Хотын чимээ сонсгол муутгаж байна

Их хотын иргэдийн дийлэнх хөдөлгөөний хомсдолтой, хараа муутай байдаг. Хотжилтоос үүдэлтэй эдгээр эрүүл мэндийн эмгэгдээр сүүлийн үед сонсгол муудах хандлага нэмэгдэж байгаа гэнэ. Битүү нүргээн, автомашины дуут дохио, чанга хөгжим зэрэг дуу чимээ хүмүүсийн сонсголыг муутгаж эхэлжээ.

Эрүүл мэндийн салбарынхан хотын иргэд өдөр бүр хэтэрхий их чимээ, шуугианы давалгаанд өртөж байгаа нь чихний эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүйг анхааруулж, чихээ хамгаалахыг сануулсаар байгаа юм.

Гэвч төвлөрсөн газруудын оршин суугчдын сонсгол муудалт хэдийнэ тахлын шинжтэй болжээ. Жилээс жилд үүнд өртөгчид болон хохирогчдын тоо нэмэгдсээр байгаа төдийгүй эмгэг залуужиж 18-20 насныхны дунд ихээр илрэх болов.

Нийтийн тээврээс хоцрох, ажил амжуулахаар хотын гудмаар яаран сандран гүйхэд зөвхөн мэдрэлийн эд эс үхээд зогсохгүй давхар сонсгол мууддаг. Учир нь хөдөлгөөн ихтэй зам дээрх чимээний төвшин зөвшөөрөгдсөн хэмжээнээс гурав дахин их байдаг байна.

Мөн ажил, гэрийн ойролцоо төмөр зам, барилгын ажил өрнөх нь бүр ч аюултай. Цонхоо хаасан ч сонсголын эрхтэнд нөлөөлөх эрсдэлийн төвшинг хангалттай бууруулж чаддаггүй аж. Иймээс их хотын иргэд өдөр бүр хүчтэй дуу, чимээний довтолгоонд өртөн хэлмэгддэг. Аажимдаа дасч тархи, мэдрэл анзаарахаа больдог ч чих зовж тарчилсаар байдаг аж.

Үүнээс гадна шөнийн клуб сонсох эрхтний гол дайсан. Тэнд сэтгэл зүйн хувьд сайхан таашаал амсч болох ч чих харин эсрэгээрээ жинхэнэ тамд унадаг. Эмч нарын тодорхойлсноор хэт чанга хөгжим, бөмбөрийн дуу чихний хэнгэрэгт хутгаар дүрж байгаа мэт үйлчилгээ үзүүлдэг байна.

Хүртэхүйн чухал эрхтнээ хамгаалахын тулд хамгийн энгийнээс эхлэх хэрэгтэй гэнэ. Үүний тулд чихэвч бага ашиглан, радио, зурагтынхаа дууг чанга дээр тавихгүй байхыг зөвлөжээ. Мөн шуугиант үдэшлэгт дуртай, өдөр бүр нийтийн тээврээр зорчдог, дуу чимээ ихтэй газар ажилладаг бол сонсгол алдах өндөр эрсдэлтэй бүлэгт хамаарна. Энэ бүлгийнхэн мэргэжлийн эмчид хандан сонсголоо шалгуулж, зөвлөгөө авч байхад илүүдэхгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулжээ.

Мөн энгийн аргаар сонсголоо шалгах арга ч бий. Тухайлбал, 5-6 метрийн зайнаас шивнэн хэлэх үгсийг сонсох. Хэрэв сонсохгүй бол яаралтай эмчид хандах хэрэгтэй.


URL:

Сэтгэгдэл бичих