Монголчуудын омогшлоос дэлхий даяар айн чичирч байна

20141002014018Монголчууд сүүлийн өдрүүдэд омогшиж байна. Ялангуяа азийн наадам үзээд омогшиж, баг тамирчдаараа бахархан, тэднийгээ ялахад нь уухайлан баярлаж, ялагдахад нь өмөөрөн байж омогшиж байна. Энд, бас тэнд. Омогшсон монгол хүн бүрийн уухай цэнхэр дэлгэцээр, орон даяар дэлхийн чихийг дэлдийтэл цуурайтсаар.

Омог бардам, магнай тэнэгэр монгол хүн ямар байдгийг дэлхий анзаарч байна. Чингисийн Монгол, чонын хийморьтой монгол түмний уухай ямар хүчтэйг сонсоод харь гүрнүүд эмээхдээ яаж дарахаа бодон суух аятай. Монголын баг тамирчдын ирийг мохоож, амжилтыг дарах гэсэн увайгүй үйлдлүүд удаа дараа хийх болов. Төгсцогт, Ган-Эрдэнэ, Чинзориг, Шинэбаяр нарыг улаан цайм луйвардаж, рингнээс буулгалаа. Төгсцогтын ганган хүнд цохилтууд, Ган-Эрдэнийн бүрэн ялалт, Чинзориг, Шинэбаяр хоёрын ялах бүрэн боломжийг шүүгчдийн булхайтай шүүлтээр үгүйсгэж орхилоо. Гэсэн ч монгол түмэн тамирчдынхаа амжилтанд эргэлзсэнгүй, харин ч омогшин, увайгүй үйлдлийг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж байна.

Монголын баг тамирчдын амжилт энэ наадамд бусад орны чихийг дэлдийлгэж, нүдийг нь бүлтийлгэж байгаа тул ингэж байгаа гэх хардлага төрөх болов. Наадмын эхний өдрүүдэд сагсан бөмбөг, буудлага, жүдогийнхны гаргасан санаанд багтамгүй амжилтуудад цочирдсон ч юм уу. Спортын ариун дэвжээнд шударгаар өрсөлдөх гэж ирсэн тамирчдын ирийг мохоох ийм үйлдлүүд нь зохион байгуулагч орны талаас төдийгүй шүүгчдийн зүгээс илт ирж байлаа. Үнэхээр л боксчдын маань хувьд хар өдрүүд болж өнгөрөв. Гэхдээ ийм үйлдлүүд нь монголын баг тамирчид, монгол түмний ирийг мохоох бус омгийг бадрааж орхив. Боксын тамирчид маань азийн наадмын дэвжээнээс хэдийгээр ялагдал хүлээж ирсэн ч илүү том наадамд рингэн дээрээ даагаа нэхэж, шударга ялалтыг авах болно гэсэн омог бардам итгэл өвөртөлсөн нь тодорхой.

Гэтэл солонгосын талаас монголд суугаа ард иргэддээ хүртэл сэрэмжлүүлэг гаргаж, монголчуудаас болгоомжлохыг сануулаад авав. Үүнд нь харин манай иргэд хүлээцтэй байж, ийм явуургүй үйлдэлд барьц алдсангүйгээр барахгүй хүлээцтэйгээр тамирчдынхаа ялалтаар бахархаж, омогшин байна.

Инчоны наадам эхэлсэнээс хойш Монголын төрийн далбааг уруу харуулж хийсгэх, эмэгтэй тамирчдын хоолонд бохир заваан зүйл хийх, тамирчдын амжилтыг илтээр луйвардан дарах зэргээр энэ наадам манай баг тамирчид төдийгүй монгол түмний итгэл зориг, омог бахархлыг үгүйсгэх гэсэн увайгүй үйлдлүүдээр тасрахгүй байна. Харин Монголчууд юун туханд хүрэлгүй ийм зүйлсийн өөдөөс өмөлзөх “ямаан омогтой” улс биш гэдгээ харуулж, омог бардам зангаараа “Монгол, Монгол, Монгол” хэмээн уухайлсаар. Наадам нэгээр дуусах биш, дараа жилийн наадам, дэлхийн энтэй дэвжээ тамирчдыг минь хүлээж байгаа, тэнд даагаа нэхээд зогсохгүй дэлхийг өмнөө сөхрүүлнэ гэдэгт итгэл дүүрэн суух омог бардам монгол омогшил огшин огшсоор байна.

Их л дуулиантай Инчоны наадам Монгол омогшлыг огшоож, харь улсууд хөнжил дотроо дагжин чичирхэд хүргэлээ.

 

Н.Нараа

agshin.mn


URL:

Сэтгэгдэл бичих