Үр дүнгээ өгөөгүй “Ногоон уут”-ыг дахин тараах нь ямар учиртай вэ

ногоон уутИхээхэн хэл ам дагуулсан хогны ногоон уутны төсөл есдүгээр сарын 1-нээс дахин хэрэгжиж эхлэхээр болжээ. Айл өрхөөс гарч буй хог хаягдлыг цэгцлэх, ангилах, хогоо соёлтой хаяж сургах гол зорилготой хэмээн тунхаглаж байсан. Гэвч төсвөөс гурван тэрбум төгрөг зарлагадан хэрэгжүүлсэн энэхүү төсөл үр дүнгээ өгөөгүй. Тэртэй тэргүй дэлгүүрээс авсан торондоо хогоо хийгээд хаячихдаг орон сууцныханд ямар ч ахиц, дэвшилтэй юм болоогүй, гэрийн хогны саванд нь багтахгүй баахан ногоон ууттай л болсон. Харин гэр хорооллынхныг хогоо ногоон уутанд хийгээд хаяарай, ногоон уутандаа хийгээд замын хажууд сайхан тавиад бай, хогны машин ирээд л аччихна, ингэж бид хоггүй сайхан хот, гудамжтай болно гэж байсан ч тэгсэнгүй. Замын хажууд тавьсан ногоон ууттай хогыг нь үхэр, нохой мэт нь шиншлэн тарааж тэрнээсээ эс юм болж байна. Нийслэлчүүд ногоон ууттай болоод “хог хаях соёл”-той болсонгүй, хот хогноосоо салаад цэвэр цэмцгэр болсонгүй.

Гэтэл дахиад л ногоон уут тараах сураг сонсогдож, дахиад л төсвийн мөнгө тэрбум тэрбумаараа урсах нь. Ногоон уут тарааж буй бас нэг тайлбар нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжиж байна гэдэг. Одоогоор хотын захиргааны санаачилгаар хэрэгжүүлж буй хогны ногоон уут тараах төсөлд “ОБ Пласик”, “Мультипак”, “Мөнгөн пластик”, “Монгол хэвлэл” компаниуд оролцож байгаа юм байна. Эдгээр үндэсний компаниа дэмжиж, төсвөөс гурав орчим тэрбум төгрөгийг тарааж, 27 сая орчим ногоон уут хийлгэж байгаа ажээ. “ОБ Пластик” бол та бидний иддэг “Атар”, “Зууван Чех”, “Мишээл” талх болон томоохон супермаркетуудын тор зэргийг үйлдвэрлэдэг үндэсний шилдэг компанийн нэг. Харин нөгөө гурав нь үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж гээд байх юм бараг байхгүй бололтой. Өөрөөр хэлбэл төсвөөс авсан хэдэн зуун сая төгрөгөөр хаана, ямар үйлдвэрлэл явуулдаг нь бүрхэг. Сураг сонсохноо урд хөршид очиж, хогны ногоон уут хийлгээд аваад ирдэг гэх.

Нөгөө үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, нийслэлчүүдийг хог хаях соёлд сургах төсөл нь явж явж урд хөршийн эдийн засгийг дэмжсэн хэрэг болж байна уу. Арай үндэсний компаниараа “гул барьж”, хэдэн түшмэлийн халаасны компанийг мөнгөөр тэтгэж, үндэсний эдийн засагт бус, урд хөршийн эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа юм биш биз. Хогны ногоон ууттай, уутгүй болоод л байсан. Ногоон уут тараагаад байдал огт дээрдээгүй. Тэгсээр байтал дахин төсвөөс гурван тэрбумыг гаргаж, ногоон уут тараах нь ямар учиртай юм бол. Ногоон уутанд зарцуулж буй тэрбум тэрбум төгрөгийг өөр амин чухал хэрэгтэй төсөл, хөтөлбөрт зарцуулж болох талаар сэтгүүлчид, иргэд хангалттай бичиж, дуугарч байсан. Төр засгаас Ажаа гэгээний санаачилгаар босч буй хүүхдийн эмнэлэгт амласан мөнгөө өгөлгүй “луу унжиж” байна л гэсэн. Ядахдаа тийшээ энэ мөнгийг зарцуулбал бидний үр хүүхэд, хойч ирээдүйд хэрэгтэй бус уу.

 

 

Н.Мөнхжин /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих