АН-ын нэр хүнд орон нутагт унажээ

201409030214392012 оны сонгуулийн үр дүнд АН ах нам болох МАН-ыг арайхийж ялсан хэдий ч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төвхнөөд нэгэн үзүүрт сэтгэлээр 2016 он руу зорьж буй юм болов уу гэтэл арай л биш ээ. Ерөнхий сайд Н.Алтанхуягийг муулаад ч яахав, тэртэй тэргүй тэрбээр өнгөрсөн хугацанд хангалттай сайн муу хэлүүлж байгаа бол яг мөн чанартаа АН дотоод зөрчлөө тийм сайн дарж чадалгүй одоо хэр нь зарим аймгууд нь сандал, ширээний хэрүүлтэй сууж байна. Алс зүүн хязгаарт байдал хүдэрч, АН-ын даргын суудал, тамганы төлөө дайн эхэлжээ. Өнгөрсөн сонгуулиар нам ялж, орон нутгийн сонгуулиар харин МАН нь нэг, хоёр хүний зөрүүтэй олонхи болмогц аймгийн даргын суудлын төлөө ширүүн тэмцэл өрнөж, ээлж ээлжээр бие биенээ шоронд хийж эхэлснээр аймгийн даргын суудлын үнэ цэнэ тэнгэрт тулав.

Анхлан намын даргын суудлыг Д.Цэрэнчимэг гэгч хүүхэн авсан боловч хуучин намын партизануудтай таарамжгүй болмогц хотоос УИХ-ын гишүүн Р.Бурмааг авчран нам дотор ээлжит бус хурал хийлгэн намын дарга болгосон хэдий ч байдал дээрдсэнгүй. Ориг тамгатай Д.Цэрэнчимэг нь бөөн хэрүүл үүсгэв. Энэ хооронд ИТХ нь МАН-ны зарим гишүүдтэйгээ тохиролцоонд хүрч мэс заслын эмч С.Ганбатыг аймгийн даргаар томилмогц, нам доторхи зөрчил намдсан хэдий ч үндсэн тамгаа атгасан Д.Цэрэнчимэг хэл ам хийж, хотоос генсек Ц.Оюундарийг урьж “Энэ асуудлыг шийдэж өг. Намын дарга нь аймгийн дарга болох ёстой” гэсэн боловч аймгийн ИТХ гэж том этгээдийг давж чадаагүйгээс гадна Н.Алтанхуяг руу лобби дутжээ. Ингээд цаг хугацаа өнгөрч, галт тэрэг жигдрэн хөдлөж байтал намын гишүүд Чингэлтэй дүүргийн АН дарга байсан Д.Цэрэнчимэгээс намынхаа үндсэн тамга, сандал ширээнээс гадна өнгөрсөн сонгуулиудын санхүүгийн тайлан болоод олон зүйлээ авч, аудит оруулахаар идэвхтэй тэмцэл өрнүүлэв. Энэ байдал МАН-д нь дэндүү ашигтай харагдаж, энэхүү хэрүүлийг алсаас ч олон хүмүүс өрдөж байгаа сурагтай. Өнгөрсөн долоо хоногт намын байрны түлхүүр, сейфны түлхүүр, тамганы асуудлаар намын байранд суулт хийж, бүр дотроо зөрчилдөөн үүсгэж цагдаа дуудаж сүр дуулиан болж байхад намын дарга хэмээх Д.Цэрэнчимэг нь хотоор яах ч учраа олохгүй яваа сурагтай.

Дорнод аймгийн АН-ын сандал ширээний тэмцэл эцэстээ олны өмнө томоохон онигоо болж, энэ нам 2016 оны сонгуульд хэцүүхэн л орох юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Харин 2016 оны УИХ-ын сонгуульд горилогчид мэр сэр тандалт судалгааг Дорнодоор аль хэдийнэ явуулаад эхэлжээ. УИХ-ын гишүүн М.Зоригт Сүхбаатар аймгаас жийгдэж эргээд Д.Одбаярт “луйвардуулж ялагдсан” шархаа нөхөхөөр Дорнодын хойд сумдаар явж байгаа бол Ч.Сайханбилэг сайд гэнэт Дорнодын Баянтүмэн сумын “Баясгалант хөдөлмөр” нэгдлийн дарга нарын нэг давхар дан ягаан байшинд төрснөө санан явж байгаа аж.

 

У.Хүрлээ

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих