Бизнесмэнүүд ээ, уйлагтун

Монголын иргэн бүр Тавантолгойн хувьцаагаа хүлээн аваад байгаа, тодруулбал хөрөнгийн биржид данстай нь. Брокер диллерийн компаниудад данстай хүмүүсийн хувьд “Эрдэнэс Тавантолгой”-н 537 ширхэг хувьцаа дансанд тань шилжсэн байгаа. Ингээд л эх орныхоо баялгийн эзэн нь болж байна гэж бодоход бахархмаар ч юм шиг. Хүмүүсийг бүр баярлуулж болмоор мэдээллийг Засгийн газраас бэлтгэжээ. Засгийн газрын мягмар гаригийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны 10 биш бүр 20 хувийг иргэдэд олгох саналыг дэмжжээ. Гэхдээ өмнө нь аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр зарна гэж байсан хувьцааг иргэдэд нэмэн олгох санал гаргажээ. Одоогоор компаниудад зарна гэж байсан энэхүү хувийг иргэдэд зүгээр л үнэгүй тараах уу, эсвэл нэрлэсэн үнээр арилжаалах уу, хэрвээ нэрлэсэн үнээр арилжаалах бол нэг хүнд худалдан авах дээд хэмжээг тогтоох уу гэх мэт олон асуудал бүрхэг хэвээр байна. Тэгээд ч одоохондоо энэ бол санал төдий. Зөвхөн Засгийн газар энэхүү саналыг ерөнхийд нь дэмжиж байна гэсэн үг. Асуудлыг Засгийн газар УИХ-д оруулан шийдэх ёстой. Учир нь өнгөрсөн оны долдугаар сард гаргасан 39 дүгээр тогтоолд иргэдэд 10 хүртэл хувийн хувьцааг үнэгүй тараах, аж ахуйн нэгжид 30 хүртэл хувийг нь нэрлэсэн үнээр худалдаалах гээд тов тодорхой заачихсан. Өөрөөр хэлбэл Засгийн газрын санал дэмжигдэж гэмээнэ УИХ тогтоолоо өөрчлөх ёстой. Гэтэл өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа Тавантолгойн тал бүрийн асуудалд ажлын хэсгийнхэн ч яам, агентлагийнхан ч чухамхүү тэр 39 дүгээр тогтоолыг л туг болгон залж байгаа гэдгээ мундахгүй олонтаа зарлаж тайлбарлаж байсан билээ. Засгийн газрын иргэдээ “гийгүүлэх” шинэхэн саналыг УИХ түүхэн шийдвэр болсон гэж тунхаглаж байсан энэхүү тогтоолоо өөрчлөх эсэх нь бас нэг асуудал. Чухамдаа Тавантолгойн тухай ямар ч асуудал босч ирсэн хууль тогтоогчид 39 дүгээр тогтоолоо мөрдөхийг шаардаж, гүйцэтгэх засаглалынхан ч маань мэт цээжлэн хууль мэт дагаж мөрдөж байгаа гэдгээ хэлж байсан.

Харин одоо энэхүү тогтоолыг өөрчилнө гэвэл яах бол? Эн тэргүүнд жирийн иргэд бид баахан баярлаж, баяжих юм биз. Харин 10 хувийн хувьцаанаас хүртэнэ хэмээн нэрлэсэн үнэ хэд байхыг тандаж, битүүхэндээ мөнгөө зэхэж байсан компанийн захирлууд “уйлах” юм биз дээ?  Энд бас тэртэй тэргүй баян компаниудад яахаараа илүү эрх олгож хувьцаа өгөх гээд байгаа юм гэсэн яриа сэтгэгдэл ч хүчтэй байгаа, ялангуяа чаа гэх ямаагүй, чүү гэх морьгүй гэгчээр хувьдаа компанигүй мань мэтэд. Уг нь бол 39 дүгээр тогтоолын хамгийн гол дэвшил нь үндэсний аж ахуйн нэгжүүддээ боломж олгон хувьцааг нэрлэсэн үнээр зарахаар яв цав тогтоож өглөө гэгдэж байсан. Энэ нэг талаасаа компаниуддаа хөрөнгө оруулалт болно гэж аж ахуйн нэгжүүд баярлаж байв. Харамсалтай нь, өнөөдрийн өнгөөр харвал компаниудад ийн хувьцаа олгох нь хэдхэн хүнийг баяжуулах алхам гэж харагдаад байгаа юм байх. Газрын баялгийг иргэн бүрт тэгш хүртээх ёстой гэснээрээ бол тэртэй тэргүй иргэддээ хувьцааг нь өгчихсөн. Харин аж ахуйн нэгжид олгож буй энэ хувь бэлэг биш, гадаадын бирж дээр гаргахаас нь өмнө арай хямд үнээр худалдан авах боломж, бүр цаашилбал нэгэнт хувьцааг бирж дээр арилжаалаад эхлэхэд хөрөнгө ихтэй гадныхантай хийх хүч тэнцвэргүй тулаанд бага ч гэсэн хүч нэмэх гэсэн алхам гэж яагаад харахгүй байна вэ? Байгалийн баялаг Монгол Улсын иргэн бүрийн баялаг мөн. Гэхдээ газрын хөрсөн доор хэвтэж байгаа баялгийг бүтээгдэхүүн болгоод гаргаад ирэхэд бүр ондоо асуудал болно. Ийн бүтээгдэхүүн болгоход хэрэгтэй байгаа хөрөнгийг босгох нь хувьцаа гаргах гээд байгаагийн бас нэг гол утга учир билээ сэн. Гэтэл энгийн бид бол хувьцаа гэдэг атгаад алддаг цэнхэр, ягаан тасалбар, зүгээр өгдөг бэлэг гэж ойлгосон хэвээр учир компаниудад нэрлэсэн үнээр хувьцаа зарж басхүү нэг талаасаа үндэсний компаниуддаа хөрөнгө, Тавантолгойн арилжаа, бүтээн байгуулалтад оролцох боломж, нөгөө талаасаа төрийн мэдлийн “Эрдэнэс Тавантолгой” компанид оруулах хөрөнгө оруулалт болно гэдгийг харахыг хүсэхгүй байна уу? Тавантолгойн бүтээн байгуулалтад оролцоё гээд ч хүч бяд нь хол дутахаар байгаа үндэсний компаниуд багахан боловч хувьцааг нь худалдаж авч, бэлгээр бус мөнгөөр авсан хувьцааны эзэн өөрөөр хэлбэл Тавантолгойн эздийн нэг болохыг хүсч байлаа. Харамсалтай нь, одоо Засгийн газрын саналаар бол хэдэн зуугаараа нэгдэж “Монгол 999” нэгдэл байгуулан байж хувьцаа худалдан авах эрхтэй болсон үндэсний компаниуд уйлах хэрэгтэй болох нь. Яагаад гэвэл иргэн бүрээ ижил тэгш харж үзсэнгүй гэж иргэд айлгаад байгаа учраас. Уг нь ч иргэн аж ахуйн нэгж хийгээд хувьцаа бэлэглэх, нэрлэсэн үнээр худалдаалах хоёр шал өөр л ойлголт баймаар. Даанч “угаасаа” баян компаниуд  /уг тэд үнэндээ баялгийг бүтээгч, төдийгөөс өдий хүртэл хүнээс, бусдаас, төрөөс гуйж бус, өөрсдийнхөө хүчээр компаниа босгосон/ бүр нэмээд баян болох гээд байна гэсэн айдас хүйдэс, атаархал, жөтөөрхөл бүр илүү их нэрмээд байна уу даа.

Ингэхэд яагаад үндэсний компаниуд нь нэрлэсэн үнээр хувьцаа худалдан авч болохгүй болчихоод байгаа юм бол? Тэд өдий хүртэл баялаг бүтээж, татвар төлж, бусдыг ажилтай болгож байсныхаа төлөө Монголд магадгүй дэлхийд цөөхөн олдох боломжоос хувьцаа хүртэж болохгүй гэж. Дахин сануулахад яагаад тэд нэрлэсэн үнээр тодорхой хязгаар хэмжээтэй хувьцаа худалдаж авахыг л хүссэн шүү дээ.

А.ТУЯА

Зохиогчийн эрх: “Ардын эрх” сонин


URL:

Сэтгэгдэл бичих