Сурах бичгийг шаглаж зарсаар байна

сурах бичиг“Манай хүүхэд зургадугаар ангид сурдаг. Зургаан номыг 40 мянга гаруй төгрөгөөр худалдаж авлаа. Математек, Англи хэлний ном олдохгүй байна” гэв. Энэ яриа МУБИС-ийн урд байрлах номын худалдаачдын тэнд өрнөсөн юм. Тэнд ойролцоогоор 20 гаруй номын худалдаачид зогсч, хуучин болон шинэ номнууд зардаг. Үүнийг мэдэх хүн олон. Бас болоогүй биднийг очиход машинтай ганц нэг хүн ном зарж байгаа харагдав. Номын худалдаачид хуучин номнуудаа тавиур дээр өрж, шинэ номнуудаа алимны хайрцагт хийсэн байх юм. Хуучин гэдэг нь 2014 оноос өмнө хэвлэсэн ЕБС-ийн сурах бичиг болоод бусад номнууд. Харин шинэд нь 2014 онд шинэчилж хэвлэсэн I-V болон VII, ХII ангийн сурах бичиг багтаж байгаа юм. Эдгээр ангийн сурах бичгийг сурсан хүмүүст хайрцагнаас гаргаж үзүүлж байв. Ингэж ямар нэгэн эрсдэлээс сэргийлж байгаа нь илт харагдаж байв. Учир нь ЕБС-ийн сурах бичгийн үнийг нэмж, гар дээрээс худалдан борлуулахыг хуулиар хориглодог. Тиймээс тэд ийн сэргийлж, хайрцагт хийсэн нь ойлгомжтой. Номын хэд хэдэн худалдаачдаас бага ангийн сурах бичиг худалдаанд байгаа эсэх талаар тодруулахад “Нэгдүгээр ангийн монгол хэл, математикийн ном байна. Нэг нь 5000 төгрөгийн үнэтэй. Цаагуур чинь 8000 төгрөг гэж байна лээ” хэмээн ам булаалдан хариулж байв. Хэн нэгэн сурагчийн ширээн дээр байх ёстой ном ийнхүү мөнгөөр үнэлэгдэж номын худалдааны тавиур дээр байж байх ч гэж. Тэд сурах бичгийн арын хуудаст бичсэн үнийг хар балаар даржээ. Зарим худалдаачид бүр элдэв янзын зураг наасан байх жишээтэй. Ингэсэн нь сурах бичгийн үндсэн үнэ дээр хэчнээн төгрөг нэмж, борлуулж байгааг хэн ч мэдэх боломжгүй юм. Тухайлбал, зургадугаар ангийн уран зохиолын ном 1250 төгрөгийн үнэтэй. Үүнийг номын худалдаачид 5000-6000 төгрөгөөр зарж байв. Ингэж л тэд сурах бичгийн шагийн худалдааг жинхэнэ утгаар нь хийж байсан юм. Тэд гадаа талбайд хоногийн хоолоо залгуулах гэж ном зарж зогсож буй нь үнэн. Тиймээс тухайн сурах бичгийн үнэ дээр тодорхой хэмжээний мөнгө нэмж зарах нь зүйн хэрэг. Гэтэл сурах бичгийн бодит үнийг харагдахгүй болгож, үнийг нь хэд дахин нугалан борлуулж байгаа нь хууль бус юм. Хүмүүс тэднээс ЕБС-ийн сурах бичиг, хуучин ном зохиол зэрэг бүх л төрлийн ном товхимол байгаа эсэхийг асууж байлаа. Номын худалдаачид хажуугаараа өнгөрөх хүмүүст хандан “Ямар ном хайж байна. Хямдхан байна шүү. Цаагуур чинь үнэтэй байгаа” гэх зэргээр сурталчилж, бизнесийн өрсөлдөөнийг харуулж байв. Энэ онд шинээр хэвлэсэн дуу хөгжим, дүрслэх урлаг, иргэний боловсрол, хүн ба байгаль зэрэг дөрвөн ном нийлээд 20000 төгрөг болж байв. Эдгээр номыг үндсэн үнээр нь арав орчим мянган төгрөгөөр авах боломжтой аж. ЕБС-ийн I-V ангийн сурагчдыг 100 хувь, VI-XII ангийн сурагчдын 40 хувийг сурах бичгээр үнэ төлбөргүй хангадаг. Үүнд хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих төвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхэд, нэг айлын гурван хүүхэд сурч байгаа бол нэг нь хамрагдах боломжтой. Мөн дунд, ахлах ангийн сурагчдын 46 хувьд түрээсийн ном олгодог. Ингээд ЕБС-ийн нийт сурагчдын 86 хувь нь сургуулийнхаа номын сангаар дамжуулан сурах бичгээ авах эрх зүйн орчин бүрдсэн байдаг юм байна. Харин үлдсэн 14 хувь нь сурах бичгээ зах зээлээс худалдаж авах ёстой. Гэтэл 14 хувиас ч илүү сурагчид зах зээлээс тэр дундаа шагийн үнээр сурах бичгээ худалдан авч байна. Учир нь түрээсийн ном гэсэн бичигтэй сурах бичиг хүртэл номын худалдааны тавиур дээр байсан юм. Ингэж л ЕБС-ийн сурах бичиг очих ёстой эзэндээ хүрэх гэж олон хүний гар дамжиж байгаа нь энэ. Сурах бичгийн шагийн худалдаанд холбогдох яамны зүгээс ямар арга хэмжээ авдаг юм бол. Тиймээс БШУЯ-ны Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн дарга А.Туяагаас ЕБС-ийн сурах бичигтэй холбоотой зарим зүйлийг тодрууллаа.

А.ТУЯА: I-V АНГИЙН СУРАХ БИЧГИЙГ ЦӨӨН ТООГООР ДАХИН НИЙЛҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ

-Шинээр хэвлэсэн сурах бичгийн хүрэлцээ хангалтгүй байна. Номын худалдаачид өндөр үнээр зарж байна гэсэн гомдол иргэдээс их ирдэг. Энэ тал дээр танай зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сурах бичгийг худалдан борлуулах эрх авсан компаниуд гэж байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн жилд шинээр болон нөхөн хангалтаар хэвлэсэн сурах бичгүүдийг зах зээлд борлуулна гэсэн үг. Сурах бичиг олдохгүй, ховор байна гэдэг нь эрх авсан компанийн дэлгүүрээр орж чадахгүй байгаагаас болж байгаа байх. Гадаа гудамж талбайд болон номын дэлгүүрт сурах бичгийг борлуулах хориотой. Тэд сурах бичиг худалдаалах эрх бүхий цэгээс сурах бичгийг олноор нь худалдан авч, үнэ нэмээд зардаг гэж хүмүүс ярьдаг. Гэхдээ ийм гомдол одоохондоо манайд хэн нэгнээс ирээгүй байна. Худалдан борлуулахыг хориглосон номыг зарж байгаа эсэхэд Боловсролын хүрээлэнгийн сурах бичгийн секторийнхон, манай мэргэжилтнүүд хамтарч хяналт тавьдаг. Хэрвээ зөрчил илэрвэл холбогдох байгууллагад нь ханддаг. Энэ ажил одоогоор зөвхөн судалгааны төвшинд байна. Номын цэгээс шагийн худалдаачид хоёр ном авахад тэд ялгахгүй. Тухайн хүн хоёр, гурваар нь хэдэн удаа авч, олон болгож зарж байгааг тогтоох боломжгүй.

-ЕБС-ийн сурах бичгийг худалдан борлуулах эрхтэй хэчнээн компани байдаг вэ?

-Нийтдээ арав гаруй компани ЕБС-ийн VI-XII ангийн сурах бичгийг худалдан борлуулах эрх авсан. Эдгээр копанийн цэгүүдийн байрлал, утасны дугаарыг зэргийг хайлтын системээр хайж, 1111 төвөөс утсаар асууж болно. Мөн энэ амралтын өдрүүдэд БШУЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг Чингисийн талбайд болно. Тэр өдөр сурах бичгийн үзэсгэлэн худалдаа гарна. Энэ үеэр хүүхдийнхээ хэрэгцээтэй сурах бичгээ үндсэн үнээр нь авах боломжтой шүү.

-Бага буюу I-V ангийн сурах бичгийг үнэ төлбөргүй олгодог. Тэгвэл энэ жил дунд ангийн сурах бичиг үнийн хувьд ямар байна вэ?

-Үнийн хувьд харьцангуй хямдхан. Ном бүр өөр өөр үнэтэй. 1500-4500 төгрөгийн хооронд байгаа. Дундаж үнэ нь нэг ном 2800 төгрөг.

-Энэ жил хэддүгээр ангийн ямар сурах бичиг хамгийн их эрэлт хэрэгцээтэй байна вэ?

-Бид есдүгээр сарын 15 гэхэд аймаг, нийслэлээс сурах бичгийн хангалтын талаарх нэгдсэн дүнг авдаг. Үүний дараа дутагдалтай байгаа сурах бичгийг нөөцөөс ханган нийлүүлэлт хийдэг. Зарим тохиолдолд нэмж захиалдаг. Энэ жилийн хувьд шилжилт хөдөлгөөн, сургууль завсардалт зэргээс шалтгаалж I-V ангийн сурах бичгийг тодорхой хэмжээгээр дахин нийлүүлэх шаардлага гарсан.

-Сурах бичиг дутагдалтай үед дахин хэвлэх боломжтой юм байна. Үг, үсэг агуулгын хувьд алдаатай гэсэн шүүмжлэл нэлээд дагуулдаг. Өмнө нь Монгол Улсын төрийн далбаан дээр таван хошуу нэмж хэвлэсэн алдаа гарч байсан. Энэ тохиолдолд яах вэ?

-Өнгөрсөн жил хэвлэсэн XI ангийн монгол хэлний сурах бичигт тийм алдаа гарсан. Төрийн далбааны өнгө бага зэрэг бүдэг байсан. Үүнийг эх бэлтгэгч солихдоо 1980-иад онд хэвлэж байсан хүүхэд залуучуудын нэвтэрхий толиос татаж тавьсан юм байна лээ. Тухайн үед залруулга гаргаж байсан. Зохиогч, мэргэжил арга зүйн зөвлөл, редактор, хөндлөнгийн хяналт гэсэн дөрвөн шүүлтүүрээр орсны дараа сурах бичиг хэвлэхэд бэлэн болдог. Хэвлэлийн эхийг хүлээлгэж өгөхдөө зохиолч болон редактор гарын үсэг зурж хүлээж авдаг. Тухайн үед аль аль талдаа хариуцлагагүй хандсан. Энэ жил үүнийг засч, төрийн далбаагаа тавьж хэвлүүлсэн. БШУЯ-наас номын шагийн худалдаанд ийм хариулт өглөө. Үнэн хэрэгтээ сурах бичгийн шагийн худалдааг зогсоож, газар дээр нь барих арга байдаггүй бололтой. Тиймээс л тэд бусдын нүднээс үнийг нууж, хайрцагт хийн зарсаар өнөөдрийг хүрсэн байна. Харин яарч сандарсан эцэг эхүүд хүүхдийнхээ боловсролын төлөө яах ч аргагүй авдаг гэнэ. Хяналт тавьдаг байгууллага нь үүнд хариуцлагатай хандаж, очих ёстой эзэнд нь үндсэн үнээр нь хүргэх зүйтэй биз. Тэгэхгүй бол эдийн засгийн хямралтай энэ цагт эцэг, эхүүд сарын цалингаа зөвхөн хүүхдийнхээ сурах бичигт зориулах болох нь. Сурах бичиг худалдан авч буй хүмүүс ч үүнийг хэлж байсан.

 

С.Юмсүрэн


URL:

Сэтгэгдэл бичих