Хойч үеэ хаашаа хөтөлж байгаагаа бид харлаа

146798-18092014-1411026618-1325731835-avligalМонгол Улсын түүхэнд анх удаа энэ сарын 4-нд залуу үеийг олноор нь ялласан тохиолдол гарав. Одоогоос хоёр жилийн өмнө ХҮДС-ийн оюутнууд дүнгээ засуулах гэж багш нартаа мөнгө өгдөг байсан нь эцэстээ тэднийг гэмт хэрэгтэн болгосон юм. Багш, оюутнуудын дунд маргаан үүсч, оюутнууд хэвлэлд хандсанаар энэхүү хэрэг нийтэд ил болсон.

Хэрэв төгсөлтийн шалгалтын үеэр асуудал үүсээгүй байсан бол авлигын энэхүү хэрэг сургуулийн хүрээнд дарагдаад өнгөрөх байсанд эргэлзэхгүй байна. Энэ бол Монголын боловсролын салбарт он удаан жил бугшсан идээ бээр хагарч, их, дээд сургуулиудын үнэн төрхийг илчилсэн хэрэг байсан юм.

Багш нар хичээл заасныхаа төлөө цалин хөлсөө авдаг атлаа илүү харж, билүү долоосныхоо горыг ч амслаа. Тэд оюутан нэг бүрээс дүнг нь засч өгнө хэмээн 400-700 мянган төгрөг авдаг байсан бөгөөд нийтдээ 30 гаруй сая төгрөг хувьдаа завшсаныг мөрдөн байдаалтын явцад илрүүлсэн байдаг.

Авлигач багш Б.Жавхлантөгс үүнийхээ төлөө шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 5.6 жил хоригдох ял шийтгүүлсэн. Шунал ихэдвэл шулам болдогийн жишээ энэ. Магадгүй уншигч та төрөөс хэдэн тэрбумаар нь хумсалж, улс орны баялгийг хувьдаа ашиглаж байгааг нь шалгаж чадахгүй байж хэмээн дотроо барьцаж мэдэх юм.

Хууль зөрчиж байгаа баячуудын дэргэд нэг муу ядарсан багш 400 мянган төгрөг хувьдаа завшаа л биз… гэх мэтчилэн.

Тэгвэл багш нарыг шийтгэсэн нь нүдээ олсон хэрэг болсон гэдэгтэй санал нийлэх нэгэн ч байгаа болов уу. Монголчууд бид буруу бүхний дэргэдүүр хэлээ хазаж, нүдээ аньж өнгөрүүлээд сурчихаж. Хууль зөрчиж байгаа баячуудын дэргэд нэг муу ядарсан багш 400 мянган төгрөг хувьдаа завшаа л биз… гэх мэтчилэн.

Угтаа бол бурууд их, багын ялгаа үгүй. Буруу зүйл хийсэн нь илэрвэл хуулийн дагуу шийтгүүлж, ямар зүйл буруу хийснийгээ ойлгож, ухаардаг байх нь чухал. Энэ удаагийн явдал хэдийгээр оюутан залуусын хувьд харамсалтай хэрэг болсон ч багш нарын тухайд бусаддаа сургамж болсон явдал байлаа.

Мөнгөөр зассан дүн, хууль бус аргаар олдсон хэдэн төгрөг нь эргээд хар толгойг нь залгина гэдгийг тэд сэхээрсэн биз. Энэ явдлаас яг одоо оюутнаасаа мөнгө аваад сурлагын дүнг нь засах гэж байгаа багш нэртэй авлигач этгээд сургамж авсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Хүн хэлэхээс наашгүй, цаас чичихээс цаашгүй гэх хэлц бий. Яг үүн шиг хэрэв энэ удаад авлигач багш нарын толгойг илээд өнгөрсөн бол ингэж болдог юм байна хэмээн сэтгэж, оюутнуудынхаа халаасыг тэмтэрсээр байх байсан биз. Харин үүний нөгөө талд 54 залуугийн амьдралд шүүхийн тогтоол хар толбо болж үлдлээ.

Хэдийгээр зуучилснаас бусад оюутанд 1-3 жилийн тэнсэн харгалзах ял оноосон ч тэд энэ хугацаанд шүүхийн хараанд байна гэсэн үг. Түүнээс гадна ажлын талбарт ч хөл тавьж амжаагүй, амьдралын анхны алхмаа хийж байгаа тэд өөрсдийнхөө гараар амьдралдаа хар цэг тавьсандаа харамсаад барахгүй сууж байгаа биз.

Уг нь оюутнууд анхнаасаа хичээлээ таслахгүй, хичээж суралцсан бол авлига өгөхгүйгээр асуудлыг шийдэх талаар бодсон бол тэдний хэн ч шүүхээс ял сонсч, цаашдын амьдралаа баллахгүй байлаа. Харамсалтай нь тэд хичээлдээ суухын оронд тасалж, өөрт олдсон дөрвөн жилийн хугацаагаа юунд зарцуулах  ёстойгоо умартсанаас болж амар, хялбар аргаар асуудлыг шийдэх аргыг сонгосноор авлигач багш нарын өгөөш болчихлоо.

Тэнсэн харгалзах ял сонссон залуусын дотор ирээдүйд төр толгойлох хүн байсан ч юм билүү хэн мэдлээ. 54 оюутан дунд бусдынхаа үгэнд орж, даган дуурайж алдсан нэгэн ч байгаа. Тэд цаашид төр толгойлдоггүй юм гэхэд төр түшилцэх, төрийн алба хаах, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах чадалтай, чансаатай залуус байсныг хэн ч таашгүй.

Харамсалтай нь тэд 400 мянган төгрөгөөр ирээдүйгээ “худалдлаа”. Энэ бүхэн бид хойч үеэ хааш нь хөтөлж байгаагийн илэрхийлэл болов. ЕБС-ийн сурагчдаас эхлээд оюутан, залуус хүртэл аливааг мөнгөөр шийдэж, амар, хялбар аргаар амьдрах эрмэлзэлтэй болж төлөвшиж байгаагийн тод жишээ байлаа.

Х.Өнөржаргал

Зууны мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих