Б.Дөлгөөн: Олимпод монголын анхны эмэгтэй тугчаар оролцсон, би азтай хүн

527-14096220999-2-12БНХАУ-ын Наньжин хотод залуучуудын хоёрдугаар олимпийн наадам өндөрлөж, манай улсаас спортын дөрвөн төрөлд таван тамирчнаа илгээсэн бөгөөд тус наадмын сүүлийн өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 46 кг-ийн жинд зодоглосон Налайх дүүргийн тамирчин Б.Дөлгөөн эх орондоо цорын ганц мөнгөн медалийг авчирсан юм. Түүний хэвлэлд өгсөн анхны ярилцлагыг хүргэж байна.

-Олимпод зодоглосон хүн бүрт амар тохиогоод байдаггүй медалийн тавцанд гарсан танд уншигчдынхаа өмнөөс халуун баяр хүргэе.
-За, баярлалаа.

-Чөлөөт бөхийн спортоор хэдэн жил хичээллэж энэ амжилтад хүрсэн бэ гэдгээс ярилцлагаа эхлүүлье?
-Эхлээд, намайг өдий зэргийн амжилт гаргахад гол нөлөө үзүүлсэн өөрийн багш Мөнхбаяр, Монголын чөлөөт бөхийн холбооны удирдлагууд болон ССАЖЯ, Спортын бэлтгэлийн төвийнхөндөө баярлалаа гэж хэлэхийг хүсч байна.

Их баярласандаа олон хүний тус дэмийг дурдахгүй өнгөрчихөж магадгүй юм. Би дөрвөн жилийн өмнөөс Налайх дүүргийн чөлөөт бөхийн дугуйланд Мөнхбаяр багшийн удирдлага дор бөхийн спортоор анх хичээллэж эхэлсэн. За тэгээд, дөрвөн жилийн уйгагүй хөдөлмөр, сайн багшийн үнэтэй зөвлөгөөний ач буянаар том амжилтад хүрлээ.

-Олимпийн наадмын мөнгөн медаль тийм ч амар олдох боорцог биш байх шүү. Та мундаг байсан шүү?    
-Тийм ээ. Багш маань мундаг. Мэдээж тамирчин болгон олимпоос медаль авахыг мөрөөддөг. Гэхдээ энэ амжилт орж ирсэн шигшээ, дааж явахад хүндхэн ачаа юм даа.

-Та бараг олимпийн наадмын сүүлийн өдөр барилдсан. Өмнөх өдрүүдэд манай дөрвөн тамирчин ялагдсан болохоор ганц найдвар нь та болоод байсан л даа?
-Манай дөрөв медалиас мултраад бүгдээрээ над дээр хүрч ирээд сэтгэл санаагаар маш сайн дэмжиж, хурцалж өгсөн л дөө.

-Барилдахын өмнө найзууд чинь юу гэж зөвлөх юм?
-“Дөлгөөнөө одоо ганц найдвар нь чи шүү. Хичээгээрэй” гэж хэлсэн. Би ч олон юм бодолгүй сайхан барилдъя гээд л гарсан.

-Телевизээр харж байхад алтан медаль авах боломж танд арай л илүү байх шиг санагдсан?
-Боломж байсан. Гэхдээ өөрийн гаргасан алдаанаас болоод алт авах боломжоо алдлаа. Багш маань “мөнгөн медаль авсан юм чинь миний охин одоо яарах хэрэггүй. Хүлээж барилдаарай” гэж захиж байсан юм л даа. Хүний багш юм чинь сурсан мэдсэн болгоноо л бүгдийг нь шавьдаа хэлж өгөх гэнэ шүү дээ.

Түргэн ялмаар санагдаад, сэтгэл зүйн тал дээр би маш сайн төвлөрсөн байсан ч нэг мэдэхнээ нөгөө бөхийн мэхэнд орчихсон. Дараа БНАСАУ-ын бөх Ким Сонятай таарах байлгүй дээ. Тэр үед л алдаагаа цайруулъя гэж бодож байна.

-Спортын энэ олон төрлүүдээс гагцхүү чөлөөт бөхийг сонгож, хичээллэх болсныг тань сонирхож болох уу?
-Би бага байхын бөхийн спортод дур сонирхолтой хүүхэд байсан. Аав маань бөхөд их дуртай. Мөн дөрвөн жилийн өмнө манай Налайх дүүргийн уугуул Батцэцэг эгч Залуучуудын олимпийн наадмаас анхны алтан медалийг авчирч байсан. Тэгээд энэ мундаг эгч шиг бөх болох юмсан гэдэг хүсэл мөрөөдлийг тээж Мөнхбаяр багшид шавь орж билээ.

-Залуучуудын олимпийн анхны аварга Б.Батцэцэгийн гаргасан амжилт таныг бөх болоход их нөлөөлж дээ?
-Тэгэлгүй яахав. Мундаг тамирчин.

-Гайхалтай. Нэг довноос олимпийн алт, мөнгөн медальт шил шилээ дараад төржээ дээ?
-Тийм ээ. Тэр тусмаа нэг багшийн хоёр шавь гэж бодохоор багшаараа бахархахгүй байхын аргагүй юм.

-Уучлаарай, таныг Азийн аваргаас хүрэл медаль авсныг тань л мэдэх юм байна. Улсын аваргад яаж оролцож байв?
-УАШТ-д хоёр удаа түрүүлж, нэг хүрэл медаль авч байсан. Түүнчлэн Азийн хүүхдийн наадмаас хоёр алтан медаль авсан.

-Ээж ааваасаа хэдүүлээ вэ?
-Ээж аваасаа тавуулаа. Хоёр эгч, хоёр дүүтэй. Би айлын дунд хүүхэд л дээ.

-Олуулаа юм байна?
-Тийм ээ.

-Гэрийнхэн тань газар хүрэхгүй баяртай яваа байх даа?
-Аав, ээж гэлтгүй бүгд л хөл нь газар хүрэхгүй баярлаж байна лээ.

-Хамгийн хүчтэй өрсөлдөгчийг нэрлэ гэвэл?
-Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Венесуэлийн бөхтэй таарахад чанга байлаа. Хүнд барилдаан болсон.

-Монголчууд зуны олимпод оролцоод хагас зуун жил болжээ. Олимпийн нээлтэд өнөөг хүртэл манай улсаас эмэгтэй хүн тугчаар орж байгаагүй юм билээ. Харин та анхны эмэгтэй тугчаар оролцлоо?
-Сайхан мэдрэмж төрсөн. Их омогшсон. Би азтай хүн.

-Таны дархан мэхийг сонирхож болох уу?
-Мушгих, өмсөх мэхийг түлхүү хийдэг.

-Жингийн өрсөлдөгчдөө хэр судалсан бэ?
-Жингийнхээ бүх тамирчныг судалсан. Youtube дээр миний өрсөлдөгчдийн барилдаанууд гарсан байсан. Тэгээд багштайгаа тэр бичлэг дээр сайн ажилласан даа.

-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.

Д.Жавхлан

Эх сурвалж: Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих