З.Дорж нарын ард хэн байна вэ

З.ДоржМҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарын тухай “Төрөөс төрсөн тэрбумтан” гарчигийн дор түүний эсрэг мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдах болов. Тэр ч бүү хэл Төрийн шагналт яруу найрагч З.Дорж, сэтгүүлч Б.Рэнцэнтавхай нар мэдээлэл хийж, түүнийг АТГ, ТЕГ шалгаж өгөхийг хүслээ.
Тэрээр “МҮОНРТ-ын захирал М.Наранбаатар өнөөдөр гурав дахь удаагаа улиран сонгогдож байна. М.Наранбаатар нь энэ албан тушаалд байхын тулд Удирдах зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржийг Арабын нэгдсэн улсад зугаацуулж яваад ирсэн. Урьд өмнөх дарга Х.Чилаажавыг ч ийн дагуулж яваад албан тушаалдаа үлддэг байсан. Гэтэл Удирдах зөвлөл нь М.Наранбаатарыг сайн ажиллаж байна хэмээн  40 сая төгрөгөөр шагнасан байгаа юм. Хаана байна, тэр сайн ажиллаад байгаа нь. Үндсэндээ МҮОНРТ-ийн ажил уначихсан шүү дээ” хэмээн гомдоллосон. МҮОНРТ-ийн Удирдах зөвлөлд Төрийн гурван өндөрлөг тус бүр гурван хүн томилдог. Тэгэхээр энэ гурван хүнээ татаж ав гэж Төрийн өндөрлөгөөс хүсч байна” хэмээв.
Зөвхөн үүгээр ч зогсохгүй “Өглөө” хөтөлбөрийн хөтлөгч Г.Гэрэлээг хууль зөрчин Санхүүгийн албаны даргаар томилсон төдийгүй тэдний хувийн харьцааны талаар ч дурдаад авсан. Мөн өнгөрөгч зун болсон Өөвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын ойн баярт М.Наранбаатар захирал нь тусгай хангамж эдэлж, алтан аягаар архи дарс сөгнөсөн. Энэ алтан аяга хэний мөнгөөр хаана хийгдсэн гээд олон асуудал хөндөгдөв, энэ үеэр. Мөн М.Наранбаатар нь өөрийн төрсөн дүү М.Шатарын хувийн компанид МҮОНРТ-ийн хашаанд орон сууц барих зөьвшөөрөл олгосон, үүнийгээ ажилчдын орон сууц гэх нэрээр мөнгө босгож байгааг ч дурдаад авна лээ.
Харин хөндлөнгийн эх сурвалжийн хэлж  байгаагаар бол МҮОНРТ байнга хэл ам дагуулах болсон. Тэр тусмаа МҮОНТ-ийн захирлаар ажиллаж байсан Ч.Даваабаяр ажлаасаа халагдсан даруй энэ талын хар мэдээллүүд сөхөгдөх болсон. Энэ удаад ч МҮОНРТ-д насаараа ажилласан ахмад сэтгүүлч, яруу найрагч З.Доржийн ар талд М.Наранбаатарын эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа хүн бий. Түүнээс биш хийдгээ хийж, хүртдгээ хүртсэн З.Дорж нар өөрсдийн зоргоор ийм зүйл хийхгүй хэмээсэн нь ч бий. Зарим эх сурвалжууд ч МҮОНТ-ийн захирал асан Ч.Даваабаяр энэ бүгдийн ар талд байгааг ч үгүйсгэхгүй хэмээв. Тэгэхээр Ч.Дорж нарын ар талд хэн байв гэдэг нь асуудал дагуулж эхэллээ.
                                                                                                                                                                           

 А.Гал


URL:

Сэтгэгдэл бичих