Гуравдагчид тоохоо больсон цагт гуйгаад ирсэн хөршүүд минь

59ac896b-83fa-4796-8f79-befce5dd2691

ГУРАВДАГЧИД РУУ ДАВЖ ХАРЬЦАХ ГЭЭД БҮТЭЛГҮЙТСЭН…

Монголчууд өөрийн улсыг “Хадны завсар хавчуулагдсан халиуны зулзага, хөөрхий” хэмээн зүйрлэдэг цаг саяхан юм.

Дэлхий бидэнд үүд хаалгаа цэлийтэл нээгээд байхад, гуравдагч хөршүүд уриад байхад энэ хоёр хөрш л тээглээд байна гэх ад үзсэн аягыг өнөөдрийн “ардчилагчид” ч мөн их гаргасан.

Гэвч өнөөдөр тэр ааш аягаасаа ичиж улаймаар гуйж явна. Унхиагүйдээ улс орныхоо эдийн засгийг унагачихаад урд, хойноос гуйж ирснээ бас л эрийн сайнаар олоод ирсэн мэт пээдэгнэх ч янзтай. Гэхдээ энэ сэдвийн маань гол зангилаа биш юм.

Нэгэнт хөгжлийн түлхүүрээ өнөө хэр олж чадахгүй, гуравдагчид нь ядарсан үед гараа сунгахгүй байгаа юм бол хоёр хөршийнхөө тус дэмийг эргэх харилцаатай, үр өгөөжтэй зарцуулах тал дээр хэнэггүй нь дэндсэн эрх баригчид жаахан бодоосой л гэсэн санаа.

 

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2004 онд Харвардаас ирээд “Нүүх үү, үлдэх үү” хэмээн лекц уншиж байв. Түүний лекцийн зөвхөн нэрийг сонссон ухвар мөчид нэг нь “Монголоо нүүлгэх нь” хэмээн тайлбарлаж байсан гэж нэгэн ахмад хүн хэлж билээ.

Мэдээж Монгол нүүхгүй,үлдэнэ. Үлдэхдээ Орос,Хятад хэмээх хоёр хөрштэйгээ л үлдэнэ.

Бас Ази тив хэмээх дэлхийн хөгжлийн шинэ төв хэмээгдэх том тойрогт байна. Урд, хойд хөршийн дарга нар уулзаж л байг гэж манай Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд баахан бангадуулсныг санаж байна уу.

 

Тэд үнэхээр уулзсаар байгаад манай эрх баригчдын мөрөөдөн зүүдэлдэг Америкийн гадуур удаан жилийн зузаан найрамдлыг байгуулсан нь Монголын шүүрч авах нэг алтан боломж юм.

Хоёр хөрш худалдаагаа ам.доллараар биш, үндэсний валютаар хийх, Америкийн нөлөөтэй байсаар ирсэн Дэлхийн банктай өрсөлдөхүйц том банкийг өөрсдийн нөлөөтэй  БРИКС-ийн орнуудтай байгуулах асуудлыг тохирч, ажил хэрэг ажил хэдийнэ болж эхэлсэн.

 

Хятадын хэвлэлээр Си Зиньпиний айлчлалын үеэр “Хятад, Орос дураараа, бодлогогүй Монголыг хоёр талаас нь хумьж хөгжлийн замд нь оруулах гэж байгаа тухай” нийтлэл гарч, монголчуудын зарим нь ихэд цочирдон хүлээж авсан юм.

Үнэхээр гуравдагчид руу давж харьцах гээд бүтэлгүйтсэн монголчуудыг хоёр хөрш чиглүүлээд өгвөл яагаад болохгүй гэж?

Гэхдээ тэр чиглүүлэлтийг өөрсдийн бодлогоор зөв удирдах уу, эсэргүүцэн чагтлах уу, даган баясах уу гэдэг монголчуудаас өөрсдөөс л шалтгаалах учир санаа зовон бачимдах хэрэггүй ажээ.

Монголын түүхий эдийн асар их нөөцийг гадагш бодлоготой гаргаж борлуулья гэвэл хоёр хөршөөрөө л дамжина. Энэ их нөөцөөс хамгийн ойр, хөрш зэргэлдээ байгаагийн хувьд хэрэглэхийн төлөө бас л хоёр хөршийн сонирхол байна.



ХҮССЭН, ХҮСЭЭГҮЙ ЭДИЙН ЗАСГААР ХАРИЛЦАХ УРД ХӨРШ

 

БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлал эдийн засгийн утгаараа хоёр улсын ашиг сонирхлыг огтолцуулсан айлчлал боллоо гэж ажиглагчид дүгнэж байна.

Монгол Улс БНХАУ-ын нутгаар дамжин өнгөрөх тээвэр хийх гэж хэдэн жил хөөцөлдсөний үр дүн сая гарав.

Урд хөрш уул уул уурхай, төмөр зам, авто зам, барилга гэхчилэн бүх салбарт дэмжлэг үзүүлэхээ амлаж, хувийн хэвшлийнхний хооронд олон ч түншүүдийн гарыг барилцуулав.

Нэг л зүйл дээр албан ёсны гэрээ хэлэлцээр хийгээгүй ч амаараа тохирсон байх магадлалтай гэх нь урагш уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргахдаа ямар царигтай төмөр замаар зөөх вэ гэдэг асуудал.

Манай дотоодын улстөрийн хүйтэн дайны гол асуудал болсон энэ сэдвийг манайхнаас хамаарахгүйгээр урд хөршийн Төрийн тэргүүн шийдээд явлаа ч гэлцэж байна.

Учир нь БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчлалын үеэр “Монгол Улс урагш чиглэх төмөр замаа нарийн царигаар тавьбал бид бүх талаар  туслахад бэлэн байна” хэмээн мэдэгдсэн юм. Угаасаа ч эрх баригчид дэмжлэг, тусламж авахын тулд энэ асуудлыг тохирсон байх магадлал өндөр байгаа юм.

Мөн өчигдрөөс урд хөрш гурван жилийн хугацаанд манайд тэрбум ам.долларын зээл өгөхөөр амлажээ гэх шинэ мэдээлэл гарч ирэв. Урд хөршид Монголоо төлөөлөн суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар ярилцлага өгөхдөө ингэж хэлсэн гэнэ.

Их хэмжээний арилжааны зээл авах асуудлыг нээлттэй үлдээсэн гэнэ. Үнэндээ айлчлалын үеэр Хөгжлийн банк хоорондын  162 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг л их ярьсан. Элчин сайд худлаа ярина гэж байхгүй. Тэгэхээр асар их өрийн араас ямар асуудал дагах вэ гэдэг өөрөө асуултын тэмдэг болж үлдлээ.

 

 

Ерөөс урд хөрштэй ард түмний сэтгэхүйн гүнд байсаар ирсэн нуугдмал нэгэн эсэргүүцэл зэргээс болоод монголчууд тиймхэн хөндий.

Гэсэн хэдий ч өнөөдөр урд зүгийн бараа, хоол, хүнсээр амьдарч байгаа бодит байдлыг төрийн төвшинд баталгаажуулсан, илэрхийлсэн  айлчлал боллоо ч гэж хэлж болох.

Урд хөрштэй бид хүссэн, хүсээгүй,эдийн засгийн агуулгаар ойртон нөхөрлөх шаардлагатай гэдгийг Си Зиньпиний хэлсэн үгүүд ч удаа дараа илэрхийлсээр байв.



АХ ДҮҮГИЙН ХАРИЛЦААНЫ ХАЛУУН СЭЖИМ, ХАЙЛАН УЯРМААР ТҮҮХ

 

Энэ өдрүүдэд Монгол, Оросын дайчдын мөр зэрэгцэн тулалдаж явсны түүхэн гэрч Халх голын ялалтын ой тохиож байна. Уг түүхт ойгоор ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх сарын 3-нд ирнэ гэсэн урьдчилсан тов гарсан.

Орос ба Хятад хоёр их хөршийн төрийн тэргүүнүүд ийм богино хугацаанд Монголд ирж байсан тохиолдол байхгүй бөгөөд энэ давхцал хоёр улстай харилцах харилцаа, монголчуудын сэтгэл зүйн онцлогийг  ч бас бодолцох шаардлагатайг өгүүлж байх шиг.

Монгол хүн ерөнхийдөө Хятадад дургүй, Оросод дуртай. Энэ бол сэтгэлд хадагдан үлдсэн дурсамжийн онцлог. Хятад улстай эдийн засгаар хэчнээн ойртон нөхөрлөлөө ч хэзээ ч “ах дүү” болж чадахгүй л гэж санагдах.

Ингэж хэлснээр Хятадыг цааш түлхсэн санаа биш бөгөөд эдийн засгаараа л үр дүнтэй харилцахаа бод гэсэн утгатай.

Харин оросуудтай бол өөрөө. Мөр зэрэгцэн тулалдаж явсан ах, дүүгийн халуун харилцааны сэжмээр хандахад л В.Путин ерөнхийлөгч хайлаад урсах мэт тийм уярам түүх бий билээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч чухам Халх голын ойгоор ирэх гэдэг нь тэр халуун дурсамжаа сэргээж, хоёр орны ард түмний ган бат найрамдлыг буцаан авч ирэх гэснийх байж болох юм.

 

“Монголын тусгаар тогтнолыг орос цэрэг цусаа урсгаж хамгаалсан гэдэг нь түүхийн гарцаагүй үнэн. Бид Оросын цэргийн тусламжийг аваагүй бол Японы колони болох байсан.

Хэрэв тэгсэн бол тусгаар тогтнолыг олж аваагүй байх байв” гэж манай ахмад тоймч ярьсан байсныг санууштай юм.

Ийм өнийн харилцаа сэргэчихвэл Бриксийн хүрээ, Азийн сүлжээ, Оросоор дамжуулаад Европын зах зээлд ч Монгол урд удаан хугацаанд тогвортой дэмжигдэх боломж үүснэ.

 

В.Путины айлчлалын үеэр ОХУ болон Монгол Улсын хооронд визгүй зорчих, уул уурхайд хамтрах, Монголын нутгаар дамжин гарах төмөр замын сүлжээг өргөтгөх зэрэг асуудлыг ярилцана хэмээн таамаглаж байна.

Айлчлалыг угтан УИХ дахь МАН-ын бүлэг тун тодорхой хэд хэдэн санал тавьжээ.

Ази, Европыг холбосон эдийн засаг, бизнесийн гүүр улс болох боломжоо бүрэн ашиглаж дэд бүтэц, эрчим хүч, нефть болон хий хоолойг Монгол Улсын нутгаар дамжуулан тавих асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй гэж үзжээ.

МөнОХУ-д мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хэлцлийг эрчимжүүлэх гэхчилэн саналуудыг МАН-ын бүлгээс Ерөнхий сайдад хандан тавьжээ.

Мэдээж эдийн засгийн хамтын ажиллагаа явдагаараа явах байх.

 

Си дарга өчнөөн асуудал шийдээд явсан байхад Путин огт зүгээр байхгүй. Гэхдээ уламжлалт сайхан харилцаагаа дээдэлсэн хэлбэрээр айлчлалд бэлтгэх нь илүү үр дүнд хүрэх “түлхүүр” буй за.

БНХАУ-ын даргын айлчлалаас харахад тэрбээр монголчуудын итгэлийг олж авах гэж ихэд хичээж байгаа нь анзаарагдсан.

Тэгвэл хойд хөршийн хувьд түүхнээсээ итгэлт хөрш байсаар ирсэн, ардчиллын зурвас үед жаахан хөндийрсөн гэдгийг л харгалзах хэрэгтэй мэт.

Нөгөө талаар Монгол хүнд байна гээд хоёр хөрш тоохгүй байж болох л байсан. Гэвч тэдэнд бас эрх ашиг байна.

Дээр нь өнө мөнхийн хөрш гэсэн сэтгэл ч бас байгааг бодмоор.  Тиймээс гуравдагчид тоохоо больсон цагт гуйгаад ирсэн хөршүүдтэйгээ  бодлоготой л харилцья.

Т.Үлэмж

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих