Ардууд алхаад, албан тушаалтнууд давхиад…

Шатахууны хомсдол үргэлжилсээр. Нийтээрээ шатахууны хомсдолд орж, уул уурхай, газар тариалан, зам засварын гээд бүх ажлууд бараг зогсов. үүний гол буруутан нь эхлээд Засгийн газар байлаа.Нефть боловсруулах үйлдвэр баръя гэхээр судлаж байна гэсээр байгаад улс орныг ийм байдалд оруулсан энэ Засгийн газар хариуцлагаа үүрэх ёстой тухай ч асуудал яригдаж байв. Гэтэл нэг хэсэг энэ бол Засгийн газрын бус нефть импортлогч компаниудын буруу болж таарлаа.

Учир нь нөөцөнд нь шатахуун байсаар байтал ОХУ-д хомсдол гарч эхэлж байна гэсэн сургаар дизелийн борлуулалтыг хязгаарласан нь илрэв. Гэтэл хэдхэн хоногийн өмнөөс АИ-92 бензин бас л тасарчихлаа. Шатахуун түгээгүүрүүд шагаар үйлчилдэг хар захархуу л дүр төрхтэй болж. Уг нь дизель түлшийг 1750, АИ-92 1500, АИ-80 бензинийг 1250 төгрөгөөр тус тус борлуулж байх ёстой. үүнээс нэг төгрөгөөр ч илүү үнэлэх ёсгүй юм.

Гэтэл зарим шатахуун импортлогчид бэлэн мөнгөөр бол АИ-92 бензенийг 2000 төгрөг, Дизель түлшийг 2500 төгрөгөөр зарж байсан. Бүр шатахуунаа өндөр үнээр борлуулахаас гадна картынхаа үнийг ч нэмж, түүгээрээ заавал түлш олгож байгаа сурагтай. Карт гэдэг ашгийн талаасаа хэрэглэгчийн мөнгийг урьдчилж авах л арга. Өөрөөр хэлбэл тухайн компаниуд иргэдийн өгсөн мөнгөөр шатахуун худалдаж аваад, эргээд хэрэгцээтэй үед нь өгөх үүрэг хүлээж байна. Тэгэхээр тухайн компани манай картыг аваач гэж гуйх ёстой болохоос биш үнээ нэмж иргэдийг чирэгдүүлж байгаа нь эрүүл наймаа огт биш баймаар.

Харин сүүлийн үед асуудлын гол буруу иргэд дээр буужээ. Салбар хариуцсан хэн бүхнээс асуухад байгаа нөөцийг иргэд өөрсдөө л их хэмжээгээр худалдан авч хомсдол үүсгэж байгаа юм байх. үнэхээр л нөөц байгаа юм бол заавал хязгаартай, талон, карттай хүмүүст олгож иргэдийг төөрөгдүүлэх хэрэг байсан юм уу.

Монополь байдлаараа түрий барьсан шатахуун түгээгүүрүүд ард түмэнд ялгавартай хандаж байхад яасан гэж иргэд буруутай байх юм. Харин иргэдийг ялгаварлаж үнээ хөөрөгдсөн нефть импортлогч компаниудад хариуцлага хүлээлгэх газар алга. Газрын тосны газрын дарга Д.Амарсайханы хувьд энэ асуудалд “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар”-аас хяналт тавьж ажиллах үүрэгтэй гэж байна. Харин өөрийнх нь хариуцсан газар зөвхөн тасралтгүй нийлүүлэх үүргийг л хангадаг болохоос биш хяналтыг нь хариуцах ёсгүй хэмээн хэллээ.

Хэрэв хэрэглэгчийн төлөөх газраас түгээгч компаниудад шалгалт хийгээд зөрчил илэрвэл илүү олсон орлогыг нь улсын орлого болгох хуультай юм байна. Тэгвэл хяналт тавих ёстой Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас энэ асуудалд огт оролцохгүй байгаа гэнэ. Тус газрын дарга Д.Мандахын ярьж байгаагаар бол ЭБЭХ-ний дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг л шатахуунтай холбоотой бүх асуудлыг хариуцах ёстой юм байх.

Түүгээр ч барахгүй импортлогчдын гаргаж байгаа дээрх өөдгүй авирыг зөв үйлдэл хэмээн өмөөрч байна. Түүний хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагыг хараад энэ хүн өөрийнхөө үүргийг мартаад, өрөөлийн өмнөөс дуугардаг болоо юу даа гэж хардлаа. Импортлогчид картаа зарж, мөнгө олох гэсэн арга юм биш үү? гэсэн сурвалжлагчийн асуултад эрхэм дарга ингэж хариулжээ. “Иргэд илүү дутуу хэрэглээгээ багасгах сануулга л гэж би бодож байна.

Хэн дуртай нь нэг ямбий машин авч уначихаад, түүндээ хамаг бензин хийгээд байж болохгүй биз дээ. Монголчуудыг машин шүтэж амьдарч болохгүй гэсэн дохио. Тэгэхээр иргэд дугуй унаж, явган явж болно. Заавал нэг ямбий машин унаад хаа хамаагүй давхиад байж болохгүй биз дээ. Эцсийн эцэст иргэд зөв хэрэглээгээ л олж сонгох нь чухал. Бусдыг дуурайж машин унах гээд түүнээс нь болоод нэг хэсэг нь шатахууны хомсдолд ороод байна шүү дээ” хэмээн тэрээр зандарчээ.

Улаанбаатарын замаар солонгосын хуучин, муу машинууд засч сэлбэгдчихсэн явж байдаг нь үнэн. Гэхдээ хэрдээ л таарсан л амьжиргаатай ядарсан иргэд бензин бага иддэг хуучин муу, /Д.Ман-дах даргын тодорхойлсноор бол ямбий/ машин унаж байгаа болохоос биш задарсандаа л лав биш байх. Нэг сая гаран хүн амтай дэлхийн метрополис хотын тоонд ордог гэх мөртлөө энэ тооны машин нийслэлд явах л ёстой. “Бусдыг дуурайж машин унах гээд түүнээс нь болоод нэг хэсэг нь шатахууны хомсдолд орлоо” гэж хэлэх үедээ Д.Мандах дарга яг юу өгүүлэх гэж байсан юм бол.

Нэг хэсэг нь гэж хэнийг хэлээд байна вэ. Төсвийн мөнгөөр цалинжиж, төрийн унаагаар явж байгаа албан тушаалтнууд уу, өндөр үнэтэй машин унасан баячууд уу. үгүй бол Д.Мандах гуайг тансаг машинтайгаа бензин авах гээд ирэхэд ямбий машинтай ядарсан жолооч нар урдуур нь урт дараалал үүсгээд зогсчихсон байсан нь түүнийг ийн уурсахад хүргэсэн байх. Ямартай ч иргэдийн төлөө газрын даргын үгээр бол ардууд алхаад албан тушаалтнууд давхих ёстой юм шиг байна.

Т.Дөлгөөн

Эх сурвалж: “Нийслэл таймс”


URL:

Сэтгэгдэл бичих