Төрсөн хоёр үрийнхээ амь насыг хохироосон эцэгт 25 жилийн ял оноожээ

uls_5422272ddee06_1Булган аймгийн Орхон суманд энэ оны тавдугаар сарын 14-ны өдөр З.Ёндон гэгч өөрийн төрсөн бага насны хоёр хүүхдээ ачааны машины бүхээгт хийж зориуд шатаан амь насыг нь хохироосон онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн талаар бид мэдээлж байсан. Тэгвэл уг хэрэгт Булган аймгийн Прокурорын газраас хяналт тавьж, мөрдөн байцаалтын үндсэн хугацаанд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Булган аймгийн Сум дундын дөрөвдүгээр шүүхийн 2014 оны есдүгээр сарын 16-ны өдрийн эрүүгийн шүүх хуралдаанаар уг хэргийг шүүн хэлэлцсэн бөгөөд шүүхээс З.Ёндонг танхайрах гэмт хэргийг догшин авирлаж үйлдсэн, бусдыг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий, нийтэд аюултай аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, хоёр буюу түүнээс олон хүнийг санаатай алсан, бусдыг байнга зодож, тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ялуудыг оногдуулсан бөгөөд ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 25-н жилээр тогтоосон байна.

Түүнчлэн шүүгдэгч согтуугаар, хүнд хор уршиг учруулан гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялын зарим буюу 2 жилийг гянданд, үлдэх 23 гурван жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээрхи хэргийн шалтгаан нөхцлийг арилгуулахаар Булган аймгийн Орхон сумын Засаг даргын нэр дээр Аймгийн прокурорын мэдэгдэл бичиж хүргүүлсэн ба хариуг тогтоосон хугацаанд авч, биелэлтийг газар дээр нь шалган ажилласан байна.

Uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих