МАН Ерөнхий сайдад санал тавив

uls_53fc606aadd4b_1УИХ дахь МАН-ын бүлэг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины айлчлалтай холбогдуулан өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягт санаачилга хүргүүллээ. Уг санаачилга бүхий албан бичигт “МАН нь Монгол Улс, ОХУ-ын сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны суурийг тавьж, стратегийн түншлэлийн хэмжээнд өргөжүүлэн, хөгжүүлэх бодлогыг тууштай баримталж  ирсэн. Ийм учраас Монгол Улсад төрийн өндөр, дээд хэмжээний айлчлал хийх гэж буй ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины айлчлалд онцгой ач холбогдол өгч ажиллах ёстой гэж үзэж байна.

Сүүлийн жилүүдэд ОХУ-аас Ази тивийн улс орнуудтай худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн хөгжүүлэх санаачилга гаргах болсныг олон улсын шинжээчид онцлон дүгнэж байгааг бид анзааралгүй өнгөрч болохгүй.

Түүнчлэн улс төрийн нөхцөл байдлаас үүдэн ОХУ энэ оны наймдугаар сарын 7-ны өдөр эдийн засгийн хориг арга хэмжээ авч АНУ, Австрали, Канад болон Европын холбооны улсуудаас зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон болохоо зарласан. Дээрх улс орнуудаас ОХУ-д экспортолсон, эдийн засгийн хоригт багтсан хүнсний бараа, бүтээгдэхүүний хэмжээ 2013 онд 6.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Энэхүү эдийн засгийн хориг арга хэмжээний улмаас тус улсад зарим бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч, үүнийг дагасан гадаад худалдааны шинэ орон зай бий болж байгааг зарим улс орнууд соргогоор мэдэрч ашиглахын төлөө өрсөлдөх боллоо.

Монголчууд бидэнд ч гэсэн энэхүү өрсөлдөөнд орж гадаад худалдааны эргэлт болон экспортын бараа бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх шинэ боломж гарч ирлээ. Тиймээс дараах чиглэлээр ажиллах ёстой” гэж үзлээ хэмээжээ. Үүнд:

1. Ази, Европыг холбосон эдийн засаг, бизнесийн гүүр улс болох боломжоо бүрэн ашиглаж дэд бүтэц, эрчим хүч, нефть болон хий хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих асуудлыг шийдвэрлэх;

2. Монгол Улсаас ОХУ-д экспортлох бараа, бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай, үр дүнтэй ажиллах;

3. АНУ болон Европын холбооны орнуудаас ОХУ-ын импортын үхрийн махны 60 орчим хувь буюу 600 мянган тонныг нийлүүлж байсан зах зээл нээгдэж байгааг онцгой анхаарч ОХУ-д мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэлцлийг эрчимжүүлж, экспортын махны хэмжээг нэмэгдүүлэх боломжийг үр дүнтэй ашиглах;

4. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд стратегийн ач холбогдолтой уул уурхайн томоохон төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж эхлүүлэх;

5. Мал аж ахуйн гаралтай хүнсний болон өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг боловсруулах орчин үеийн технологи бүхий хамтарсан үйлдвэрийг барих асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзжээ.


URL:

Сэтгэгдэл бичих