Ж.Батзандан: Засгийн газарт хариуцлага тооцох ёстой

УИХ-ын гишүүн Ж.БатзанданУИХ-ын гишүүн Ж.Батзандангаас цөөн асуултад хариулт авлаа.

-Баянзүрх дүүрэг хүн ам ихтэй. Энэ жил сургууль, цэцэрлэг хүрэлцдэггүй байдал дахин давтагдлаа. Та энэ тойргоос сонгогдсон төрийн түшээгийн хувьд ямар бодолтой байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд энэ жил 50 мянга гаруй хүүхэд цэцэрлэггүй байгаа. Өөрөөр хэлбэл, гэрээр хүмүүжиж байна гэсэн үг. Үүнийг шийдэхийн тулд Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг өргөн бариад жил гаруйтай болж байна. Засгийн газарт хангалттай санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар уяж байгаа. Энэ жилдээ батлана гэж найдаж байна. Тэгвэл хувийн хэвшлийнхэнтэй хамтарч цэцэрлэгийн асуудал шийдэх боломжтой. Улсын төсвийн хөрөнгөөр 10 гаруй цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Одоогийн байдлаар дөрвөн цэцэрлэг ашиглалтад орсон. Зарим цэцэрлэгийн сонгон шалгаруулалт газар чөлөөлөлт, тендерийн маргаанаас хойшилсон гэх мэдээллийг салбар хариуцсан яам өгч байна. Улсын нэгдсэн стандартаар 150 ортой цэцэрлэг барьдаг. Энэ журмаар явж төсвийн мөнгөөр Монголын бүх хүүхдийн цэцэрлэгт хамруулахын тулд 20 жил зарцуулна. Тэгэхээр үүнийг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч шийдэх ёстой. Хуучин арга барилаасаа салах хэрэгтэй байна.

-Засгийн газраас хэрэгжүүлсэн “ЭЗЭН-100” хөтөлбөрийг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг Засгийн газраас санаачилж, УИХ-аас баталсан. Энэ хөтөлбөрийн үр дүн ямар байв гэдгийг Эдийн засгийн байнгын хороогоор ярилцаж, үнэлгээ дүгнэлт өгнө. Тухайн үед УИХ- ын гишүүнийхээ хувьд өөрийнхөө байр суурийг илэрхийлнэ. УИХ-ын зүгээс эдийн засгийг эрчимжүүлэх шаардлагатай хуулиудыг баталж өгсөн. Дээрх хуулиудын хэрэгжилтийг хангах талд Засгийн газраас тодорхой шийдвэр гаргах шаардлагатай байгаа. Энэ ажлаа хурдан эхлэх ёстой. Монголчууд “Амны билгээс ашдын билэг” гэдэг дээ. Тодорхой ажлуудыг хийсэн гэж Засгийн газраас мэдээлж байгаа шүү дээ. Ийм хөтөлбөр хэрэгжүүлсэний эцсийн үр дүнд ард түмний амьдрал сайжирсан байх ёстой. Үр дүнг нь тун удахгүй хэлэлцэнэ. Гэхдээ миний харж байгаагаар иргэдийн амьдрал хүнд байна. Ажилгүйдэл нэмэгдсэн байна. Олон аж ахуйн нэгж компаниуд хаалгаа барьж, гадаадын хөрөнгө оруулалт буурлаа. Харин гадаад харилцааны талд ахиц дэвшилтэй ажиллаж байгааг энд дурдах хэрэгтэй. Хоёр хөршийн Төрийн тэргүүн нар манайд айлчиллаа. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол, батлах хамгаалахын салбарт олон чухал баримт бичигт гарын үсэг зурлаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, хийж чадахгүй, үр дүн гарахгүй байгаа ажлын талаар УИХ-аар нээлттэй хэлэлцэнэ.

-Та “Иргэдийн амьдрал хүнд байна” гэж хэллээ. Ийм байдалд хүргэсэн Засгийн газар хариуцлага хүлээх ёстой юу?

-Ард түмний тодорхой хэсгийг төлөөлж байгаагийн хувьд хуулийг уландаа гишгэдэг, худал ярьдаг, авлига хээл, хахуульд өртсөн Засгийн газрын гишүүдэд хариуцлага тооцохоос өөр арга байхгүй. Ер нь эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулаад хэлэхэд ард түмний хүлээлт их байгаа. Иргэдээс авсан мэдээллээр банкны зээлээ төлж чадахгүй байна. Арилжааны банкны найдваргүй зээлийн хэмжээ хоёр дахин өссөн байна. Хөгжлийн банкаас иргэдэд олгодог бага хүүтэй зээлийн мөнгө банкуудад их хэмжээгээр түгжигдсэн байна. Өөрөөр хэлбэл, банкууд мөнгө угаадаг, хүүлдэг газар болжээ. Төсвийн хөрөнгө оруулалтын ихэнхи хувийг ашиглаагүй байна. Тэгэхээр энэ Засгийн газрыг би “Сайн ажиллаж байна” гэж дүгнэж чадахгүй.

 

Ц.Анир


URL:

Сэтгэгдэл бичих