Шинэлэг санаа хийгээд “сэтгэл”

527-1409895932a893f229897d18babigХүмүүс дэндүү муу санаатай байгаагаас аль эсвэл засаг төр тааруухан учраас амьдралд болж өгөхгүй асуудал олон байгаа мэт ухуулга элбэг дээ. Ер нь бид юм л бол яг л муу санааны туйлууд, сайн үйлтнүүдийн эсрэг байдаг үлгэрийн баатруудад амьдралыг хувааж харах гээд байдаг.

Гэтэл үйл хэрэг болоод хүмүүний сэтгэл гэдэг ашиг сонирхлынх нь өнцгөөс харахад олон өнгөтэй болдог эд билээ. Хэн нэгний сайн сайхны төлөө юухныг ч хийсэн эргээд санаагүй үр дүнг үзүүлэх явдал бишгүй бий. Нацизм, фашизм, социализм зэрэг нийгмийн байгууллыг байгуулахын төлөөнөө зүтгэсэн өнгөрсөн түүхийн эрхмүүд сайхан ирээдүйг харж байсан гэдэгт би итгэдэг.

Гэвч санаснаас нь өөр үр дүнгүүд гарсан. Өнөөгийн нийгмийг ч өнө мөнхөд олдохгүй сайхан зохицуулалт гэдэгт эргэлзэх зүйл гарч л байдаг шүү дээ. Гэлээ гээд яахав.

Манайхан “Сэтгэлд хүрсэнгүй” аль эсвэл “Сэтгэл л дутлаа даа” гэж ярьдаг. Энэ сэтгэл гэдэг зүйл яг яаж амьдралд нөлөөлдөг талаар шийдвэр гаргагчид маань бодож байхад буруудахгүй байх аа. Амьдралыг өнгөцхөн харах юм бол яаж ч хялбаршуулж болно.

Саяхан даа, хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө нийтийн тээвэрт иргэд өдрийн турш 500 төгрөгөөр явдаг болгосон. Арав хоног явууллаа. Иргэддээ хөнгөлөлт үзүүлсэн тун өгөөмөр шийдвэр шүү. Гэтэл татаас авсан автобус компаниуд үүнийг цааш нь үргэлжлүүлэх санал тавьсан бол хөнгөлөлттэй үйлчлүүлсэн иргэд нь болиулахыг шаардаж эхэлсэн дээ.

Учир нь автобусны жолооч болоод үйлчлүүлэгч нарын “сэтгэл”-ийн талаар удирдлагууд бодолцоогүй болохоор тэр юм. Кондуктор гэж аашны тулам байхгүй болохоор хүмүүс өөрсдөө суумагцаа “Удахгүй бууна” хэмээн хаалган дээр чихэлдээд бусдыгаа багтаахгүй байх явдал их гарлаа.

Нөгөө талаас байгууллагадаа мөнгө оруулах шаардлагагүй болсон автобусны жолооч нар зогссон болоод л давхиад байсансан. Үүнд нь эцэж ядарсан иргэд өмнөх амьдралаа санагалзаж байгаа юм. Ашиг сонирхолтой холбоотойгоор гардаг “сэтгэл дутах” явдлын жишээ энэ мөн биз.

Ж.Энх

Эх сурвалж: Нийслэл таймс


URL:

Сэтгэгдэл бичих