Б.Саруул: “Одоохон очлоо” гэсэн мессэжийг өөрөө бичээгүй гэж бодож байгаа

53500АПУ компанийн гэрээт борлуулагч Б.Алтанхуяг  энэ сарын 15-ны өдөр сураггүй алга болсон. Түүнийг хайх эрлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд гэр бүлийнхэн өнөөдөр олон нийтэд хандсан юм. Энэ үеэр Б.Алтанхуягийн эхнэр Б.Саруулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Хамгийн сүүлд таньд мессеж  явуулсан байсан гэсэн?

-Алга болохынхоо орой 16:00 цагийн үед “одоохон очлоо” гэсэн мессеж ирсэн. Гэхдээ тэр мессежийг манай хүн өөрөө бичээгүй гэж бодож байгаа.

-Хардаж байгаа хүн байна уу?

-Манай хүнийг барьцаалсан хүн бичсэн байх. Өөрөө мессеж нэг их бичээд байдаггүй юм. Ялангуяа одоо барьж байгаа утсан дээрээ мессеж бичиж чаддаггүй. Бас хамгийн сүүлд орсон дэлгүүрт хоёулаа явж байсан гэсэн. Таамаглаж хардаж байгаа хүн байхгүй ч танилуудыг нь шалгуулж байгаа.

-Эрлийн ажил ямар шатандаа явж байна?

-Цагдаагийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа. Одоогоор ахиц гарсан, хэл сураг дуулдсан зүйл алга. Бид нар танил ах дүүгээрээ нийлээд 30-иад хүний бүрэлдэхүүнтэй таван машинтай хайж байна. Хонхор орчмыг тав хоногийн хугацаанд самнаж дууссан. Одоо Гачуурт, Хужирбулан тийшээ хайж байна. Ер нь хотын зах орчмоор хайж байгаа.

-Машиндаа яг хэдэн төгрөгийг бараатай явсан бэ?

-Манай хүн айлын ганц хүү байгаа юм. Өөрөө гурван хүүтэй. Хувийн машинаа унаж явсан. Бид тэр машиныг худалдаж аваад удаагүй байсан. Урьд өдөр нь дэлгүүрээс орлого цуглуулсан гэхээр 4-5 сая төгрөгтэй явсан байх. Бас их хэмжээний архи, пиво ачиж явсан. Би тэр үед эмнэлэгт хэвтэх гээд ажлаасаа хол байсан учир нарийн сайн мэдэхгүй байна.

medee.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.