Төрийн ордонд өдөржин бужигналдсан МАН-ынхан
Төрийн ордонд өчигдөр МАН-ынхан өдөржин бужигнав. МАН-ын Удирдах зөвлөлийнхөн өглөө эртлэн ирцгээж хуралджээ. Өглөөний найман цагт “А” танхимд хуралдаж хэд хэдэн томилгооны асуудлыг ярилцсан байна. МАН-ын бүлгийн даргаасаа Д.Лүндээжанцан саналаараа татгалзахаар болж, яруу найрагч Ж.Мөнхбатыг “Үнэн” сонины эрхлэгчээр томилж, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Нийгмийн ардчилал-Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр тогтжээ. Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага нь өнөөдөр хуралдаж тэргүүнээ томилох ажээ. Хэдийгээр Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг санал болгож байгаа ч Нийслэлийн орлогч дарга Ц.Цогзолмаа тэргүүтэй эмэгтэйчүүдийг заалнаас нэр дэвшүүлэх нь нээлттэй. “Үнэн” сонины эрхлэгч Б.Ганбатыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр томилохоор болсон байна. Намын Удирдах зөвлөлийн хурал өндөрлөсний дараа пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулган эхлэхэд бүлгийн дарга Д.Лүндээжанцан ажлаа өгөхөө мэдэгдсэн юм. Тэрбээр УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсгийг ахалж 100 хувь пропорциональ хэлбэрт түшиглэн хуулийн төсөл өргөн барьж байсан билээ. Хувь хүнийхээ итгэл үнэмшлээр бол пропорциональ хувилбарыг дэмждэг гэдгээ ч нуудаггүй. Намын удирдлагын, дийлэнх гишүүдийн зүгээс мажоритари давамгайлсан хувилбарыг зүтгүүлэхээр тулгаж байгаа нь түүнийг ажлаа өгөхөд хүргэсэн ч байж болзошгүй. Өнгөрсөн мягмар гаригийн бүлгийн хуралдаан дээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх түүнийг ажлаа хийж чадахгүй байна, байр сууриндаа хатуухан зогсч 52:24 хувилбарыг дэмжүүлж дөнгөхгүй бол ажлаа өгсөн нь дээр гэж шүүмжилсэн юм гэсэн. Гэхдээ МАН-ынхан тохироо, яриагүйгээр дур мэдэн шийддэггүй талтай. Тиймээс АН-ынхан завсарлага авч, МАН сонгуулийн шинэчлэл хийхээс ухарлаа гэж цоллуулж байгаа үед тактикаар Д.Лүндээжанцанг солихоор
шийдсэн ч байж магадгүй л дээ. Ингээд үдээс хойш МАН-ын Удирдах зөвлөл дахин цуглаж зөвлөлдсөн юм. Бүлгийн даргаараа хэнийг томилох вэ гэсэн асуудлаа шийдэхээр хуралдсан. Удирдах зөвлөлөөс бүлгийн даргад УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ө.Энхтүвшин нарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн байлаа. Тэгээд 16.30 минутад МАН-ын бүлэг ээлжит бус хуралдаанаа зарласан юм.
Д.ДОНДОГ МЭДЭГДЭЛ ХИЙВ
Бүлгийн ээлжит бус хуралдаан эхлэхийн өмнө МАН-ын бүлгийн дэд дарга Д.Дондог бас л ажлаа сайн дураараа өгөхөө мэдэгдэв. Түүнийг сонгуулийн санхүүжилтээ хууль бус аргаар босгосон, газрын наймаатай холбоотой гэсэн асуудал сөхөгдөж шалгах бичгийг Улсын Ерөнхий прокурорын газарт ирүүлсэн гэсэн мэдээлэл цацагдаад байгаа. Тиймээс ч бүлгийн дэд даргаасаа татгалзахыг Удирдах зөвлөлөөс шахсан байж магадгүй гэсэн яриа ч гарч байлаа. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Дондогоос яагаад ажлаа өгөхөөр болсныг лавлахад “Бүлгийн ажил сайн, муу байх нь дарга, дэд даргаас шалтгаална. Бүлгийн дарга шийдлээ гаргасан байхад дэд дарга нь овойж оцойтол ажил хийсэн юм шиг үлдэх нь ёс зүйд нийцэхгүй. Ийм дүгнэлт хийгээд хэнтэй ч санал хуваалцалгүйгээр шууд сэтгүүлчдэд энэ саналаа мэдэгдээд албан тушаалаас бас татгалзаж байна. Ажил явахгүй байгаа бол бид хоёроос хамаарсан байх. Шинэ дарга нар ажлыг хурдавчлуулж хуулиудыг түргэн баталж ард түмэнд хуулиа хэрэгжүүлэх нөхцөл байдлыг гаргаж өгөх хэрэгтэй. Энэ үүднээс энэ шийдлийг гаргаж байна” гэсэн тайлбар өгч байлаа.
Ө.ЭНХТҮВШИН МАН-ЫН БҮЛГИЙН ДАРГА БОЛЛОО
МАН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан нэг их удаан үргэлжилсэнгүй. Бүлгийн хуралд 41 гишүүн оролцсоноос нэг санал хүчингүй болж 40 гишүүний 22 нь УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг МАН-ын бүлгийн дарга болгохыг дэмжжээ. Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 18 хүний санал авсан байна.
Бүлгийн дэд даргад УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Су.Батболд нар өрсөлдсөн аж. Су.Батболд есөн хүний санал илүү авч бүлгийн дэд дарга боллоо.
Д.ДОРЖПАГМА
URL: