байна. Гэвч аймгийн засаг дарга Төв аймгийн Ардчилсан намын хорооны дарга Д.Доржпүрэвгэх эрхмийн тушаалаар Б.Ариунболдыг цээжээрээ хамгаалах болжээ. Б.Ариунболд засаг даргыг огцруулах өнгөрсөн тавдугаар сараас эхлэн яригдсан ч Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат арга саам хийж, хамгаалсаар өдий хүрсэн байна.

Эцэстээ Баян-Өнжүүл сумын Засаг дарга Б.Ариунболдын хууль зөрчсөн үйлдлүүд нь АТГ-ын анхааралд хүрчээ. Б.Ариунболд нь:

-2013-2014 оны эхний  таван  сарын санхүүгийн үйл ажиллагааг шалгахад Төсвийн тухай хуулийн 16.5.5 дах заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13-2 дах хэсгийг тус тус зөрчсөн үйлдэл тогтоогдсон.

 -2013 онд сумын 40 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэхтэй холбогдуулж “Мега майнез” ХХК-иас  гурван  сая төгрөг, “Эрдэнэжаст” ХХК-иас 3 сая төгрөг, “Хаан” банкнаас 300 мянган төгрөг буюу нийт 6 сая 300 мянган төгрөгийн хандивыг Орон нутгийн хөгжлийн сангийн дансаар хүлээн авч зарцуулсан нь Засгийн газрын 2012 оны 109 дүгээр тогтоолын 1-д заасныг, Төсвийн байгууллагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьчдилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3 дах хэсгийг тус тус зөрчсөн.

-2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 29 дүгээр захирамжаараа орон нутагт төрийн албан хаагчийн орон сууц барих ажлын тендерийг явуулах үнэлгээний хорооны дарга, гишүүдийг томилсон бөгөөд тэдгээр нь тендер сонгон шалгаруулалт явуулахдаа Сангийн сайдын тушаалаар батлагдсан “Үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг”-ийг, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл”-ийг гаргаагүй нийтлэг зөрчил гарсан.

-Барилга барих тусгай зөвшөөрөлгүй “Түмэн сүүн гэрэл” ХХК-ийг тенденрт сонгон шалгаруулж нийт 174 сая 500 мянган төгрөгний өртөгтэй таван  айлын орон сууц барих хамтран ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулсан.

-“Мон авзага хайрхан” ХХК-тай сумын цэцэрлэгт хүрээлэнгийн хашааны нийт 35 сая 222 мянга 500 төгрөгний өртөг бүхий ажпыг гүйцэтгэх гэрээ байгуулж “Босго үнэ шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоолын хавсралтанд заасан шууд худалдан авч болох төсөвт өртгийн дээд хязгаарыг давж шууд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээнд заасан үнийн дүнгээс 1 сая 506 мянган төгрөгийг “Мон авзага хайрхан” ХХК-д илүү олгосон зэрэг нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн.

-“Түмэн сүүн гэрэл” ХХК-ний захирал нь “Мон авзага хайрхан” ХХК-ний нэрийг ашиглаж сумын ЗДТГ-тай гэрээ байгуулж хамтран ажилласан зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.11-д заасан “олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” бий болсон  байна.

Дээрх зөрчлүүд гарсан нь тогтоогдсон тул “Б.Ариунболдод Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-т заасны дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авч 2014 оны  долдугаар сарын 30-ны дотор хариу ирүүлэхийг хүссэн АТГ-ын дэд дарга, эрхэлсэн комиссар Б.Хурцын гарын үсэгтэй албан тоот долдугаар сарын 21-нд Төв аймгийн Засаг дарга Д.Баярбатад очсон байна.

Хариуд нь Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат том толгой гаргаж, АТГ-т доорх бичгийг илгээжээ.

Ямартай ч дээрх үйл явдал орон нутагт хариуцлага гэгч зүйл үгүй байгааг гэрчилж байгаа юм. Мөн төрийн ажлыг аль нэг намын хорооны дарга удирдаж, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандаж байгаа засаг дарга нарын толгойг элж, өөгшүүлж, өмгөөлөн хамгаалж буйг харууллаа. Улс оронд ийм хариуцлагагүйн тогтолцоо “түгэн дэлгэрэх” учиргүй. Уг нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн засаг дарга нартай “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал хийдэг. Гэвч нэг аймагт нь “Хариуцлага” гээч зүйл огтоосоо ч хэрэгжихгүй байгааг мэдэж буй болов уу.

 

Ч.Амундарь

Эх сурвалж: www.new.mn


URL:

Сэтгэгдэл бичих