МУ-ын Хөдөлмөрийн баатар Хайдав: Би мөн ч олон өдөр хайртай бүсгүйнхээ гэрийн буйран дээр хоносон доо

shudarga_mn_1409707894_493171933 онд Их Хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгджээ. Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болжээ. Монголын шинэ үеийн дууны урлагийн “загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, профессор Г.Хайдав өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Манай сурвалжлагч Г.Хайдав гуйтай залуу нас, хайр сэтгэл, хувийн амьдралынх нь талаар дэлэгэрэнгүй ярилцжээ.
-Цогзолмаа гуай та хоёр олон жил хамт байж, сонгодог урлагийг өөрсдийн насны толио шигээ авч явлаа. Залуу насандаа та хоёрын дунд хайр сэтгэлийн холбоо байгаагүй гэдэгт үнэхээр эргэлздэг?
-Цооцоо бид хоёр 64 жил үерхэж байна. Энэ хугацаанд тэр хүнээс нэг ч сүүдэртэй тал хараагүй би. Монгол эмэгтэйн сонгодог жишээ бол Цогзолмаа. Түүнийгээ би Цооцоо хатагтай гэнэ. Заримдаа шоглоод миний найз охин гэж дууддаг юм. Би энэнд сэтгэл алдарч яваагүй. Хэн хэн маань сайхан хань ижилтэй улс болохоор сэтгэлд илүү орон зай байгаагүй. Заримдаа Цооцоо маань манай хүнээс илүү шүү дээ. Яаж байна, ийж байна гэж санаа тавина. Халхын сайхан хүүхнүүдийг хайрлаж хайрлуулж явах хувьтай хүн шиг билээ би. Төмөрөө Сэргэлэн хоёрын маань ээж өдийд байвал байж л байх. Бүсгүй хүн богино ухаантай гэдэг үгийг миний ард түмэн дэмий ч нэг хэлээгүй бололтой юм. Хэрэв надад үнэнээ хэлсэн бол би уучлах л байсан. Дэмий хүний үгэнд орж хайран залуу нас, амьдралаа алдсан түүнийгээ үе үе дурсч л суудаг.
 -Уучлаарай, та анхны хань, гурван хүүхдийнхээ ээжээс ямар шалтгаанаар салсан юм бэ?  
-Тэр муу маань 17-хон настай, би хорь гаруйхан настайдаа амьдрал холбосон хоёр. Сэргэлэнгээ хоёр настай байхад би Орос руу сургуульд явсан. Харамсалтай нь тэр маань цэл залуухан насандаа хорвоог орхисон доо. Эмэгтэй хүний зовлон хэцүү. Нөхрийгөө эзгүйд өөр хүнээс жирэмсэн болсон охиноо ээж нь элдвээр шордож наадахаа янзлуул гэсэн нь үхэл рүү нь түлхчихсэн юм билээ л дээ. Үр зулбуулдаг эм тунг нь ихдүүлж ууснаас сэрэлгүй нэг мөсөн унтчихсан юм. Нөхрөөсөө илүү үзэж сэтгэлээ өгсөн хүн нь эмч хүн байсан юм билээ. Тэр хүнээсээ  эм авч уусан нь түүний минь цэл залуухан амьдралыг авч одсон. Би оюутан байсан болохоор хүүхдүүдээ эмээ дээр нь орхиод эхнэрийнхээ ажил явдлыг өнгөрөөгөөд буцаж байлаа. Тэгэхэд Төмөрөө 4-тэй, Сэргэлэн 2-той, бага нь манцуйтайгаа үлдэж байлаа. Хүүхдүүд маань эмээ дээрээ өссөн. Хүүхдүүдээ өөр дээрээ өсгөж чадаагүй би муу эцэг. Магадгүй Төмөрөө, Сэргэлэн хоёр над дээр өссөн бол өнөөдөр арай өөр амьдрах байсан байх. Эцэг эх байхын хамгийн чухал нь хүүхдүүдийнхээ дэргэд байх юм гэдгийг сүүлд л ухаарсан. Зургаан жил сурах хугацаатай байсан болохоор надад буцахаас өөр сонголт байгаагүй. Тэр үед оюутнаас өөр сэтэргүй надад өөрийн мэдэл байх биш. Нам засгийн даалгавар гэдэг айхтар сүрхий үзэл сурталд баригддаг байсан болохоор хүүхдүүдээ орхиод буцсан.  Эцэг хүний хувьд тэднийхээ өмнө би хариуцлага хүлээгээгүй биш хүлээсэн. Төмөрбаатар, Сэргэлэн хоёрын дүүг 18 хүртэл хүүхдийн тэтгэвэр төлсөн. Сургуультай болгосон. Төгсөөд ирэхэд нь ажилтай болгосон. Байр оронтой болгосон. Эцэг хүнийхээ үүргийг давуулан биелүүлсэн. Харамсалтай нь би сайн эцэг байж чадаагүй ч байж мэднэ.
 -Сайхан хүүхэн байсан уу?
-Хачин гоё эмэгтэй байсан юм. Түүнээс минь надад нэг л зураг үлдсэн. Хааяа нэг харж  суухад сайхан байдаг юм. Театрын Дашдулам нартай их найзархдаг. Тэр үеийн хүрээ хүүхнүүдийн нэг байсан юм.
-Та орос эмэгтэйтэй хамт амьдарч байсан гэдэг. Тэр үеийн сэхээтнүүд орос эмэгтэйтэй гэр бүл болдог байсан моодыг дагахаас өөр арга таньд бас байгаагүй юу?
-Би тэр бүсгүйтэй жинхэнэ хайр сэтгэлээр гэрлэсэн. Би хань ижил үр хүүхдүүдээ өнчрүүлж дахин амьдрал зохиогоогүй. Амьдралд би сагаж яваагүй,  аргадаж амьдарсан. Хань ижлээ алдчихаад гуньж гутарч явсан надад бурхан анхны минь хайртай усны дусал шиг ижилхэн бүсгүйг дахин бэлэглэсэн нь миний хоёр дахь хань. Ухаангүй дурлачихаад Сэлбийн гүүрнээс үсэрч явсан орос бүсгүйтэй минь үйлийн үргүй ижилхэн бүсгүй байсан. Тэр үед монгол хүн орос хүнтэй гэр бүл болох хориотой байсан үе. Цаг үе, ёс журамд баригдсан үе болоод бид хоёр нөгөө л ёс журманд нь баригдаж би сургуулиа төгсөөд нутаг буцах болдог юм. Тэр үед эхнэр маань жирэмсэн болчихсон байсан. Нэгэнт бид хоёр хамт амьдрах нь ёс журмаар хориглогдсон байсан болохоор хоёулаа ярьж байгаад уйлж унжиж байж хүүхдээ авахуулсан юм. Намайг нутаг буцахаас хэдхэн хоногийн өмнө орос хүн монгол хүнтэй гэрлэхийг хориглосон журам цуцлагдаж хоёр биенээсээ салж ядаж байсан бид хоёрт амьдрал бэлэглэсэн. Тэгээд л хонгор шаргал үстэй цэнхэр нүдтэй орос бүсгүйгээ дагуулаад нутагтаа ирж байлаа. Тахимаа шүргэсэн алтан шаргал үстэй орос бүсгүйг харсан эжий минь надад “Миний хүү алтан амьтан дагуулаад ирж. Миний хүүг яаж тоосон юм бол” гэж баярлаж байж билээ. Харсан хүн болгоны харцыг булаасан сайхан бүсгүй байсан болохоор тэр үеийн дарга сайд нар ч эхнэрт минь нүд унагаж надад элдэв үг унагадаг л байсан. Харамсалтай нь бид хоёрын аз жаргалтай амьдрал 19-хэн жилийн настай юм гэдгийг бид хоёрын хэн хэн нь зүүдлээгүй. Харамсалтай нь би тэр сайхан амьтнаа мөн л төрөхийн хүндрэлээр алдсан. Би азтай хэрнээ азгүй хүн. Тэр үед үр хөндөлт хориотой байсан болохоор  анхны үр хөндөлтөө хувь хүнээр хийлгэж, үрийн сувгаа гэмтээсэн байсан болохоор эхнэр маань хүүхэд олдоггүй байсан юм. 17 жилийн дараа эхнэр маань жирэмсэлсэн юм. Харамсалтай нь бүтээгүй л дээ. Төрөхийн хүндрэлээс болж цус алдан үхэл амьдралын зааг дээр очсон эхнэрийн минь амийг аврахаар Ю.Цэдэнбал дарга, Анастасия Ивановна хоёр онгоц гаргаж өгч  би талийгаачаа эмчтэй нь аваад Москва нисч байлаа. Хүн болгоны хайрыг татсан сайхан амьтан байсан болохоор бүгд л амийг нь аврахыг хүсч байсан. Харамсалтай нь түүнийгээ аварч чадаагүй. Ингээд би дахин өнчирсөн. Амьдрал хатуудаа дэндүү хатуу шүү. Надад өгснөөсөө илүүг авсан. Сайхан ханиудаа зуурдаар алдаж сэтгэлээрээ хоёр удаа үхсэн. Амьдралдаа би гурав гэрлэсэн. Бурхан намайг  дахиад л сайхан ханьтай учруулсан. Бид хоёр ач гучийнхаа сайн сайхныг үзээд жаргаж л сууна.
-Та анхны дурлалт орос бүсгүйнхээ талаар ярьж өгөхгүй юу? Тэр эмэгтэйд дурлачихаад Сэлбийн гүүрэн дээрээс амиа хорлохыг оролдож байсан гэл үү? Яагаад тэр вэ?
-Яахав, залуу омголон насны тавьтаргүй зан. Тэр эмэгтэй миний эгчийн найз байсан. Нөхөр нь Германд дайтаж эхнэр нь Монголд эрүүл ахуйн салбарт ажиллаж байсан юм. Эмч бүсгүй байлаа. Ухаангүй дурлачихсан хэрнээ ойртож  харахаас ч айдаг байв. Дэндүү сайхан бүсгүй байсан болохоор тэгтлээ эмээдэг, хүндэлдэг байсан юм болов уу даа. Нэг өдөр эгч, хамт ажилладаг хүүхнүүд нь уйлалдаад байсан нь орос бүсгүйн нөхөр амь үрэгдсэн мэдээ ирж  нутаг буцах болж уй гашуу болж байсан нь тэр юм билээ. Түүнээс хойш нэг их удаагүй  байтал эгч хамт ажилладаг хүүхнүүд бие биеэ тэврээд уйлалдаад байсан нь нөгөө орос бүсгүй замдаа дээрэмчдийн гарт амиа алдсан мэдээ ирсэн нь тэр юм байж.  Тэр бүсгүй олон сайхан арьсан шубатай, их баян  эмэгтэй байсан. Түүнээсээ болж дээрэмчдэд олзлогдсон бололтой юм билээ л дээ. Хамаг юмыг нь дээрэмдээд амь насыг нь хороочихсон байсныг хүмүүс олсон байсан. Энэ аймшигтай мэдээг сонсоод надад амьдрах ч хүсэл байхгүй болсон. Би мөн ч олон өдөр хайртай бүсгүйнхээ гэрийн буйран дээр хоносон. Ямартаа л Сэлбэ айхтар үертэй байхад дугуйтайгаа Сэлбэ рүү үсэрч золигтож байхав. Залуу нас гэдэг мөн халуун шүү. Анхны минь хайрын эзэн болсон орос бүсгүйтэй усны дусал шиг ижилхэн бүсгүйтэй Орост тааралдаж шууд л гэрлэхийг гуйсан. Дахиж алдахыг хүсээгүй болоод тэр. Харамсалтай нь бидний амьдрал  дэндүү богино байсан юм.
-Хүний амьдрал арван хуруу тэгш байдаггүй болохоор танд сайхан хоолой, нэр алдар харамгүй хайрласан хэрнээ хайртай хүмүүстэйгээ элэг бүтэн амьдрах амьдралыг их л харамласан байх юм. Та сүүлийн эхнэрээсээ яагаад тусдаа амьдарч байгаа юм бэ?
-Яахав дээ. Үр хүүхэд өслөө. Одоо бид өөр өөрийнхөөрөө амьдарч болно биз дээ. Эхнэр маань охиныхоо гэрийг сахиж байгаа. Би өөрөө наад зах нь тамхи татдаггүй болохоор тэр хүнийг хэт барих гээд өөрийнхөөрөө байлгах гээд байсан байж магадгүй. Бид хоёр сайхан амьдарлаа. Бидний амьдралд дутуу юм алга. Амьдралд гомдох юм надад байхгүй ээ. Давсан даваа болгоны цаана намайг бэрхшээл хүлээж байсан. Би бүгдийг нь ажралгүй давсан. 75-тай байхдаа би нэг хүнд өөрийгөө үзүүлсэн юм. Тэр хүн надад “Өө та ажрахгүй. Та чинь ногоон гэрэлтэй хүн байна шүү дээ” гэсэн юм. Тэр үгийг сонсоод сэтгэл нэг сайхан цэлмээд явчихаж байсан. Түүнээс хойш хэрийн юм таарахад би огт тоохоо больсон. Хүмүүс харахад миний бүх юм болоод байгаа юм шиг. Намайг Цэдэнбал, Филатова нартай ойр дотно харилцаатай байсан болохоор гэрлийн хурдаар өндөрт гарчихсан юм шиг ойлгодог хүмүүс байгаагүй биш байсан. Гэхдээ тэд тайзан дээр надтай өрсөлдөж чадаагүй. Амаараа биш авьяасаараа өрсөлдөх нь шударга шүү дээ. Өнөөдөр би 85- тайдаа тайзан дээр гарч фенүүдтэйгээ дахин уулзах гэж байна. Цэдэнбал,  Филатова нар надад сайндаа биш, сонгодог урлагт хайртайдаа дуртайдаа надтай сайхан харилцдаг, гэр бүлийн найзууд байсан. Анастасия Ивановна миний орос эхнэрт төрсөн эгч шиг нь ханддаг. Их хайрладаг байсан юм. Нөхөр дагасан бүсгүй заяатай амьтад болоод хүний нутагт хоёр биенээ гэдэг байсан биз хөөрхий.
-Сүүлийн чинь эхнэр танаас олон насаар дүү байх аа?
-10-р анги төгссөн жаахан годгор охин надад их сайн байсан юм. Ээж нь миний орос эхнэртэй найз. Миний шар толгой ээжийг нь “эгч” гээд хачин найзархдаг байсан болохоор би тэр эмэгтэйг хүндэлдэг. Охин нь 10-р анги төгсөх үдэшлэгтээ намайг урьж өгөөч гэж ээжээсээ гуйсан. Би тэр урилганаас нь татгалзаж чадалгүй очиж дуулсан юм. Тэгэхэд гурван найз охин “Би дурласан, үгүй би дурласан” гээд инээлдэж зогссон гэж манай хүн дурсдаг юм. Тэгж анх танилцаад будилж явсаар байгаад бид хоёр суучихсан юм шдээ. Бүр сүүлд сургуулиа төгсч эмч болоод ирснийх нь хойно суусан. Ёстой л төөргөөрөө нийлсэн улс бид хоёр.
-Та дээр “Би сайн эцэг байж чадаагүй” гэж хэллээ.  УГЖ Төмөрбаатар, хөгжмийн зохиолч Сэргэлэн хоёр Монголдоо дээгүүр тооцогдох урлагийн мэргэжилтүүд. Харамсалтай нь өнөөдөр уран бүтээлээ хийх байтугай хувийн амьдралаа босгож чадаагүй яваад эцэг хүний хувьд мэдээж эмзэглэж л суудаг байх даа?
-Би тэдэнд хэлдэг. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэж. Өөрөө өөрсдийгөө, гэр бүлээ болгож яв гэж хэлдэг. Тэр талаар би хатуу. Заримдаа миний хүүхдүүд ингэж ч явах гэж дээ гэж сэтгэл зовдог юм. Сэргэлэн маань 60, Төмөрөө маань 50 гарчихлаа. Надад л нялх юм шиг харагдаж байгаа ч үр хүүхдүүд нь өсч өвөө болцгоолоо шүү дээ. Хөх толгойтой тэдгээр өвгөчүүлийг би загналтай биш. Зодолтой биш. Эцгийн хайр дутсанаас боллоо гэж өөрийгөө зэмлэдэг. Би урлагт өдөр шөнөгүй зүтгэж явсанаас үр хүүхдийнхээ хажууд байж зааж залж чадаагүй буруутай. Тийм учраас Хөдөлмөрийн баатар авахад би огт баярлаж хөөрөөгүй. Авах ёстой юмаа авсан. Ар гэрээ умартаж сонгодог урлагийг Монголд хөгжүүлэх гэж явсан хөлс хүчийг маань харин ч бага үнэлсэн хэрэг. Шагнал горилсон голсон хэрэг биш шүү. Хэдэн хүүхдийнхээ хувь заяагаар “тоглочихсон” эцэг хүн харууссандаа хэлж байгаа үгний ааг. Хүүхдүүдээ урлаг ойлгодог болоосой гэсэндээ бүгдийг нь араасаа урлагийн замд хөтлөсөн. Төмөрөө Сэргэлэн хоёроос бусад нь сайн сайхан яваа. Гэхдээ хоёр хүүгээ би муу явж байна гэж хэлэхгүй. Миний санасанд хүрэхгүй байгаад гомдоод байгаа юм. Миний хүүхдүүд бүгд л эзэмшсэн мэргэжилдээ эзэн болсон чадалтай мэргэжилтнүүд. Энэ бол миний бахархал. Хоёр томдоо дэргэд нь байж сэвлэгийг нь үнэрлэж өсгөж чадаагүй юм даа гэж байр орон сууцыг нь шийдэж өгсөн.. Эхнэрүүдийг нь ч бараг авч өгсөн гэж хэлж болно. Сэргэлэн Мөнхшүртэй сууж байхдаа жаргаж байсан ш дээ. Одоо бодоход би алдаа хийсэн л байгаа юм. Хүн хүндээ хайртай л байвал амьдрал болно гэж бодсон. Арга ч үгүй юм даа. Өөрийнхөө амьдралыг ч зөвхөн хайр сэтгэлээр шийдсэн хүн хүүхдүүдийнхээ амьдралыг заана ч гэж юу байхав. Одоо залуус хайр сэтгэл гэхээсээ бүх талаа харж гэрлэдэг болсон байна. Суурийг нь буруу өрсөн байшин шиг Сэргэлэн, Төмөрөө хоёрын амьдрал нэг л тогтохгүй байна. Би Сэргэлэнд хэлсэн. “Чи архинаас гарчих. Чамд тэр зэргийн сэтгэлийн тэнхээ байгаа. Тэгээд аавтайгаа хамт амьдар“ гэсэн. Гэвч тэр хүн гэрээсээ гарч яваад өнөөдрийг хүртэл эргэж ирээгүй л байна.
-Сүүлийн хэдэн жил УГЖ Төмөрбаатар Хятадын мужуудаар ажиллаж, амьдарлаа. Одоо юу хийж байна? 
-Уг нь би хүүхдүүдээ ажил амьдралаа хооронд нь ялгаж заагладаг болгох гэж хичээсэн юм. Аль аль нь эхнэр дагаад уран бүтээл гавьтай хийхгүй л байна. Төмөрбаатар ах чинь Хөх хотод эхнэрээ эмчлүүлж байгаад ирсэн. Баарны гэрэлд олон жил дуулсаны гайгаар нэг нүд нь их муудсан байна. Сэргэлэн ч бас Хятад руу явсан юм шүү дээ. Гэр бүлтэйгээ явсан. Эхнэр нь нас бараад ганц бие болоод ирсэн. Би амьдралд хайртай байсныхаа хэрээр хатуу хөтүүг амссан. Сэтгэлийн зовлон биеийн зовлонгоос илүү шүү. Миний хүүхдүүд ч бас дор бүрдээ зовж л явна. Эр хүн долоо дордож, найм сэхдэг болохоор тэдэнд нэг их санаа зовохгүй байгаа. Тэд нар залуу хүмүүс. Нас байна. Давах даваа олон бий. Би амьдралд бууж өгөөгүй байхад тэд бууж өгнө ч гэж байхгүй. Тэдний амьдрал өмнө нь байна. Одоо л амьдрал эхэлнэ шүү дээ. Манайхан урт насалдаг улс. Манайханд  зуу гарч насалсан хүн олон.

Ярилцсанд баярлалаа С.ЭНХЖИН
ЦАГ ТӨР

URL:

Сэтгэгдэл бичих