“Үндэсний бахархалт цэцэгт ургамал”-аас өөр хийх ажилгүй байгаа юм уу

сайдШинэчлэлийн засгийн газрийн хоёр жилийн хугацаанд хийсэн бүтээсэн гэх зүйл нилээдгүй арвин ч ихэнх нь л олны хэл амны бай болоод байгаа гэж болно. Тэдний хийж бүтээсэн зүйл нь яамдуудын тоог ихэсгэж хувааж идэх бялууныхаа хувиарлалтыг ихэсгэсэн гээд л ихээхэн асуудлууд ар араасаа хөвөрсөн. Мөн үндэсний гэх брэндүүдийг бий болгох гээд л мундахгүй ажилд толгойгоо гашилгаж байгаа бололтой. Ямартаа ч “шонхор” шувууг үндэсний бахархалд шувуугаар өргөмжилсөн. Энэ ч цагаа олсон явдал гэж хэлж болно. Хил дамнуулсан шонхорын наймаа болоод устах аюулд орж байсан идлэг шинхорыг хамгаалах арга болсон хэмээн магтая. Гэтэл өнөөдөр бас л нэгэн сонин үндэсний бахархалтай болох гэж байгаа гэнэ. Чухамдаа бол “Үндэсний бахархалт цэцэгт ургамал”-тай болох санааг ССАЖЯ-ныхан дэвшүүлэн ажиллаж байгаа ажээ. Бас болоогүй энэ арга хэмжээний хүрээнд ард иргэдээс санал асуулга авах юм байна.

Гэтэл өнөөдөр энэ мэтийн зүйлээр оролдоод сууж байх цаг үе мөн үү гэдэг асуулт тулгаран гарна. Учир нь өнөөгийн эдийн засгийн байдал хүндрэлтэй, ард иргэдийн амьдрал ядруухан байхад цаг нөгцөөх мэт олон түмэнд юм хийж байгаа нэгэн болж харагдах гэсэн өрөвдөлтэй санаа. Харин энэ мэт ард иргэдээс санал санаачлагыг нь тусган ажиллах гээд байгаа бол өнөөдөр эдийн засаг болоод ард түмэнд хэрэгтэй зүйлийг санаачлан хийх ажлын байр мэт зүйлд санаа зовинон ард иргэдээсээ санал хураавал арай л төхөмтэй хийсэн зүйлтэй гээд ам бардам дараагийн сонгуульдаа оролцмоор мэт санагдах юм.

Харин манай сайдууд энэ бүгдийг бодох сөхөө үгүй аж. Энэ мэтхэн зүйлээр улсын брэнд бүтээдэг юм шиг ойлгож ухамсарлаж байгаа нь харамсалтай. Аливаа улс үндэсний брэнд болдог зүйлс тэдний хийж бүтээсэн зүйлээр хэмжигддэг. Тиймдээ дэлхийд алдар нэртэй бүтээлүүд төрөн гардаг. Гэтэл манайхан байгаль орчны амьтан ургамлаар үндэсний брэндээ/бахархалаа/ бүтээх гэсэн муйхар явуургүй арга хайсаар цаг хугацааг алдаад байна уу гэж халагламаар байна. Үндэсний бахархалт цэцэг хайж тодруулж байснаас үндэсний бахархалт нэгэн томоохон брэнд бүтээлийг бий болгоход толгойгоо гашилгах хэрэгтэй юм биш үү Ц.Оюунгэрэл сайд аа.

 

 

ЧОЙ

 


URL:

Сэтгэгдэл бичих