Гудамжнаас олсон хар гар

гарНамрын сэрүүн өглөө биеэ халааж гүйж байгаад ирсэн Биеийн тамирын дээд сургуульд сурдаг хүү Төгсбаяр нь гэртээ орж ирэхдээ гартаа цоо шинэхэн савхин бээлий барьчихсан орж иржээ. Тэгээд цайгаа чанаж суусан ээждээ хандан “Ээж ээ, би сая гүйж байгаад цоо шинэ савхин бээлий оллоо. Өнгөрсөн өвөл бээлийгээ хаясныг маань мэдсэн юм шиг улаан зам дээр байж байдаг байна шүү. Надад яг таарч байна. Хэн нэгэн нь халааснаасаа унагачихсан бололтой. 10000 төгрөг хаа юм. Сэжиглэж, цэрвэлгүй өмсчих үү” гэхэд ээж Нүрзэд нь өнөөх бээлийг хараад ямар ч адын бодол орж ирээгүй тул хүүдээ “Тэг ээ, тэг” хэмээн хариулжээ. Өдөр нь Төгсбаяр хичээлдээ явахдаа бээлийгээ орон дээрээ орхичихсон байжээ. Гэрээ цэвэрлэж явтал орон дээр юм хөдлөх шиг болохоор нь хартал өнөө бээлий нь хэн нэгэн гарыг нь салаавчлуулсан юм шиг байж байх нь тэр. “Хүү л бээлийгээрээ оролдож байгаад орхичиж дээ” гэж бодсоор бээлийг нь куртканых нь халаасанд хийжээ. Ингээд тэр шөнөдөө бүгд унтаж байтал Нүрзэд авгайн нойр нь сэрвэлзээд нэг л унтаж чадсангүй. Аргаа барсан тэрээр удаан хэвтэхээр ууц нуруу нь чилээд байсан тул босч галын өрөөндөө орохоор явж байтал коридорын хувцасны өлгүүрээс ямар нэгэн зүйл хөдлөх шиг болжээ. Ахиулан харвал хүүгийнх нь куртканы халаас руу үстэй гар орж байх шиг харагджээ. “Би чинь ямар гээч муу ёрын зүйл хардаг билээ” хэмээн дахин лавшруулж харвал яах аргагүй нэгэн хүний бүгтхэн “Өрөөсөн гарыг минь халхалдаг болохоор өгчих л дөө” хэмээн куртканы халаас руу үстэй гар байн байн орж гараад байх юм гэнэ. Айсандаа цус нь царцсан Нүрзэд авгай нэг хэсэг хөдөлж чадахгүй зогссоноо гэнэт муухай хашгиран хүүхдүүдээ сэрээжээ. Ээж нь саяын харсан явдлаа хүүхдүүддээ хэлэхэд Төгсбаяр “Ээж ээ, юу гэж тийм юм байдаг юм. Та унтаж чадахгүй ядраад хий юм харсан байлгүй” гэжээ. Тэгснээ “Танд элдэв янзын юм харагдаад байвал гадаа гаргаад хаячихъя” гээд байшингийнхаа гадаа гаргаад тавьчихав. Тэд хэсэг сууж байгаад унтахаар хэвтэв. Нүрзэд цонхоор мэлтэлзэх сарны саруулханыг харангаа “Маргааш чинь шинийн 15 юм байна. Сар дүүрээд сайхан байна шүү” гэж бодож байтал цонхон дээр нь сүүдэр тусах шиг болов.
Дахиж хий юм харзхаас айсан тэрээр нүдээ тас анив. Гэтэл цонхыг нь хэн нэгэн тогших дуулдлаа. Тэгэхээр нь нүдээ нээгээд хартал цонхон дээр нь өрөөсөн гаргүй нэгэн эр цамцныхаа ханцуйд бээлий углах гээд хэрэндээ бухимдаж байгаа дүр зураг сарны саруулхан гэрэлд тодоос тод харагдав. өмч чадаагүйдээ уурссан тэрээр бээлийгээ газар хаяад баахан дэвсэв. “Яах гэж архи ууж, өрөөсөн гараа хөлдөөж тайруулав даа” хэмээн үглэх нь хэнд ч дуулдахаар тодхон сонсогдов.
Ингээд хэргийн учрыг тайлсан Нүрзэд авгайн айдас бага багаар замхарч сүүлдээ мөнөөх гарыг өрөвдөх шиг болжээ. Амандаа мэддэг маани тарниа уншиж суусан Нүрзэд “Өрөөсөн гартаа бээлийгээ өмч чадахгүй явсан хүний сүнс хоргодсон эд байна даа” гэж бодоод хүүдээ хэлэхээр шийдэв. Ямар ч байсан тэрээр хүүгээ чөтгөр шүглэсэн бээлий авчирсан болохыг амархан мэдэв. Өглөө босоод дүү нарыг нь хичээлдээ явсны дараа Нүрзэд Төгсбаяртаа хандан “Миний хүүгийн авчирсан бээлий нэг л биш ээ. Шөнө гаргаж хаясан чинь бээлийг чинь өмсөх гэсэн хүний дүрсийг ээж нь олж харсан. Ийм болохоор бээлийгээ хаясан нь дээр байх” гэж зөвлөтөл Төгсбаяр “Та хүний хаясан гээсэн юм л хэрэглүүлэхгүй гэж тэгж байгаа биз” гэж хэлснээр өөр  үг хэлсэнгүй. Гэхдээ тэрээр ээжийнхээ үгнээс зөрөлгүй бээлийгээ хаяхаар авч гарчээ. Харин тэр өдөр ангийнх нь Оргилын төрсөн өдөр болж таарчээ. Төгсбаяр өглөө цүнхэндээ өнөөх бээлийгээ хийсэн байсан нь аз болж, хэдийгээр өөрт нь харамсалтай байсан ч орой нь төрсөн өдрийн бэлэг болгон найздаа бэлэглэжээ. Хэд хоногийн дараа Оргил Төгсбаярын бэлэглэсэн бээлийг өмсч, мотоцикль унан хотоор хурдалж яваад осолд оржээ.Төгсбаяр   найзыгаа эмнэлэгт эргэж иртэл хоёр хөл нь хугарчихсан сойлттой, өрөөсөн гараа тайруулчихсан, нүүр ам нь шарх сорви болсон ёолон хэвтэж байлаа.
Гэтэл гайхалтай нь Оргил тун хачин зүйл найздаа ярьжээ. Бээлийг өмсчихсөн мотоциклио барьж явтал хэн нэгэн гараас нь угзчин “Бээлийг минь өг, би өрөөсөн гаргүй хүн. Наад бээлийгээр чинь би гараа орлуулдаг юм” гэж хэлээд гарыг нь хэд хэдэн удаа татсан байна. Ийнхүү хэд хэлсний дараа тэрээр ямар ч саад тотгор энхэл донхол байгаагүй газарт жолоодлого алдан онхолдсон ажээ. Яалт ч үгүй ямар нэгэн далдын хүч бээлийг нь булаалдан гартай нь ноцолдсоноор ийнхүү жолоо алдсан аж. Үүнийг сонсоод Төгсбаяр ээжийнхээ үгэнд сая л итгэжээ. Гэртээ очоод болсон явдлыг ээждээ хэлж, үзмэрчид хандсан байна. Шоо төлгөө хаяж байснаа “Сүнс хоргодсон эд олсон байна. Эд зүйлдээ хоргодсон сүнсийг аргадаж явуулахгүй бол гараас гар дамжин яваа тэр зүйлээс болж муу явдлууд учрах юм байна” хэмээжээ. Иймд Төгсбаяр Оргилд бэлэглэсэн өнөө бээлийгээ ямар нэгэн аргаар буцааж авахаас өөр аргагүй байдалд оржээ. Маргааш нь найзыгаа эргэж ирэхдээ бээлийгээ  асуусан байна. Эмнэлэгт хүргэх, үеэр Оргилын ах нь бээлийг нь авсан болохыг мэджээ. Гэвч ахаас нь нэхэж авалтай биш, хэдэн хоног өнгөрчээ. Гэтэл арваад хоногийн дараа ахиад муу мэдээ дуулдав. Оргилын ах савхин бээлийг өмсч яваад үл таних залууст зодуулан өрөөсөн гараа гэмтээжээ. Тэдгээр залуусын өөдөөс зодолдох гэхэд гарыг нь хэн нэгэн татаад яалт ч үгүй зодуулсан байна. Иймд Төгсбаяр ямар нэгэн аргаар бээлийг эргүүлж авах хэрэгтэй боллоо.
Хамгийн хачирхалтай нь хэдэн өдрийн дараа Төгсбаярыг өглөө бэлтгэлээ хийхээр гэрээсээ гарахад нэгэн өдөр өрөөсөн гаргүй хүн тааралдсан байна. Тэрээр хажуугаар нь гүйж явахдаа анзаараагүй ч санамсаргүй эргээд харахад өрөөсөн гартаа бээлийтэй байсан аж. Тэр үед юу ч бодоогүй ч гэртээ орж ирээд өнөө савхин бээлийний эзэн мөн байх гэж таамаглажээ. Маргааш  өглөө нь мөн л гүйж явтал тэр хүн ямар нэгэн юм газраас хайгаад байгаа  бололтой байх юм гэнэ. Ойртож очвол тэр хүний хөл нь алхах биш, урсах мэтээр хөдлөх нь гайхалтай. Даанч царайг нь харах гэсэн ч нүүрээ нуугаад харуулсангүй.
Энэ байдлаар хэд хоног өнгөрсөн болохоор тэрээр бээлийний эзэн мөн байна гэж бат итгэжээ. Нэг өглөө гүйж байгаад хэрэг болгон “Ах аа, та юу хайж байгаа юм бэ” гэхэд “Бээлий” гэж хэлэх нь хөндий төмөрт хашгирч байгаа юм шиг цуурайтаж сонсогдох нь сонин. Ухаанаа гартал айсан Төгсбаяр тэр чигээрээ гүйсээр гэртээ орж ирж ээждээ энэ тухай хэлжээ. Ингээд өөрийн бодлоо баталгаажуулсан тэрээр Оргилын ахаас бээлийг нь авч, нэг өглөө гүйхдээ яг олсон газартаа хаяжээ. Харин маргаашнаас нь өнөө хачин эр дахиж харагдахаа больсон байна. Сүүлд тэр хавийн хүмүүсээс учрыг сонсох нь ээ өрөөсөн гаргүй тэр эр архидан согтуурхаж яваад гудамжинд тасарч унаснаас болж гараа хөлдөөсөн байна. Тэгээд гараа нууж, савхин бээлий өмсдөг бөгөөд тэр өдөр бас л архидаж яваад савхин бээлийгээ гээсэн аж. Гэвч тэр өдөр уусан архиндаа нам цохиулж гудамжинд тасарч унаснаасаа болж шөнөдөө хөлдөж нас барсан бөгөөд нас барахдаа “Миний бээлий хаа байна” гэж үглэсээр бурханыг зорьсон байна. Ингээд тэрээр үхэхдээ өөрийн хэрэглэж байсан эд зүйлдээ хоргодсоноор сүнс нь амар тайван явж чадахгүй байсан бололтой. Ер нь монголчууд хээр гадаанаас эд зүйл олохдоо гар хүрдэггүй номтой. Сүүлийн үед хүмүүсийн олз ашиг хайх нь хэрээс хэтэрч сүүлдээ бүр шарилын нүх ухаж, талийгаачдын хайрцагнаас авсан хувцас хунарыг ч өмсөхөөсөө эмээхгүй болоод байгаа. Гэтэл хувцас гэдэг бол тухайн -хүний энёргййг хамгийн их шингээсэн байда бөгөөд тэр хэрээр гай барцад дагуулдаг гэдгийг сануулахад илүүдэхгүй болов уу.
Тэмдэглэсэн У.Бөхболд

URL:

Сэтгэгдэл бичих