Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, нууц асуудал хэлэлцэв

-29082014-1409284050-595114996-zasag_huralЗасгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдлаа.

Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд нэг нь нууц асуудал байсан юм.

Нууц асуудлыг Зам тээврийн сайд А.Гансүх оруулж ирж байгаа гэх мэдээлэл цацагдсан.

Мөн хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “Талын зам” төслийн тухай танилцуулсан бөгөөд БНХАУ-ын дарга Си Зиньпин Монголд төрийн айлчлал хийх үеэрээ хоёр улс хамтран “Талын зам” төслийг хэрэгжүүлье гэдэг саналыг тавьж байсан билээ.

Ингээд Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг тоймлон хүргэе.

Ус, ойн сангийн хамгаалалтын бүсийн солбилцолд өөрчлөлт орууллаа

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагтай “Монголросцветмет” ХХК-ийн 3595Х, 4211Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайнууд хэсэгчлэн давхацсан тул үйл ажиллагааг нь зогсоосон.

Энэ нь манай УИХ-аар 2009 оны нэгдүгээр сарын 16-нд, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думаар 2009 оны арванхоёрдугаар сарын 23-нд тус тус соёрхон батлагдсан Монгол Улсын олон улсын гэрээтэй зөрчилдсөн байж болзошгүй байгаа аж.

Тус гэрээнд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааны тухай тусгагдсан байдаг юм байна. Иймд Засгийн газрын хуралдаанаар “Хилийн заагийг тогтоох тухай” Засгийн газрын 2012 оны зургадугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолын 2,3 дугаар хавсралтаар баталсан ус болон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсийн солбилцолд өөрчлөлт орууллаа.

“Монголросцветмет” ХХК Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд ХV-003595 дугаартай “Түйн голын эх”, XV-004211 дугаартай “Түйн гол” нэртэй хайгуулын тусгай зөвшөөрлүүд эзэмшдэг. Эдгээр талбайн нийт хэмжээ 24670,6 га бөгөөд үүнээс 12060,6 га нь гол мөрний урсац бүрэлдэх эхийн хилийн заагийн давхцалтай байгаа юм.

Ордын асуудлыг шийдвэрлэх талаар Оросын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яаманд өнгөрсөн онд албан ноот бичиг ирүүлсэн аж.

Энэ дагуу УУЯ, БОНХЯ, ГХЯ-ны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн Ажлын хэсэг энэ онд “Монголросцветмет” ХХК-ийн хайгуулын талбайд ажиллан дүгнэлт гаргасан байна.

Хуульд Монгол Улсын олон улсын гэрээнд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөх учиртай байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэснээр “Монголросцветмет” ХХК-ийн үйл ажиллагааг тогтворжуулаад зогсохгүй Монгол-Оросын хамтын ажиллагаанд чухал алхам болно гэж Засгийн газар үзсэн байна.

Ази-Европыг холбосон “Талын зам” төслийн ажлыг хариуцсан ажлын хэсэг байгууллаа

Шинэ цагийн “Торгоны зам”-ыг мөрөөдөл, яриа биш бодит ажил хэрэг болгохоор Шинэчлэлийн Засгийн газар зорьж, төр засгийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлж байгаа юм.

Ажлын явц, үр дүнтэй холбогдуулан “Талын зам төсөл”-ийн ажлыг хариуцах Ажлыг хэсгийг Эдийн засгийн хөгжлийн сайдаар ахлуулан байгуулж, Засгийн газраас тодорхой үүрэг даалгавруудыг өгсөн байна.

“Талын зам” төслийн хүрээнд 997 км хурдны зам, тус бүр 1100 км эрчим хүчний шугам, байгалийн хий болон газрын тос дамжуулах хоолой барих дэд бүтцийн ажил хийгдэх аж.

Төсөл хэрэгжсэнээр хөрөнгө оруулалт нэмэгдэж, орон даяар бүтээн байгуулалт өрнөж, эрчим хүч, уул уурхайн салбарын хөгжил шинэ төвшинд гарах гэнэ. Эцсийн үр дүнд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний одоогийн хэмжээ эрс нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа аж.

Дэлхийн хамгийн том хэрэглэгч бөгөөд нийлүүлэгч хоёр гүрний хоорондох худалдаа эргэлтийн гүүр болох газарзүйн давуу талаа ашиглах нь эдийн засгаа хурдацтай өсгөх том боломж

Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүнгийн тухайд, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 4.4-т “ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, хурдны зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах”-аар заасны дагуу Засгийн газраас багагүй судалгаа, яриа хэлэлцээ хийсэн.

Үүний үр дүнд хэдхэн хоногийн өмнө БНХАУ-ын дарга Си Зиньпины Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр байгуулсан “Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д “Талын зам” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан билээ.

Дараагийн томоохон хэлэлцээг ОХУ-тай хийх юм. Дэлхийн хамгийн том хэрэглэгч бөгөөд нийлүүлэгч хоёр гүрний хоорондох худалдаа эргэлтийн гүүр болох газарзүйн давуу талаа ашиглах нь эдийн засгаа хурдацтай өсгөх том боломж. Дээрх гүрнүүдийн худалдааны эргэлт тасралтгүй өссөөр байна.

Энэ оны тавдугаар сард ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулсан гэрээгээр л гэхэд 2018 оноос эхлэн Хятад улс 30 жилийн турш ОХУ-аас байгалийн хий худалдаж авах аж.

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих