Ниргэсэн хойно нь хашгирдаг мэргэжлийн хяналтын газрыг тараая
…2014 оны есдүгээр сарын 7-ны өдөр Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо “Хос өргөө” хотхоны хойд талд баригдаж буй барилга дээрээс гурван хүн унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа. “S DEVELOPMENT” ХХК-ийн захиалгаар “Бо Бэ констракшн”-ы барьж буй барилгын 26 дугаар блокны 10 дугаар давхар дээр ажиллаж байсан гурван залуу өргүүрийн дүүжин шатан дээрээс унасан талаар цагдаагийнхан мэдээлэв. Хохирогчид нь дөнгөж 18, 22, 23 настай залуус. Тэдний дунд хуулийн сургуулийн төгсөх ангийн оюутан байжээ. Сургалтын төлбөрөөсөө хэлтэлчих санаатай хэд хоног ажиллах гэж яваад ийм харамсалтай байдалд хүрсэн аж. Ослын дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хяналтын хэлтсийн байцаагч Н.Баясгалан гэдэг тайлбар өгч байна. Түүний хэлж байгаагаар бэхэлгээний боолт суларснаас осол гарсан гэнэ. Мөн НМХГ-аас “Энэ барилгын үйл ажиллагааг өнгөрсөн дөрөвдүгээр сараас зогсоож, цахилгааныг нь тасалсан” гэсэн мэдээллийг өгчээ.
Одоогоос 20-иод хоногийн өмнө барилга угсралтын ажилд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан “Сувдан алт” ХХК-ийн хөдөлмөр хамгааллын инженер Б амиа алдсан юм.
Ослын дараа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж “Оршил констракшн” ХХК-ийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр хөдөлмөр хамгааллын инженер ажлын зааварчилгаа өгч байх явцдаа хөл алдсаны улмаас унасан гэсэн юм.
Хэдэн сарын өмнө дөө, нийслэлийн гэр хорооллыг дахин төлөвлөх тендерт шалгарсан “Өндөр буянт холдинг” ХХК-ийн барьж байсан барилга дээр осол гарсан. Тодруулбал, Баянзүрх дүүргийн V хороо, Кино үйлдвэрийн ард байрлах “Happy town” хорооллын барилгын 16 давхраас туслах ажилтан нь унаж амиа алдсан юм. Тэрээр үдийн цайны дараа 16:00-17:00 цагийн үед барилгын материал зөөж байхдаа барилга, шат хоёрын дунд хий гишгэн, хөл алдсанаас осолджээ. Ослын шалтгааныг туслах ажилтан мэргэжлийн бус, аюулгүй ажиллагааны дүрэм мөрдөөгүй хэмээн үзжээ. Талийгаач залуу тус компанид ажилд ороод арваадхан хонож байсан бөгөөд ээж, дүүтэйгээ гурвуулаа амьдардаг оюутан байсан гэх мэдээлэл бий. Үнэхээр харамсмаар.
Мөн 2013 онд “Макс өргөө” компанийн барьж байгаа барилга дээрээс төмөр унаж, ШУТИС-ийн оюутан 20 настай залуугийн аминд хүрсэн хэрэг гарсан. 2012 онд ХУД-ийн гуравдугаар хороо, 18 дугаар сургуулийн хажуугийн барилгын найман давхраас хоёр ажилтан унаж хүнд бэртсэн… Төрийн ордны хамгаалалтын хашааны хажуугаар явж байсан охины толгой дээрээс тоосго унаж гэмтээсэн… ХУД-ийн 15 дугаар хороонд баригдаж буй “Натур хаус” компанийн орон сууцны барилгаас туслах ажилтан 42 настай Э хананд бэхэлгээ хийж байгаад найман давхраас унаж амиа алдсан….
…ХУД-ийн 15 дугаар хороонд баригдаж буй “Страйк” компанийн барилгад туслах ажилтнаар ажиллаж байсан Хан-Уул дүүргийн IX хороо, Буянт-Ухаагийн есдүгээр гудамжинд оршин суух 15 настай Д барилгын шат нурснаас есөн давхраас унаж хүнд гэмтэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн.
…БГД-ийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан кран 12 настай охин Е-ийн дээрээс нурж амь насыг нь хохироосон. Кранд даруулсан машины жолооч хүнд бэртсэн.
…БЗД-ийн 13 дугаар хорооны нутагт байрлах “Сүнжин гранд” зочид буудлын хашаан дотор үерийн ус зайлуулах нүхэнд 57 настай Г унаж нас барсан.
…СХД-ийн 22 дугаар хороо, “Бридж констракшн” ХХК-ийн барьж байсан барилгын дөрвөн давхраас БНАСАУ-ын иргэн унаж нас барсан.
Энэ мэтээр сүүлийн есөн жилд буюу 2005-2013 онд барилгын салбарт нийт 581 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч, үүний улмаас 246 хүн нас барж, 130 хүн тахир дутуу болж, 272 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан аж. Айдас түгшүүр төрүүлсэн ослууд ийн үргэлжилсээр л…
Гэвч энэ бүхэнд хэн хариуцлага хүлээдэг вэ? Мэдээж хэрэг, осол гаргасан компанийнхан. Хараа, хяналт тавиагүй компанийн захирлууд, хариуцсан мэргэжилтэн инжененрүүд нь торгууль тэнсэн, эсвэл 1-3 жилийн хорих ял хүртээд л өнгөрдөг. Хүний амь нас хохироочихоод шүү дээ.
Уг нь Монгол Улс төртэй, төрийн хяналттай. УИХ-ын 2002 оны 58 дугаар тогтоол, Засгийн газрын мөн оны 162 дугаар тогтоолоор олон яам, газар харъяалагдаж янз бүрийн бүтэц, зохион байгуулалттайгаар ажиллаж байсан хяналтын 13 алба, нэгжийг нэгтгэн Улсын мэргэжлийн хяналтын газрыг Монгол Улсын Ерөнхий сайдын харъяанд байгуулснаар бий болсон өнөөдрийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэдэг данхайсан том газар бий. Энэ газар нь хоёр дэд дарга, зургаан том газартай. Бас Тамгын газар нь дотроо таван хэлтэстэй. Үүнээс гадна аймаг, нийслэлийн МХГ-ууд, Нэгдсэн төв лаборатори гэж том нэгжүүд бий. Эдгээрт нь 2100 гаруй улсын байцаагч ажилладаг гэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ байцаагч нар барилгын осол хэмээх аюумшигт “цуврал”-уудыг таслан зогсоож, түүнээс урьдчилсан сэргийлэх үндсэн үүрэгтэй юм. Гэсэн ч мань байцаагч нар осол гарсны дараа л очиж, барилгын үйл ажиллагааг зогсоодог. Нэгэнт гарсан хэргийг шалгаж буй цагдаагийнханд “Үүнээс болжээ…” гэсэн дүгнэлт төдийхэн гаргаж өгдөг байгууллага болж хувирчээ. Дарга нь ч үүнийг хүлээн зөвшөөрдөг. МХЕГ-ын даргын албаа жинхлээд хэдэн сарын нүүр үзэж байгаа Д.Батмөнх хэвлэлд ингэж ярьжээ.
“ …Сүүлийн үед барилгын осол гэмтэл нэлээд гарч байна. Үүнийг мэргэжлийн хяналтын байгууллага муу ажилласнаас үүдэлтэй гэдэг.Хяналт шалгалтыг боловсронгуй болгон ажиллах боломж байгаа юу?
-Мэргэжлийн хяналтын байгууллага эхлэх, улсын комисс хүлээж авах үйл ажиллагаанд оролцохоо болиод хоёр жилийн нүүрийг үзэх гэж байна. Харин одоо мэргэжлийн хяналтын байгууллага явцын хяналтыг хийж байгаа. Энэ нь захиалагч, гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд хяналтыг хийх юм.
-Ер нь барилгын ослын улмаас хичнээн хүн амь насаа алдсан бэ. Нарийн тоо судалгаа байдаг уу?
-Сүүлийн гурван жилийн байдлаар үйлдвэрийн болон гэнэтийн ослоор барилгын салбарт 1280 удаагийн үйлдвэрийн осол гарсан байдаг юм. Энэхүү осолд өдий хэмжээний хүн өртөж, хөдөлмөрийн чадвараа алдах, тахир дутуу болох ийм нөхцөл байдал бий болсон. Хамгийн харамсалтай нь энэхүү үйлдвэрийн ослоос 238 хүн амь насаа алдсан байдаг. Иймээс бид илүү их анхаарал тавьж ажиллах ёстой.Улсын байцаагчид барилгын үйл ажиллагаа дээр акт бичиж үйл ажиллагааг зогсоодог байсан. Харин энэ жилээс эхэлж, акт тавьж, албан шаардлага өгдөг болсон…”.
Д.Батмөнх даргын ярианаас үзвэл Мэргэжлийн хяналтын байгууллага барилгын хяналтыг бүрэн хариуцаж ажиллахаа больсон. Нэг үгээр хэлбэл, ийм хяналтад үүрэг роль багатай юм байна. Хэрэв энэ үнэн бол нэг гарц гарч байгаа юм. Хамгийн сонгодог гэсэн ч болно.
Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Засгийн газраас өнгөрсөн хавар төсвийн зардлыг хэмнэх тухай 147 дугаар тогтоол гаргасан. Агентлагуудын дэд дарга, аймаг сумын орлогч дарга нарыг цөөлөх гээд судлаад, үзээд л байгаа бололтой. Гэтэл жинхэнэ цомхотгох газар чинь энэ Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шүү дээ. Цомохтгох биш тараах учиртай байгууллага гэвэл зохилтой. Учир нь энэ 2-3 мянган хүний хийх ажил гэж бараг алга. Ихэнх нь чиг үүргийн давхардалтай. Дээр ярьсан барилгын хяналтыг гэхэд Барилга хот байгуулалтын яам, Улаанбаатар хотын захиргаа, Татварын байгуллага, ОБЕГ нь хянаад явчихна. Барилгын яам дотроо Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газартай. Ер нь зөвхөн барилга ч гэлтгүй бүх чиглэлээрээ заавал байх шаардлага харагдахгүй байгаа юм. Өнөөдөр ажиллаж байгаа Засгийн газрын бүх яам дотроо Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газартай. Яаманд мэргэжлийн хүмүүс ажилладаг. Тэгэхээр Мэргэжлийн гэдэг чанараа огт алдахгүй аваад явчихна. Урд хойд хилийн боомтуудад ч Гааль, Хил хамгаалах байгууллагын хажуугаар зорчигч, аялагчдад дарамт болоод тууж яваа нь нууц биш. Нэг л их цаас шидэлж амьтан хүн дарамталсан, арайхийж арилж буй дарангуйлал, хүнд суртлыг эргүүлэн авчирч мандуулсан хэрэгцээ багатай газар бол энэ.
Мэргэжлийн хяналтын байцаагч нарын ааш аягийг мэдэхгүй хүн Монголд ховор. Том том супермаркетаас эхлээд лангуу ажиллуулдаг, зах дээр зогсдог, бүр гудамжинд гар дээрээс наймаа хийдэг хүмүүс ч тэднээ үхтлээ айна.
Мэргэжлийн хяналтынхан ашиг тус багатай газруудад бол ажлаа жинхэнэ утгаар нь хийнэ. Харин амьдралд хэрэгтэй байж мэдэх компани, хүмүүсийг бол андахгүй. Ямартаа л өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын байцаагч нар 10 литр сүү өгөөгүй гэдэг шалтгаанаар “Баянчандмань милк” гэдэг компанийн үйл ажиллагааг зогсоосон гэж байгаа. Лут том эрх мэдэл шүү. Үүнийг нь АТГ эрүүгийн хэрэг үүсгээд тогтоочихсон талаар хэвлэлүүд мэдээлсэн. Ганцхан жишээ л энэ.
Яг үнэндээ мэргэжлийн хяналтынхан ажлаа хийдэг байсан бол идеа болчих “хөндөх сэдэв” ар араасаа л жагсчихсан байна. Одоо энэ цэцэрлэгүүдийн байж байгааг хар л даа. 20 хүүхэд авах ёстой ангидаа 50 шахсан хүүхэд шавуулчихсан. Норм норматив, стандарт гээд тэдний жинхэнэ хянах шалгах ёстой асуудал байгаа юм.
Нэг марзан юм сонслоо. Мэргэжлийн хяналтынхан саяхан нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа эмийн сангуудад шалгалт хийжээ. Шалгалтын үеэр танай ийм эм чинь болохгүй байна, тийм эмийг чинь хураалаа хориглолоо гэж огт ярьсангүй гэнэ. Харин эмийн сандаа угаалгын машин тавихыг шаарджээ. Яагаад гэвэл “Эмийн санчийн өмсч байгаа халаадыг угаадаг угаалгын машин байнга эмийн сандаа байх ёстой” гэсэн гэнэ. Юу ч гэхэв дээ.
Бас нэг юм бий. Мэргэжлийн хяналтын байцаагч нар дүрэмт хувцас өмсөх болов. Даргынх нь бүр гоё. Саатай алтан мөрдэстэй. Бөөн тэмдэг болсон дамар малгайтай. Батмөнх дарга дүрэмт хувцастайгаа сууж байгаа нь эгээ л маршал Чойбалсантай андуурмаар. Эндээс хоёр асуудал гарч ирнэ. Хамгийн эхэнд эдийн засгийн асуудлыг ярих ёстой. Төсөв ийм хүнд байхад хэдэн мянган дүрэмт хувцас хийж өмсөөд, өөрсдийгөө гоёж суух шаардлага байсан уу. Нөгөө нь Мэргэжлийн хяналтын газар бол цэргийн байгууллага биш. Дүрэмт хувцсанд яг хэдэн төгрөг зарлагадсанаа үнэнээр нь өчвөл Д.Батмөнх болоод Мэргэжлийн хяналтынханд олон нийт яаж хандах бол оо?
Эцэст нь, ниргэсэн хойно нь хашгирдаг хяналтын байгууллага өнөөдөр лав хэрэг алга. Лав л барилгын салбарт энэ байгууллагын үүрэг оролцоо хэрэггүй, дээр дурдсан бусад яам, тамгын газрууд нь ажлаа олигтойхон хийгээд явчихвал болох нь. Тиймээс энэ нүсэр бүтэц, ийм их зарлага, “аймаар” том дарангуйллыг халж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг татан буулгаж, тараая гэх л байна. Монголчуудын хэд нь гараа өргөж дэмжих бол?
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: