Урваагүй урвагч

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан бүлгийн даргаа өгснийг зарим нь их л магтаж байх юм. “Авсан шигээ өгч чадлаа” гэж ирээд л дулдуйддаг байна шүү. Гадаадад олон жил амьдарч байгаад эх орондоо ирсэн бол итгэх л байлаа. “Мундаг хүн байна. Сонгуулийн тогтолцоог шийдэж чадаагүйг өөртэйгөө холбож үзээд шийдүүлэх үүднээс суудлаа тавьж өглөө дөө” гэх гэгээн бодол төрөх байсан биз. Харин иймэрхүү шоуг харсаар байгаад давтамжийг нь мэддэг болсон мануус итгэнэ гэвэл гонж. Тэр ч байтугай түүнийг “урвагч” гэж баалмаар санагдах юм. Уг нь хашир УИХ-д дараалан сонгогдсон тоотой хэдхэн гишүүний нэг. Туршлагатай,тулхтай, үгүйдээ л дөлгөөн царайтай, гэмгүй хүн шиг санагдах. Сайн хүн, сайн хүн гэсээр итгүүлчихсэн ч юм уу. Эсвэл сонгууль дөхөхөөр л учиргүй сайн хүн болж айлын шалыг угаах нь халгүй улстөрчдийг харсаар суугаад харддаг болчихсон байж ч мэдэх.

Ямартай ч тэрээр хэлсэн үг, амласан амлалтаасаа татгалзлаа. Ингэхдээ өөрөөс нь шалтгаалах хүчин зүйлс байхгүй мэтээр ойлголт төрүүлэхүйц алхам хийж байна. Үнэндээ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногийн томилгоонуудаараа сонгуульд хэрхэн оролцох, ямар чиглэл барих вэ гэдгийг тодоос тодоор харууллаа. Түүний нэг томилгоо нь Д.Лүндээжанцанг Ө.Энхтүвшингөөр солих байсныг үгүйсгэх аргагүй.

Гэхдээ Д.Лүндээжанцангийн эл үйлдэл аль талаас нь харахаас шалтгаалаад өнгө төрх, үйлдлийн үр дүн нь өөр өөрөөр харагдах шиг. Нэг талаас нь харвал, тэрээр сонгуулийн тогтолцоог шинэчлэх амлалт нь өөрөөс нь шалтгаалалгүйгээр худал болж, өөрийнх нь голлох үүрэг гүйцэтгэсэн пропорционоль давамгайлсан хуулийн төсөл нь мажоритари болон зүсээ хувиргахыг харах онцгүй байсан байж болох. Арай өөрөөр харвал амлалт бол хууль биш. Тиймээс харьж яваа мань эр дахин нэг удаа сонгогдоод УИХ-аас тэтгэвэрт гарах үүднээс “МАН-ын гишүүд тойрогтоо ажиллаад ирэхэд мажоритари тогтолцоо буюу хүнээ сонгох хэрэгтэй гэсэн санал давамгайлсан учраас үүнийг гаргаж тавьж байгаа юм” гэж хэлж байж ч болох.

Хэрэв тийм бол С.Баяр эхлээд Ерөнхий сайд, дараа нь намын даргаа Сү.Батболдод шилжүүлээд олон асуудлын хариуцлагаас мултарсан шиг алхмыг хийх нь хамгийн чухал. “Оюутолгойн гэрээний хариуцлагыг би хүлээнэ” гэж байсан тэр эрхэм өдгөө Засгийн газраас хол хөндий хүн болсныг хэлүүлэх юун. Долдугаар сарын 1-ний үйлдэлд ч тэр хамаагүй болох шиг боллоо. Ингэж л гоёор шийдэж байгаа юм. Түүнтэй нэгэн адилаар сонгуулийн тогтолцоог шинэчлэх амлалтаасаа Д.Лүндээжанцан ухарлаа. Одоо “Би пропорциональ давамгайлсан хуулийн төслийг анх санаачилсан юм шүү дээ” гэж Өвөрхангайгаар хөөрөг зөрүүлэнгээ хөгшчүүлд учирлавал итгэнэ.

Нөгөөтэйгүүр тэрээр пропорционалийг дотроо дэмжээд намаа бодож нам дараад мажоритарийг сонгосон байж болно. Хэрэвзээ тийм бол намаасаа урваагүй, тогтолцооноосоо урвасан болж байгаа юм. Харин үнэхээр мажоритарийг дэмжээд байгаа, түүнийгээ иргэдийн санал гэж гөрдөөд байгаа бол намаасаа урваагүй, тогтолцооноос ч урваагүй, сонгогчдоосоо урвасан урвагч болно. Урваагүй урвагч…

А.Шархүү


URL:

Сэтгэгдэл бичих