“Энэ япончууд ер нь яасан ядаргаатай улсууд вэ”

bcd4a07513d8c6bbbigМанайхан “тэр яасан хувиа бодсон нөхөр вэ” гэж ирээд л бие биенийгээ муулдаг даа. Гэтэл тэр “хувиа бодно” гэдэг чинь ер нь юу юм бэ? Социализмын үед “эх орноо бодох ёстой, байгууллагаа бодох ёстой, социалист нийгмийнхээ төлөө санаа зовох ёстой” гэж сургадаг, тэгж ажиллуулдаг байсан, яваандаа тэр бүхэн нь худлаа болж, социалист нийгэм нурсан. Харин хүний толгойд суусан “үзэл бодол” нурахгүй байна. Өөрөөр хэлбэл, “чиний эрүүл мэндийг, чиний эрдэм боловсролыг, чиний аюулгүй байдлыг” бүгдийг төр хариуцна ”чи зүгээр, дуугүй ажлаа сайн хий” гэсэн гэсэн “хүнийг залхуу болгодог”, хүнийг “өөрийнхөө төлөө санаа зовохгүй” болгодог үзэл бодол л доо.

Даян дэлхийн улс орнууд хүн амынхаа их багаар хөгжиж дэвжиж байна гэнэ, гэтэл монголчууд дэндүү цөөхүүлэхнээ атлаа дэндүү харамсмаар мэдээг өдөр бүр сонсож байна, “тэдэн давхар байшин дээрээс унаад өнгөрлөө” л гэнэ, “ажлаа хийж яваад аваарт ороод амь насаа алдлаа” л гэнэ, “ид сайхан насандаа эрүүл мэндээр нас барлаа” л гэнэ. За тэгээд буруутан нь энэ тэр албан тушаалтан, энд тэндхийн эмч нар, сайд дарга нар болж байх шив дээ, тийм ээ, тэд буруутай, гэхдээ эцсийн эцэст энэ чинь таны л амь шүү дээ, тэгэхээр та өөрийгөө л бодож байх ёстой, өөрөөр хэлбэл, “амиа бодох ёстой” “хувиа хичээх ёстой”. Мэдээж, улс орон, нийгэм нийтээ бодолгүй яахав, би энд “намайг нам засаг, эмнэлэг сургууль, эмч багш нар” харж хандах ёстой гэдэг үзлээсээ сал гэх гээд байна. Тааруухан сургалтын төвд хүүхдээ аваачиж өгчихөөд “буруутныг бусдаас хайхаа” болих хэрэгтэй гэж хэлэх гээд байна.

Өнгөрсөн хагас сайн өдөр би хамтран ажилладаг япон багштайгаа уулзлаа, уулзах өдөр цаг дөхөөд ирэхээр япон багш “маргааш, 5 цагт уулзана шүү дээ, юу юуны тухай ярих билээ” гээд л нэг ярьсан юм аа бараг 5 дахин асууна, ярина, шалгаана. Би ийм тохиолдолд эхлээд “энэ япончууд их ядаргаатай улсууд шүү, за яая гэхэв, ёсыг нь дагахаас” гэж боддог байснаа нуугаад яахав. Гэтэл үнэндээ энэ бол зөвхөн япончуудын ёс биш, сайхан амьдрахын тулд хүн бүрийн баримталдаг ёс журам юм л даа. Ажлаа амжуулахын тулд, эрүүл сайхан амьдрахын тулд, үр хүүхдүүдээ сайн хүн болгохын тулд бас өөрөө боловсрол мэдлэгтэй болохын тулд, бодсон сэдсэн зүйлээ ахин дахин нягталж, шалгаж, асууж лавлаж байх ёстой юм л даа, гэтэл монголчууд бид нар яаж байна. Хэмхэрхий машин дээр хээв нэг дээр гараад л суучихаж байна, эвдэрхий зам дээгүүр хар хурдаараа давхиад л байна, хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хачин сонин хүнсийг ходоод руугаа явуулчихаж л байна, “сарын дотор хүүхдийг чинь эрдэмтэн болгоод өгнө” гэхээр нь хөөрөөд л ямар хүнд хүүхдээ даатгаж байгаагаа нягтлахгүй мөнгөө төлчихөж байна. Тэгээд л засгийн газрыг муулаад байна.

Тэгэхээр аливаа зүйлийг ахин дахин нягталж, судалж, туршиж, шалгаж байж ажил хэрэг болгохгүй “хээгүй, гүндүүгүй монгол хүн би” гээд л уурлаад яваад байх юм бол өнөөдөр байдал ямар болж байгааг та бүхэн мэдэж байгаа.
НЯ-БО гэдэг бол “нягтлан бодох” гэдгийг товчилсон үг. Мөнгө санхүүтэй холбоотой ажлыг нягталж тоолохгүй бол сүйд болох учраас Нягтлан бодох гэдэг мэргэжил бий болсон байна. Харин ажил амьдралдаа аливаа бүхнийг “нягталж бодсоор” байгаад япончууд бүгд НЯ-БО болжээ. Монголчууд бид нар ч бүгд НЯ-БО болохгүй бол болохгүй цаг мөч аль хэдийнэ иржээ. Тэгэхгүй бол аймшигтай мэдээ өдөр бүр хөвөрсөөр л байх болно.

Тэр жил сонгуулийн үеэр нэгэн зөв бодолтой нэр дэвшигч “таны эрүүл мэнд, боловсрол бүх зүйл таны гарт байна, таныг та өөрөө л аварна” гэсэн чинь хүмүүс уурлаад л ”ямар балиар амьтан бэ, ёстой бид нарыг бодохгүй хүн байна” гэж уурлацгаасан гэсэн.

За нэг, иймэрхүү байх шив дээ. Дор бүрнээ бодоорой, цааш нь яриарай, “Төмөрбаатар гуай их эвгүй хүн байна, хувиа хичээ” гэж байна гээд дамжуулаад байгаарай.

Япон судлаач Д.Төмөрбаатар

- See more at: http://world.time.mn/content/49082.shtml#sthash.2Z56gKWZ.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих