Шинэ төмөр замын бодлого царигийн хэрүүл дунд дахиад л төөрөх вий

671fb118-b910-4df9-a1ee-99927f83d2efЭнэ намрын их улс төр маргааш эхэлнэ. Төмөр замын царигийн бодлого, сайд огцруулах, Засгийн газрын бүтэцтэй холбоотой асуудлууд хамгийн их маргаан дагуулсан сэдвүүд байх болно.

Ялангуяа хэдэн жил дамнан үргэлжилж байгаа төмөр замын царигийн асуудал энэ удаагийн онцлох сэдэв байх юм.

 

Төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг өнгөрсөн хавар Засгийн газраас өргөн барьсан.

Гэхдээ уг асуудлыг салбарын яам нь дэмжээгүй болохоор эхлээд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраар өргөн бариулсан. Дараа нь буцаан татаж өөрчлөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө дахин өргөн барьсан билээ.

Уг тогтоолын төсөлд туссанаар бол Монгол, Хятадын  Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах Хятадын далайн боомтын тоог нэмэгдүүлэх юм.

 

Мөн Хятад улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг урт хугацаанд тохирох, тухайлбал, төмөр замын чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг хэлэлцээрт тусган шийдвэрлэх асуудлыг тусгасан.

Тогтоолын төслийн хамгийн гол асуудал нь Тавантолгойгоос Гашуун сухайт, Сайншандаас Замын-Үүд, Хөөтөөс Бичигт хүртэл нарийн царигтай төмөр зам тавьж, Тавантолгойгоос Сайншанд, Хөөт-Чойбалсан Нөмрөг буюу Дорнод аймаг руу гардаг зам болоод Эрдэнэт-Могойн голын хил хүртэлх 550 км замыг өргөн царигтай тавихаар тусгасан.

Яг энэ царигийн асуудал улстөрчдийн маргааны гол сэдэв болсоор даруй зургаа, долоон жил болж байгаа бөгөөд энэ удаа бүр ч хурцдаад байгааг УИХ-ын гишүүн Х.Баттулга ба Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарын маргаанаас харж болно.

 

УИХ 2010 онд төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогоо баталсан ба уг баримт бичгээр бол манай улсад төмөр замын царигийн маргаан дууссан, өргөн цариг бүхий төмөр зам л тавигдах юм байна гэж ихэнх хүмүүс ойлгож үлдсэн билээ.

 

Гэвч өнгөрсөн жилээс шинэ төмөр замын бодлого дахин гарч, Засгийн газраас дээрх утга бүхий тогтоолын төслтийг өргөн барьснаар Н.Алтанхуягийн Засгийн газарт томоохон хагарал гарсан. Үүнээс болж  АН-ын том фракцуудын нэг болох МоАХ-г төлөөлөн ҮХАА-н сайдын албыг хашиж байсан Х.Баттулга Засгийн газартай санал зөрснөөс сайдынхаа ажлыг өгсөн.

Ингээд нарийн цариг хэрэггүй гэсэн агуулгатай телевизийн нэвтрүүлэг бэлтгэж, түүнээс нь болоод Монголын нийгэм тэр чигээрээ хоёр хуваагдан хэрүүл шуугиан болцгоосон.

 

“Үндэсний эв нэгдлийг хангагч” гэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч  УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дуудаж загнав. Гэвч Х.Баттулга “бууж өгөхгүй” гэдгээ илэрхийлсээр өдгөө хүрчээ. Тун саяхан хүртэл хэвлэлд өгсөн ярилцлагадаа нарийн царигийн төмөр зам тавьбал үндэсний аюулгүй байдалд ноцтой үр дагавар үүснэ гэж ярьжээ.

Өнгөрсөн хавар царигийн асуудал тийнхүү олон нийтийг хэтэрхий талцуулсан учир арга буюу хойшлуулсан.

Тэгвэл одоо УИХ-ын намрын чуулганы хамгийн эхэнд хэлэлцүүлэхээр орж ирлээ. Гэхдээ энэ удаа уг асуудлыг  хэлэлцэх биш, батлах нь хамгийн чухал юм.

 

Засгийн газар Хятадаас зээл, тусламж авахын тулд л нарийн царигийг зүтгүүлж байна хэмээх яриаг ч бас мухарлах ёстой. Өмнөд хөршийн удирдагч Си Зиньпинийг манайд айлчлах үеэр хоёр улсын хооронд 26 гэрээ хэлэлцээр, протокол, санамж бичиг байгуулсаны дөрвийг нь Зам, тээврийн салбарт хийсэн.

 

Тэдгээр нь:

-Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр

-Төмөр замын дамжин өнгөрөх тээврийн хамтын ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр

-Төмөр замын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг

-Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах тухай Монгол Улсын Зам, тээврийн яам, БНХАУ-ын Улсын Төмөр замын газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгүүд юм.

Дээрх хэлэлцээр, санамж бичгүүдийг байгуулснаар хоёр улсын хооронд хилийн төмөр замын шинэ боомтууд /дөрвөн шинэ гарц/ байгуулахаар тохиролцсон. Тэгэхээр ямар ч байсан төмөр замын асуудал яригдах нь.

 

Дээр хэлсэнчлэнУИХ-ын гишүүн Х.Баттулга төмөр замын талаарх Засгийн газрын бодлогыг хүчтэй эсэргүүцэх нь тодорхой.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа экс Ерөнхий сайд Сү.Батболдоос эхлээд одоогийн Ерөнхий сайд нарыг нарийн царигийг ил далд дэмжиж ирснийг өгүүлжээ.

Мөн “Энержи ресурс” зэрэг нарийн царигийг дэмжигчдийн бүлэглэлтэй өөрийнх нь өргөн царигийн талынхан тэмцэж ирснийг ч яриандаа ойлгогдохоор хэлж.

Энэ удаа Засгийн газар болон сөрөг хүчний зүгээс нарийн царигийг лоббидогч бүлэглэлийнхэн хамтраад нарийн царигийг УИХ-аар батлах гэж байна гэж тэр мөн үзжээ.

 

Тэгэхээр төмөр замын талаарх төрийн бодлогын асуудал царигийн асуудлаас болж дахиад бөөн хэрүүл шуугиан дунд “төөрч” магадгүй байна.

Мэдээж энэ нь Монгол улсын эрх ашигт л ноцтой хохирол учруулахад хүргэх вий дээ гэсэн болгоомжлол хамгийн түрүүнд төрж байна.

Төмөр замын бодлого гэдэг ганц царигийн асуудал биш бөгөөд шинэ төмөр зам тавихыг нийтээрээ л дэмжиж байгаа. Гэвч асуудал гагц цариг дээр очиж гацсаар өдгөө хүрч байна.

Ер нь бол Н.Алтанхуяг, Х.Баттулга нарын хэрүүл тийм ч сонин биш, үндэсний эрх ашиг л хамгийн сонин байх ёстой юм.

 

О.Хуяг

gereg.mn


URL:

Сэтгэгдэл бичих