У.ХҮРЭЛСҮХИЙН УЛС ТӨРИЙН РЕФОРМ

Ардын намын даргын төрсөн өдрөөр Н.Энхбаярын нам МАХН нэрээ авлаа.

Энэ тохиолдлынх гэж үү. Тэр тусмаа хүсээд гуйгаад байхад нь өгөөгүй нэрийг Н.Энхбаярыг Алтай Таванбогдын оргилд, Ц.Шинэбаярыг Дорнодод явж байхад өгчихөж. Тэгэхээр энд гардан зохион байгуулагч үгүйлэгдэж байгаа биз. Яг үүний өмнөхөн УИХ дахь Ардын намын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, дэд дарга Д.Дондог нар “өөрийн хүсэлтээр” ажлаа өгсөн. Гэвч У.Хүрэлсүхийн шахалтаар өргөдлөө өгөхөд хүрсэн талаар нь толгойтой бүхэн ярьж байв. Тэдний оронд нэр дэвшсэн кандидатууд нь мөн л Н.Энхбаярын хүмүүс. УИХ дахь Ардын намын бүлгийн даргаар Ц.Мөнх-Оргилыг сонгоход  “С.Батболдын найз” гэдэг том шалтгаан  саад болсон байж ч болох юм.

Энэ бүхэнтэй зэрэгцүүлэн  МАН-ын “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ц.Ганбатыг яруу найрагч Ж.Мөнхбатаар солив. Ж.Мөнхбат бол У.Хүрэлсүхийн хүн гэдэг нь хэнд ч тодорхой. Асаж, дүрэлзэж явсан сэтгүүлчийг “Амьгүй албат”-ын суудалд “зөвлөх” нэр зүүгээд ажлыг нь булааж авдаг тэр л жишгээр У.Хүрэлсүх ажиллалаа. Мөн Эмэгтэйчүүдийн байгууллагыг  УИХ-ын гишүүн Д.Оюунхоролд  өгөв. Ардын намын Их хурлын үеэр л энэ байгууллагын даргын суудлыг түүнд өгнө гэчихсэн байв. Гэвч сонгогдсоныхоо дараа хэлэх үгээ хүртэл бэлдчихээд байхад нь “унагаж” эвгүй байдалд оруулсан түүнийг одоо л сонгох цаг нь гэж үзсэн бололтой. Ингээд Ардын нам тэр чигээрээ У.Хүрэлсүхийн гарт оров. Одоо намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын гэх юу байна вэ. Сонгуулийн өмнөх энэхүү “шинэчлэл” хүртэл У.Хүрэлсүхээр овоглох нь гарцаагүй.

Яг энэ үед Ардын намын “сөрөг хүчин”-д,  тэр тусмаа намын даргын төрсөн өдрөөр “МАХН” нэрийг өгснийг “аугаа өшөө авалт” гэхээс өөр хэрхэн тайлбарлах билээ. Энэ мөчид хамгийн түрүүнд намынхаа “Улаан хамгаалагч” У.Хүрэлсүх л ёстой асаж, шатаж баймаар юм. Гэтэл гайхалтай нь “МАН, МАХН-ыг андуурав аа. Дээд шүүхийн энэ шийдвэрийг хянаж үзээч гэж зохих хуулийг байгууллагад хандана” гэсэн жижүүрийн үг хэлээд өнгөрсөн нь сэжиг төрүүлмээр. “Намын чинь үнэт зүйл, нэрийг аваад, далбаагаа хатгачихлаа шүү дээ, Хүрэлсүх дарга аа” гээд нударсан ч хөдлөхгүй янзтай.

Энэ юу өгүүлнэ вэ. “Н.Энхбаяр дарга Ардын намынхантай уулзаад байдаг юм шиг байна билээ” хэмээн С.Молор-Эрдэнийн хэлдэг үнэн бол хамгийн түрүүнд У.Хүрэлсүх гүйж явсан гэдэгт мөрийцөхөд ч алдахгүй. Ер нь У.Хүрэлсүхийн “Н.Энхбаярыг ална” гэсэн нь ч, “Н.Энхбаярт үнэнч хайртай” гэдэг нь ч худал байсаар ирсэн. Одоо С.Батболдын “баруун гар” байх нь ч мөн л худал билээ. Төрсөн өдөр нь дууссаны маргааш босоод ирмэгц С.Батболдын хүмүүс ч солигдож, баг ч үгүй, хэвлэл ч үгүй, эрх мэдэл ч үгүй болчихжээ. Түүнд одоо намын дарга гэдэг нэр, хэзээ зүрх нь зогсох нь тодорхой танхимын Ерөнхий сайдын албан тушаалаас өөр юу ч алга.

Намаас нь хэнд нь МАХН-ын зүг нүүдэллэж, хэн нь бууриа сахиж үлдэхийг ч тэр үл мэднэ. Итгэж явсан У.Хүрэлсүх нь хүртэл эмээл, хазаараа зэхчихээд байгааг яалтай билээ. Үнэндээ У.Хүрэлсүх Н.Энхбаяр, С.Баярын хэнийх нь ч “дор” ажиллахдаа ингэж бужигнуулж зүрхлээгүй. Ингэхсэн гэж мөрөөддөг байсныг үгүйсгэх аргагүй. Харин С.Батболдын үед л тэр дураараа намаа самарч чадлаа. С.Батболдыг “элэг барих”-ын цаана “том ар” түүнд байсан нь ойлгомжтой. Одоо Засгийн газрын насыг хуруу даран тоолж болж байна. У.Хүрэлсүхийн дараагийн зорилго нь хамтарсан Засгийн газрын унагах явдал байж таарна. Дараагийн Ерөнхий сайд хэн бэ гэж үү. Таа л даа.

У.ОРГИЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих