Наадмын хонь ноостойгоо байна

Наадмаараа айл бүр шинэ шөл уудаг уламжлал тогтчихжээ. Шинэ шөл гэдэг нь нэг хонь төхөөрч идэхийг хэлж байгаа хэрэг. Ингэдэг л ёстой юм байх гэсэн шиг бие биенээ дуурайж заавал нэг хонь гаргаж байж сэтгэл амарна. Монголчууд эртнээсээ зуны улиралд мах иддэггүй байсан билээ. Энэ нь наадмаар махсагаа гаргаж байгаагийн шинж юм. Одоо болохоор өдөрт хэдэн ч удаа махан хоол идэх боломж бүрджээ.

Сүүлийн жилүүдээс нийслэлийнхэн хонь эрж явахгүй хаяанаасаа худалдаад авчихдаг болсон нь таатай. Малчид маань тав арван мөнгө олох гэж хотын захад хонь ямаагаа туугаад ирдэг болсон. 1930, 1940 өөд оны наадам нэг иймэрхүү байсан гэдэг.

Харин Яармагийн дэнж дээр чаначихсан өвчүү, хошного гурван төгрөгөөр авч идээд бардаггүй байсан гэж хуучны хүмүүс ярьдаг. Тэр үед туранхай муу хонь зарна гэж байхгүй, худалдан авагчид холбоотой хониноос барьж, тавилж сүүлийг нь сөхөж үзэн шилэх шиг болдог байсан гэж ярих юм билээ. Энэ жил бороо хур элбэг сайхан зун болж байгаа учир мал тарган байгаа. Наадам ойртож байгаа энэ өдрүүдэд наадмын хонины түрүүч Яармаг, Эмээлт, Баянзүрхийн товчооны ойролцоо ирээд байна. Хол гэхгүй Сүхбаатар, Завханаас хүртэл хонь ирдэг болжээ.

Нэг харамсалтай юм нь хөлөөр нь бус ачиж ирж малыг зовоочихдог нь дэндүү харамсалтай. Манай нийслэлийнхний зарим нь мал мэдэхгүйгээс болж хонь л бол хонь хамаагүй худалдаад авчихдаг. Хонио зарж буй малчид ч ялгаагүй малаа хайрлах сэтгэл байхгүй усалж идүүлэлгүй өдөржин хашчихаж байх жишээтэй. Холоос ачиж ирсэн хонь айж зовсноосоо болоод ханиаж халуурчихсан, хүнээр юм бол янз бүрийн өвчин нь сэдэрчихсэн байдаг.

Төхөөрсний дараа мах нь хачин нялцгар байдгийг та нар ажаарай гэж Ж.Самбуугийн нэрэмжит Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтэн Х.Баярсайхан ярина билээ. Тэгээд ч хол газраас ачигдаж ирсэн хонь шивтэр болчихсон байдаг. Өнгөрсөн ням гаригт Налайх дүүргийн зам дээр наадмын хонины түрүүч ирчихсэн байсантай таарсан юм. Замын хажууны шонгоос дөрвөн ноостой хонь уячихсан байгаа нь нэг л таатай харагдаагүй.

Зургадугаар сарын сүүлч гэхэд монголчууд хонио ноосолчихсон байдаг цаг билээ. Ямар ч ухаантай хүн хачиг шалзнаасаа салаагүй ноостой хонь наадмын шөлөнд хэрэглэхгүй. Зарж байгаа малчин нь юу бодож ноостой хонь худалдах гэж зогсоно вэ гэж бодогдсон. Наадмын хонь гэдэг ноосоо хяргуулчихсан, бороонд угаагдчихсан өнгө зүстэй тарган хонь байдаг.

Дээхнэ үед наадмын хонины арьс гэхэд дээлэнд “үзүүрсгэн” дотор гэж хэрэглэгддэг үнэтэй эд байлаа. Малчин түмэн наадмын хонины арьс цуглуулан шүүдэж “үзүүсгэн дээл” хийж ирсэн уламжлалтай.
Хонь худалдаж авахад учир их байна аа. Баруун зүгийн Завхан, Увс чигийн хонь бие багатай давжаа байхад Дорнод, Сүхбаатар, Төв аймгийн баруун, өмнө талын сумдынх бие сүүл том, дотор сайтай байх жишээтэй.

Өнөөдөр нийслэлийн хаяанд худалдагдаж буй хонины зарим нь өнгө зүсгүй ядарчихсан байгааг хүмүүс анзаардаггүй гэнэ. Манайханд хонио холбодог уламжлал орхигдчихжээ. Хонь худалдаж авах гэж өдөржөнгеө хуйлруулан элдэж хөөхөд тэр амьтан яаж зовохгүй байх билээ дээ. Холбосон хонь зарж, авч байгаа хоёртоо төвөггүй малаа ч зовоохгүй амар байхсан. Монголчууд бидний өвгөд дээдэс малаа хайрлаж, малынхаа ашиг шимийг хүртсээр ирсэн билээ. Тэр бүү хэл, зуны сарыг хайлган цаг гэж хонийг хөөж туудаггүй байсан гэдэг. Үүнийг мэддэггүй юм гэхэд өдий цагт наадмын шөлөнд ноостой хонь хэрэглэдэггүй гэдгийг авч өгч байгаа хоёр мэдэж авууштай.

Наадмын шөлний хонь одоохондоо арай л үнэтэй байна гэж яригдаж байна. Төлөг 60 мянга байхад сувай эм хонь 80 мянга гэж дуугарч байна. Харин боломжийн хязаалан ямаа 50,0 мянга гэж дуулдсан. Нийслэлийн тал талд зарагдаж байгаа хонины үнэ янз бүр байдаг гэнэ. Цөөхөн хоньтой нэг нь айлын хашаанд хоргоох гэж хэцүү юм гээд оройхон болохоор хямдхан зарчихдаг гэж дуулдана.

Хорхогны ямаа, шөлний хонь нийслэлийн хаяанд ирчихсэн өвс ус муутайхан, хашигдаж, элдүүлж эзэн нь наадмаас өмнө бусдаас өрсөж зарчих гээд бужигнуулж байна. Хонио хөөж бус холбож байгаад худалдаасай билээ. Малтай зүй бусаар харьцахгүй байх тухай хууль манайд үгүйлэгдэж байх шигээ.

Н.Лхагва


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.