ЗТБХБ-ын яам нэг юм бодох цаг болсон юм биш үү

4c823555f1a55899bigӨнөөдөр Монголд болсон болоогүй өч төчнөөн барилга баригдаж байна. Яахав нэг талаас нь харвал сайхан өндөр өндөр шил толин барилгууд сүндэрлээд л мань мэтийн нүд гялайж гадаадын нөхдүүдийн дэргэд хэлэх үгтэй л болж байгаа юм даг. Тэгэхдээ тэр сайхан баригдаад байгаа барилгууд нь ёстой л нөгөө гаднаа гяланцаг дотроо паланцаг гэдэг шиг хэдэн хавтан өрсөн болоод босгоод тавьчихдаг хамгийн хямд төсөр материалаар хамгийн хямд зардлаар бүтдэг эд гэнэ. Дотор нь орж суух гэж байгаа барилгадаа ийм хямдхан сэтгэлээр ханддаг барилгын компани, барилгын яамтай улс орон манайхаас өөр байхгүй. Барилга тойрсон яриа, хэл ам ч дуусахгүй юм. Хүн унаж нас барлаа, юм унаж хүн аллаа, барилга барихын тулд газар булаалаа, байшин шатлаа эгээ л барилга нурлаа гэж сонсогдохгүй юм даа. Ай амьдрах насандаа барилгатай холбоотой зүйр үг хүртэл гарахыг үзэж явна ш дээ. Яагаав, нөгөө барьсан байшиндаа барилгын эзэн өөрөө ордоггүй ээ гэж.

Үнэхээр монголд барилгын асуудал хүнд байна шүү. Өчигдөр л гэхэд паркийн хашаан дахь MCS-ийн Шангрила II гэх барилга шатлаа. МСS-ийг асуудал гаргадаггүй гэдгээр нь мэддэг байсан сайхан үе ард хоцорчээ. Паркийн газрыг булаасан гэх хэргээс хойш янз бүрийн л юм сонсогддог байсан ч өнөөдрийг хүртэл барьсан барилгад нь харин асуудал үүсч байгаагүй гэхэд болно. Тэгтэл баригдаад дуусаж байсан барилга нь шатаж олон хүний нүдийг бүлтийлгээд авсан. Гамшиг судлалын хүрээлэнгийн галын тэсвэржилтийн лабораторид оруулж шалгуулсан эсэх нь ч эргэлзээтэй чийгнээс тусгаарлах зориулалттай хэмээх дотроо шилэн хөвөнтэй резинэн материалаар хийгдсэн гадна фасад нь шатсан гэх юм билээ. Бас л чанарын шаардлага хангаагүй материал байв уу?

Гал унтраахаар ирэх үед нь ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржоос миний нэгэн мэргэжил нэгт нөхөр ярилцлага авсан байна билээ. Тэрээр хэлэхдээ 80%-ийн гүйцэтгэлтэй 1 дүгээр сард ашиглалтанд оруулахаар ажиллаж байсан барилга байна. Тэгсэн хирнээ хивс дрож тавилга сэлтээ тавьчихсан байдалтай байна гэсэн гэнэ шүү. Тэгэхээр энэ одоо юу гэсэн үг вэ? Чанарын шаардлага хангасан хангаагүй улсын комисс хүлээж авдаг гэсэн үг үү та минь ээ.

За даа тэгээд энэ олон болсон болоогүй барилгуудад амьдарч нурж үхэж хадан гэртээ заларсанаас мөрөөрөө монгол гэртээ амьдарсан нь ч дээр юм уу дөө зардал ч бага. Эцэст нь ЗТБХБЯ-нд хандаж хэлэхэд энэ олон чанарын шаардлага хангахгүй стандартад нийцэхгүй барилгуудаа шигшиж чанартайг нь үлдээх том үүргээ одоо нэг дорвитойхон хийвэл яасан юм бэ? Тэгэхгүй бол шил дараалан баригдах шинэхэн байшингуудын хэргүүд ч гаарах янзтай шүү.

А.БИЛГҮҮН

 


URL:

Сэтгэгдэл бичих