“Японд оргож гарсан” гэх Бямбатай холбогдох нэгэн баримтын тухай туршин өгүүлэх нь

527-1409888584527-14007219291958145_539356672839898_5075765364958183995_n1930-аад онд Японд оргож гарсан гэх Монгол ардын хувьсгалт цэргийн офицер Бямбын тухай сонирхолтой судалгааг Японы эрдэмтэн Х.Футаки, Монголын эрдэмтэн Д.Цэдэв[1] тэргүүтэй эрдэмтэд хөндөн судалж, эрдэм шинжилгээний ном, өгүүлэл нийтлүүлжээ.

Энэхүү Бямба үнэхээр эх орноосоо урван хил давж Японы талд оргон гарсан уу, эсхүл хэн нэгэн эрх бүхий этгээдийн тусгай үүрэг даалгавартайгаар гадаадад гарсан уу гэдэг нь тодорхой бус. Тиймээс Бямбын асуудал эрдэмтэн, судлаачдын анхаарлыг татсаар ирсэн билээ.

Гэтэл өгүүлэн буй асуудпыг тодруулахад ямар нэгэн байдлаар дөхөм болж мэдэх мэдээ, баримт ТЕГ-ын Тусгай Архивт хадгалагдаж байгаа “Д.Цагааны мөрдөн байцаалтын хэрэг”-т агуулагдаж байна.

Д.Цагаан бол Халх голын дайны аюул хаяанд ирээд байх тэр үед довтлон ирэх Японы цэргийн өмнөөс хамгийн түрүүнд сөрж, дайралтыг няцаах цэргийн томоохон хүч болох Дорнод II морьт Корпус командагчийн хариуцлагатай албыг хашиж байсан МАХЦ -ийн дээд тушаалын томоохон дарга байв.

Түүний командласан корпусын бүрэлдэхүүнд Тамсагбулагын 6, Матадын 8, Баянтүмэний 5, Байшинтын 7-р морьт дивизүүд орж байсан юм. Тэдгээр дивизээс бүрдсэн томоохон корпусыг эмхпэн зохион баигуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлэх, байлдааны бэлэн байдлыг дээшлүүлж, дайны бэлтгэлийг хангахтай холбоотой зохион байгуулалтын асар их ажилд Д.Цагаан удирдах үүрэгтэй оролцсон байна.

Тийм учраас “Японд оргож гарсан гэх” Бямбын талаар тодруулахад түүний ДЯЯ-ны мөрдөн байцаагчид өгсөн мэдүүлэг тодорхой хэмжээгээр нэмэр болж болох юм.

1939 оны есдүгээр сарын 16-ны өдөр Д.Цагааныг найм дахь удаа байцааж, “Цагаан таны бие өөрийн өдүүлсэн хэргийг мэдүүлж буй боловч уг хэргийн гадаад, дотоодын харилцаа ба зарим бусад зүйлийг илтэд нуун далдалсаар буй тул энэ тухай өчүүхэн төдий нууц далдлахгүйгээр илчилж мэдүүл” хэмээн шаардахад Д.Цагаан дараах хариултыг өгчээ.

Тэрбээр: “би эл хэрэгт хуулийн газраас нуун далдлаад ял зэмлэлгүй өнгөрсүгэй гэх санаа байхгүй. Зарим зүйлийг орхигдуулснаа одоо шавхаж мэдүүлбээс дэслэгч жанжин (армийн генерал цолтой дүйцэх цол. Д.Х) Дамба өнгөрсөн 27 он (1937. Д.Х)-ы наймдугаар сард “Цагаан чи Цэнд-Очир лугаа харилцаж байгаад гадаадад эсэргүү ажлын харилцаа барих нэгэн хүн олсугай гэсэн болой.

Тэр ёсоор Цэнд-Очиртой уулзаж Дамбын хэлснийг уламжлан хэлсэнд “Энэ шөнө дивизийн жижүүр хийхээр томилогдсон нэгэн хүн танд орой нэрээ өгөв үү. Түүний нэрийг Бямба гэдэг юм. Түүнийг явуулбаас болох болов уу” гэхэд “Чи таних бөгөөд болох бүтэх юм бол болно биз” хэмээн Бямбыг явуулахаар тогтсон тухай өгүүлжээ.

Тийнхүү Цагаан, Цэнд-Очир хоёр хоёулаа ханилан Дамба дээр очиж уулзаад “ийм нэгэн хүнийг явуулахаар төлөвлөн хэлэлцсэн” тухайгаа илтгэсэн байна. Энэ бол баримт. Гэхдээ архивын баримтуудад үнэн ч бий, худал хуурамч баримт ч тохиолддог.

Тус баримтад эргэлзсэн миний бие Японы эрдэмтэн Х.Футаки гуайтай санал солилцон ярилцахад “Бямба нь санаандгүй, тохиолдлын шинжтэй олдсон жирийн цэрэг байх ёсгүй дээ. Зүй нь тусгайлан бэлтгэгдсэн хүнийг тагнуулчаар илгээмээр юм гэж” гэж байлаа. Гэвч Бямба бол цэрэг бус, сайтар бэлдтгэгдсэн офицер байсныг тэмдэглэх хэрэгтэй.

Энэ талаар Цагаан үргэлжлүүлэн мэдүүлснээс үзвэл Цэнд-Очир Бямбыг олж уулзахаар явсны дараа Цагаан, Дамба хоёулаа үлдэхэд Дамба: “Энэхүү явуулах хүнээр Манжуурт буй Японы тагнуулын хэрэг эрхлэх Янагүчи гэдэгт бичиг хүргүүлэх хэмээсэн юм” гээд бичгийн агуулгыг хэлж танилцуулжээ.

Уг бичигт: “ЗХУ-аас Монгол Улсын харилцаа холбоог салгаж, танай улс (Япон. Д. Х)-ыг түшиглэх хэмээсэн бидний бодлого хэвээр. Энэ үед тус улсын дотор нийт лам нар ба манай нэгэн адил бодлого зорилго бүхий ажил хийж явсан хүмүүсийг хувьсгалын эсэргүү хэмээн цөмийг баривчилж алах зэргээр хүчтэйгээр тэмцэж байна.

Бид нар өөрийн ажлыг цааш үргэлжлэн зохиосугай хэмээвч нам, засгаас хувьсгалын эсэргүүчүүдтэй тэмцэх явдал улмаар чангарч буй учир биднээс тийнхүү зорилгын ёсоор энэ ажпыг зохион ажиллаж болох нөхцөл үгүй болоод байна.

Иймийн тул одоо бидэнд цэрэг зэвсгийн тусламжийг түргэн ирүүлэх нь чухал гэх зэргээр дурдсан” [2] гэжээ. Тийнхүү бичгийн үндсэн утгыг Дамба амаар танилцуулаад би өөрөө зохиож хийсэн” гэж хэлсэн хэмээн Цагаан мөрдөн байцаалтын мэдүүлэгтээ дурдсан байна.

Тийнхүү Дамба жанжин Цагаантай ярилцаж байтал Цэнд-Очир мөнөөх Бямбыг дагуулан орж ирэхэд Дамба жанжин Бямбад хэлж даалгахдаа: “Чиний бие одоо гадаадад оргон гарах хэрэгтэй болов. Иймд би чамд нэгэн бичиг өгнө.

Чи энэ бичгийг Манжуур Станцад буй Японы тагнуулын хэргийг эрхэлж суугаа Янагүчи (Инокүчи) гэдэг хүнд биеэрээ хүргэж өгөх хэрэггэй. Ийнхүү бичгийг хүргэхийн хамтаар чиний бие өөрөө тус улсын дотор лам нар ба хувьсгалын эсэргүү ажил хийгчид олноор баригдаж алагдан буй учир тус хувьсгалын эсэргүү байгууллага нь өөрийн ажлыг үүнээс айгаад хийж чадахгүй, одоо хир ямар ч ажилгүй байна.

Гагцхүү таны тусламжийг харж буй гэгчийг амаар илтгэж ярих хэрэгтэй. Чингээд чиний бие өөрөө буцаж ирвэл баригдах тул тэндээ байх хэрэгтэй. Чухам хаана, хэрхэн байлгахыг тэрхүү хүмүүн бэлхэн зааж өгөх болно.

Чи одоо явахыг бэлтгэж энэ шөнөдөө завдаж оргох хэрэгтэй” гэсэн үүрэг өгөөд Дамба өерийн бичгийн протибел (цүнх)-ээс хөх даавуун боодолтой дундаа конивертийн хир хэмжээтэй нилээд зузаан бичиг гаргаж Бямбад гардуулан өгсөн ажээ.

Тэрхүү Инокүчи гэгч нь 1920-иод онд Улаанбаатар хотод амьдарч монгол хэл суралцаж байгаад японы тагнуул болох нь илэрсэн учир 1926 онд хилээс хөөн гаргасан. 1930-аад онд Манжуурт Монголыг хариуцсан тагнуулын албаны дарга байсан хүн юм.

Бямба Дамбын үгийг дуртайгаар зөвшөөрч буй мэт уул бичгийг хүлээн аваад гарахын хамтаар Дамбаас Цэнд-Очирт: “Чи тэрхүү Бямбыг хэрхэн оргох явдлыг өөрт нь зааварлаж гаргаж өгөх хэрэгтэй. Чи түүнийг гаргаж өгөөд нааш ирээрэй” хэмээснийг Цэнд-Очир за хэмээгээд Бямбын хамтаар гарч явсан болой.

Тэр үед шөнийн 12 цаг болж байсан болов уу. Цэнд-Очир удалгүй буцаж ирээд Бямбад буу, зэвсгийг хэвээр хэрэглүүлэн нэгэн морь унуулж нэгэнт оргуулан явуулав хэмээн Дамбад илтгэж мэдэгдсэн.

Дамбаас тэр даруйд Цэнд-Очир бид хоёрт хэлсэн нь: “Маргааш өглөө Бямбын оргон гарсан явдал илэрмэгц та нараас над хэлж мэдэгдэх ба хайч харуулд утсаар мэдэгдэх бас ойр зуур хүн явуулан эрж сурвалжлуулах зэргээр хуурамч аргыг аль болохоор хэрэглэх хэрэгтэй” хэмээсний ёсоор маргааш нь ойр зуурын газарт хүн явуулан эрүүлэх зэргээр Дамбын хэлсэн ёсоор гүйцэтгэжээ.

Мөн өдөр Дамбаас дивизийн дарга, сургагч, комиссар, штабын Дарга, Дотоод Яамны ангийн дарга нарыг хуралдууулан бүх ажилд заавар өгөхийн далимаар та нар бол өөрийн цэргийн дотор байгаа дайсны этгээдийг танихгүй байсан учраас үл бүтэх этгээдийг чухал харуул манаанд гаргахдаа урьдаар Дотоод яамны ажилд мэдэгдэж хянуулахгүй байсны хорт дутагдал мөн гэх зэргээр нийтийг ихээхэнээр зэмлэх зэргээр өөрийн оргуулсан хэргийг далдлахын тулд ийнхүү зальт аргыг хэрэглэж өнгөрүүлсэн болой[3] гэжээ.

Энэ мэдүүлэг хэдийгээр дэслэгч жанжин Дамбыг “хувьсгалын эсэргүү, Японы талын этгээд” хэмээн буруутгах зорилгоор Д.Цагаанаас тулган шаардаж гаргуулсан байж болох ч 1930-аад онд ДЯЯ-нд хоригдон хатуу бэрхээр тамлуулж, байцаагдаж байсан хүмүүс өөрийн мэдүүлэгтээ худал хилс хэрэг хүлээхийн сацуу хийж үйлдсэн албан ажил, болсон үйл явдлаа “эсэргүү ажил” болгон өөрчилж мэдүүлэх явдал нилээд байсан юм.

Японд оргож гарсан гэх Бямбыг цэргийн тагнуулын зорилгоор БНМАУ-ын зэвсэгт хүчний дээд командлалаас тусгай үүрэг, даалгавар гүйцэтгүүлэхээр гадаадад томилон гаргасан бололтой бөгөөд дээрх баримтаар бол дээрх ажиллагааг Бүх цэргийн жанжины орлогч Г.Дамба, 7 дугаар морьт дивизийн дарга Р.Цэнд-Очир, Дорнод II морьт Корпусын командлагч Д.Цагаан нар зохион байгуулсан хэмээн үзэж болохоор мэт бөгөөд Бямба нь Японд оргож гарсан гэх халхавчаар тагнуулын үүрэг гүйцэтгэхээр гарсан эсэхийг үргэлжлүүлэн судлууштай байна.

ЦАУЗБУК-ын Судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтан, доктор, Д.Хоролдамба


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих