Хүн анх Монголд үүссэнийг нотлох олдвор илрэв

5.4 м өндөр, аварга хүн ч байжээ

1. Ердөө нэг мэтр өндөртэй хүмүүс Явад амьдарч байжээ

Хүн австралопитэк, питэкантроп гэсэн шатуудыг дамжаад хомо сапиэнс буюу кроманён болчихсийм гэж дунд сургуульд заадаг байж билээ. Расизм, нацизм, колониализм, шовинизм, национализм зэрэг хүн төрөлхтний хорт үзэгдлүүдийг арилгахын тулд тэргүүний эрдэмтэд буюу улс төрчдийн зохиосон онол юм гэнэ билээ шүү, базарваань. Африкаас хүн төрөлхтөн гаралтай гэх нь худал, олон зүйл хүн байсан гэдэгт итгэх цаг нэгэнт ирсэн шиг.
Дэлхийн цаг агаар гэологийн хүчин зүйлээс болж хуурайшихад, ойн бүрхэвч арилж, задгай тал хээр ноёлжээ. Тэгэхэд австралопитэк, парантроп, кэниантроп, сахэлантроп зэрэг эртний хүмүүс (хүн дүрст бич, хоминид, примат ч гэнэ) үүсч дээ. Австралопитэк гэхэд л дотроо афарэнсис, африканус, амамэнсис, бахрэлгазали, сэдиба гэж хуваагдана. Парантроп нь этиопиаус, робустус, боисэй гээд зүйлүүдтэй. Эдгээр нь гаднаас нь харахад хоёр хөл дээрээ явдгаараа л сармагчдаас ялгарна. Гэхдээ мэргэжилтэд олон ялгааг олдог.

Хоёр сая жилийн өмнө хомо хабилис буюу чадварлаг хүн үүсчээ. Чулуун зэвсэг зэрэг олон дэвшилттэй тал түүнд буй. Хабилистай ойролцоо шинжүүдтэй хомо гаутэнгэнсис гэдэг эртний хүн бас байв.
1.75 сая жилийн өмнө синантроп буюу хомо эрэктус (босоо хүн) буй болсны үлдэгдэл Хятадын Юннаньд олджээ. Африкийн хамаатан зүйл (дэд зүйл ч хэмээнэ) нь хомо эргастэр, Хойд Африкийнх нь хомо атлантропус гэгдэнэ. Эрэктустай ойр хайдэлбэргэнсис, родэзиэнсис, гэоргикус гээд бас зүйлүүд буй.
Хайдэлбэргийн хүний нэн том, учир битүүлэг эрүү 1907 онд Гэрманд олдож дуулиан тарьж байсан. Аварга том амьтан байх гэтэл, 1.5 м өндөр, гал хэрэглэдэггүй, цагаан арьст хомо бөгөөд нэандэрталь хүний өвөг байж магад гэгддэг. Хомо гэоргикус 2002 онд нээгдсэн бас л сонирхолтой зүйл.
Эрэктус 1.5-1.8 метр өндөр, хосоор амьдардаг болсон, “ашелын соёл” гэгдсэн ахуйтай, каннибалист буюу, хүний мах идэхээс буцдаггүй байж. Ер нь хомо нарын дунд каннибализм гайхам үзэгдэл биш бөгөөд, сармагчнаас арай илүү ухаантай болоод ирэхээрээ л “бэлэн мах хажууд байж байхад яагаад өөрсдийнхнөө идчихэж болдоггүй билээ” гэж бүдэг бадаг санасан шиг. Тэдний каннибализмын хүрээнд, өөр зүйлийн хүнийг идэхийг бол хамруулж үздэггүй.
Эрэктусаас хомо рудольфэнсис, антэцэссор, цэпранэнсис үүссэн гэдэг. Гэтэл ВВС-ийн “Walking with Cavemen” дээр рудольфэнсис, хабилис хоёр зэрэгцэн амьдарч буйгаар гардаг. Эртний хүмүүсийн зүйлчлэл, оршиж асан хугацаа зэрэгт маргаантай зүйл их бий.
Нэг хэсэг, питэкантропыг эрэктусын дэд зүйл хэмээж байв. 1890 онд анх Явад яс нь олдсон энэ амьтан эрэктусаас тусдаа зүйл, бидний өвөг дээдэс бус гэсэн дүгнэлтэд саявтар индонэз, японы эрдэмтэд хүрчээ. Питэкантропын дэд зүйл явын, солойн, бээжингийн, лантяний гээд бий.
Хомо флорэсиэнсис гэх 1 м өндөр хүний үлдэгдэл 2004 онд Явад олдсоныг эрэктусын одой дэд зүйл гэж үзэж байсан юм. Гэтэл бие даасан зүйл болох нь тогтоогдож, хоббит хүн гэгдэх болов. Түүний савар маш өвөрмөц бөгөөд, 12 мянган жилийн өмнө галт уулын дэлбэрэлтээс болж мөхөөгүй бол, одоо ч эсэн мэнд байж болох байсан гэдэг. Ёдын дутагдлаас болж тэнэгтэх өвчинд (крэтинизм) их нэрвэгддэг байжээ, хөөрхий.

Флорэс хүн нэг м өндөр байв

2. Нэандэрталь хүнийг кроманён өвөг дээдэс маань идэж дуусгажээ

Нэандэрталь бол, биднийг эс тооцвол, гэном нь бүрэн шифрлэгдсэн, цорын ганц зүйл хүн юм. Хомо сапиэнсийн гэномтой тун ойролцоо, 99.5 хувь давхцах тул, хүний митохондрийн ДНХ-г гэнийн инжэнэрчлэлээр жаахан янзлаад л нэандэр хүнийг клоноор гарган авч болно гэж эрдэмтэд үздэг, хорхойсдог. Арслан зааныг амилуулна гэж байгаа юм чинь болохгүй нь ч юу байхав. Гэхдээ нэандэр хүн бидэнд илүү сонин байх биз ээ.

Учир нь тэрбээр, оюун ухааны төвшнөөрөө бидэнтэй адил. Ярина, бурханд итгэнэ, тахил өргөнө, зурна, сийлнэ, бишгүүрээр хөгжимдөнө, дуулна, бүжиглэнэ, бэлгэдэл дүрсээр утга санааг тэмдэглэнэ, өдөн чимэглэлд дуртай. Өвчтэй гэмтэлтэйгээ асарч тэжээнэ, эмчилгээ хийнэ. Үхсэн нэгнээ болон, дайснаа иднэ. Тэр үед бидний өвөг дээдэс гэгддэг кроманён хүн тийм л амьдрал ахуйтай байв. Бие биедээ нэандэрчууд болон кроманёнчууд соёлын харилцан нөлөөллийг багагүй үзүүлсээн.
Хүйтэн уур амьсгалд илүү зохилдсон. 300-24, магадгүй 12 мянган жилийн өмнө ч амьдарч байсан. Зарцуулах энэргийн төвшин нь кроманёноос 32 хувь илүү тул, махан хүнсний хэрэгцээ ихтэй, тиймээс ан гөрөөнд их анхаарал тавина. Намхан (165 см орчим) хэрнээ бахим зузаан биетэй, толгой занхар, цээж нь хавтгай биш торх хэлбэртэй, яс нь том, бөх, кроманёноос 30-40 хувь илүү булчинтай, тэсвэр тэвчээр ихтэй, өвчин гэмтлийн эдгэлт сайтай. 8-10 насандаа бие гүйцдэг байж.

Өмнө нь нэандэр хүний зүс царайг биднийхээс их өөрөөр дүрсэлдэг байсан нь, олдвор ховор, олдсон нь өвчтэй хүний үлдэгдэл байснаас болжээ. Өдгөө бол эрдэмтэд, нэандэр хүний царай цайвар, үс улбар, биднийхээс ялгаа багатай гэж мэдэгдэж байна. Нэандэр маягийн нүүртэй хүн орчин үеийн хүмүүсийн дунд цөөнгүй тохиолдох агаад, царай муутай хэмээгдэхгүй ч гэдэг.
Биологийн өрсөлдөгчид тул нэандэр, кроманён нар ерөнхийдөө сөргөлдсөн, дайсагнасан харьцаатай байж. Эрлийзжих, хоорондоо хослон амьдрах явдал цөөнгүй байсан нь найрсаг харьцаанаас үүдсэн гэх баталгаагүй юм. Израильд, нэандэр, кроманён хүмүүс хамт амьдарч асан агуй олдлоо гэгдсэнийг, бие биенээ хөөж туун, ээлжилж эзэгнэж байсан бололтой гэж мэргэжилтнүүд залруулсан. Австралопитэк-хабилис-1.эрэктус 2.хайдэлбэргэнсис-1.кроманён 2.нэандэрталь гэсэн схэмээр юм уу, эсвэл эрэктусаас хоёулаа 500 мянган жилийн өмнө салаалсан гэлцдэг. Хайдэлбэргэнсисаас гадна 1968 онд Карабахад олдсон азых хүнийг нэандэрталийн өвөг байж магадгүй ч гэдэг.
Өнөөгийн бидний удмын санд нэандэр гэн буй гэх агаад, африкчуудад л байдаггүй гэнэм. Ташрамд, homo sapiens-д idaltu гэх дэд зүйл байсныг нотлох, 160 мянган жилийн настай олдвор 1997 онд илэрч, 2003 онд тодорхойлогджээ.
Нэандэр хүмүүний сөнөсөн шалтгаан тодорхойгүй:
1. Кроманёнчууд тэднийг идэж дуусгасан гэх шуугиант таамаг буй. Халуун цөлөөр хучигдсан Африкаас ирээд тэд юуны өмнө, дайчид нь ав гөрөөнд одсон нэандэрчуудын хүүхэд, эмэгтэйчүүд, хөгшдийг идэж, агуйд нь отож, буцаж ирэгсэд рүү ч мөн довтлон устгадаг байсан гэх. Үүгээрээ бахархаж, нэандэрийн яс шүдээр чимэг, зэмсэг хийсэн нь багагүй олддог гэнэ;
2. Африкийн зочдоор дамжин аюулт өвчин халдсан ч гэдэг;
3. Кроманёнчууд нэгдэж нийлэхдээ илүү сайн, мах зонхилсон хүнсгүй, зовлон үзэж хэрсүүжсэн тул биологийн өрсөлдөх чадвар сайтай байж, шахан түрж, уусгасан гэнэм;
4.Цаг уур дулаарахад, хүйтэнд зохилдсон нэандэрууд тэсвэрлэлгүй мөхлөө гэх нь ч буй.
Аль аль нь, нийлбэр байдлаараа ч учир дутагдалтай санагдаж байгаа биз. Нэандэр ч кроманёныг идэж чадна, өвчин халдварлуулна, өрсөлдөх чадвар сайтай, тэсвэр тэвчээртэй.

Гэоргик хүн зүүдэнд ором дүр төрхтэй

3. Хүн төрөлхтөн нэг зүйлийн бус, өөр өөр зүйлийн хүнээс үүсчээ

ОХУ-ын Алтайн хязгаар бол эртнээс монголоидууд амьдарч ирсэн, монголчуудын нутгийн төв хэсэг ч асан, 1860-аад онд л Оросын мэдэлд шилжсэн газар. 2010 онд, тэндхийн Соленешенскийн дүүрэг, Ануй голын орчмын Баавгайтын агуйд (Аю-Таш, Денисийн, Дионисийн агуй ч гэгдэх), кроманён, нэандэртальтай нэгэн үед амьдарч байсан, харьцангуй өндөр хөгжил, соёлтой хүний үлдэгдэл, эд өлөг олдсон нь Монголоос олдсоноос өөрцгүй юм. Их дуулиан ч дэгдээсэн.
Денис хүн (баавгайтын хүн, баавгайт хүн гэсэн ч болно л доо) Африкийн ямар ч өвөгтэй холбоогүй, Төв Азид уугуул (автохтон) байдлаар үүссэн аж. Африкаас хүн төрөлхтөн гаралтай гэх явцуу онолд хөөрхөн цохилт болсон нээлт юм. Кроманёноос африкчууд, нэандэраас европчууд, денисээс монголоидууд, питэкантропоос австраличууд гаралтай гэх таамаг ч төрөөд байна.
Биологийн өөр зүйлүүдийн эрлийз үржих чадваргүй гэсэн няцаалттай тулгарч буй ч, таамгийг хүчжүүлэх баримтууд гарч ирсээр…
Денис хүн солирын төмрөөр зэвсэг хийсэн нь бусад зүйлийн хүмүүсээс чадварлаг байсныг нь харуулна  гэж бичигдсэн байсан. Зарим нь, Төв Азид анхны хүн, хамгийн эртний хүн үүсчээ гэж зоригтой дуугарах ч боллоо шүү дээ.
Африк, Европ, Индонэз, Хятад, Төв Ази гээд хүн үүссэн янз бүрийн голомтууд (олдвор олдсон байдлаар) байсан бололтой гэж үзэх нь түгээмэл боллоо доо. Есөн сая жилийн өмнөх зэрэг, Африкийн алдарт “анхдагч” олдворууд нь ердөө л, хүнтэй бус, сармагчинтай холбоотой байх магадлал тун өндөр аж. Харин ч Африкийн өнөөгийн хүн ам бол нэлээд хожуу очигсдын үр удам гэх таамаг гарч ирж байна. Бүх юм эсрэгээр, гэхдээ илүү нарийн түвэгтэй байсан байж магадгүй байна шүү.

Нэандэр хүнийг өвөг дээдэс маань идэв үү

4. Пирамидыг үлэмж биет, аймшигт боолууд барьжээ

Хүний зүйлүүдтэй холбоотой өөр оньсого тааварлиг мэдээ гэвэл үлэмж биетнүүдийн тухайд юм.
Хоббит гэдэг ганцхан м өндөр одой хүн олдсон байхад, яагаад үлэмж биетэн олдож болохгүй байх билээ. Гигантопитэк гэдэг, гурван м өндөр, 350 кг аварга сармагчин байсан. Иймэрхүү өвгөөс хүн үүссэн байж болох юм.
Пирамид, Стоунхэнж, Моуаи зэрэг нүсэр байгууламжийг эртний хүмүүс үлэмж биетнүүдийн тусламжгүйгээр барьж босгож чадахгүй байсан гэдэг.

Испанийн Гарос, Урбас, Кастиль, Мэдинасэли, Лэонэ, Кантабри зэрэг газруудаас хүний аварга яс олдож байжээ.
Явад 300 мянган жилийн өмнө мэгантроп гэх үлэмж биет амьдарч байсан, палэояваникус, африканус гэх хоёр дэд зүйлтэй гэдэг.
Ликсусын хүний хүүхэд 11 настайдаа хоёр м 20 см байж.

1950 онд Түркийн зүүн-өмнөдөд зам барьж байтал өнөөгийн хүнийхээс гурав дахин том гуяны яс олджээ.
Тунисийн Шэнинид гурван м өндөр цогцсууд илрэв.
Сирийн Сафитад сүхний 3.8 кг толгой, Мароккод жадны 4.2 кг хошуу, сүхний найман кг толгой олдсон.
АНУ-ын Брэдфордод хоёр м өндөртэй, духандаа эвэр мэт зүйлтэй хүний яс, Тэхасад 54 см урт тавхайн мөр (бронтозаврын үеийн) илэрсэн.
Хятадад зургаан хуруут үлэмж биетний мөр тохиолдсон агаад, Библид 24 хуруутай аварга хүний тухай үгүүлдэг.
Филиппинд 5.18 метр бололтой хүний яс, 1956 онд Кагаян гэдэг газарт нь 15х5 см шүд олдсон бөгөөд, эзэн нь 5.40 метр өндөр байсан янзтай аж.

Энэ мэт мэдээнүүд цөөнгүй бөгөөд, гэхдээ үлэмж биетэн яг шинжлэх ухаанд бүртгэгдчихсэн зүйл алга л байна.
Мөн алмас гэх хүний тухай мэдээлэл олон. Өдгөө хоминид буюу, хүн төстний таван зүйл л байгаа нь орчин үеийн хүн, шимпанзэ, бонобо (одой шимпанзэ), горилл, орангутанг. Урьд, сармагчдыг тооцохгүйгээр, эртний хүн хэдэн арван зүйл байсан агаад, өнөөгийн хомо сапиэнс нэгэн үе нэандэрталь, дэнис, хоббит (флорэс) гээд гурван зүйл хүнтэй зэрэгцэн амьдарч байж дээ.

Ч.Мөнхбаяр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих