Хордлого авсан хүүхдүүдийн 12 нь эмнэлгээс гарлаа

цээцДархан-Уул аймгийн Дархан сумын долоодугаар цэцэрлэгийн 2-3 насны 60 хүүхэд гэдэсний хурц халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан. Өнгөрсөн баасан гарагт 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол өнөөдөр 12 нь эмнэлгээс гарч гэрээр эмчийн хяналтад оржээ. Одоогоор нэмж өвдсөн тохиолдол гараагүй бөгөөд эмнэлэгт үлдсэн 13 хүүхдийн бие сайжирч байгаа юм байна.  Цэцэрлэгийн 23-25-ны өглөө, өдрийн хоол, 24 нэр төрлийн бүтээгдэхүүний дээж болон багш, ажилчид, хоолны газар зэргээс 90 арчдасын шинжилгээг лабораторид шинжилж байгаа бөгөөд шинжилгээний дүн гартал цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хэвээр байх юм. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын зургаадугаар сургуулийн дотуур байрны хүүхдүүд ацетил бүлэг бүхий химийн органик нэгдэл агуулсан бодисонд хордсон нь Шинжлэх ухааны академийн Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторид хийсэн шинжилгээгээр тогтоогджээ. Хордлогын шалтгаан, нөхцлийг тодруулахаар МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хадгалж байсан гурил, гурилын шуудай зэрэг 12 дээжийг шинжилгээнд өгөөд байсан юм. Ацетил бүлэг бүхий органик нэгдэл нь нефтийн бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшинд ихээр агуулагддаг. Ачиж, тээвэрлэх болон хадгалах үеийн аль шатанд  гурил бохирдсоныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар цагдаагийн байгууллагатай хамтран  шалгаж байгаа юм байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хоолны хордлого гарсан үед ажиллах нарийвчилсан арга, ажиллагааны заавар гаргаж орон нутагт хүргүүлэх, улсын хэмжээнд хоолны хордлогоос урьдчилан сэргийлэх, барилгын зарим төрлийн ажлыг зөвхөн үндсэн ажилчин гүйцэтгэдэг байх улсын байцаагчийн шаардлагыг барилгын бүх компанид хүргүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хяналт шалгалт хийхээр болжээ.

 

С.Уянга   /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих