Ширхэг ч лицензгүй “Эрдэнэс Тавантолгой” хувьцаа тараана

Энэ оны гуравдугаар сарын 31-нээс өмнө төрсөн Монгол Улсын иргэн бүр нэрийн данстай, дансандаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн 536 ширхэг хувьцаатай болно гэсэн мэдээлэл ил болсноос хойш хэдэн cap өнгөрлөө. Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Засгийн газар “Эрдэнэс МГЛ” компанийг давуу эрхийн хувьцаатай болгож, хүн бүрт алт, мөнгөн нэг ширхэг хувьцааг өгөх тухай асуудлыг хэлэлцэж дэмжсэн. Гэхдээ энэ нь УИХ 39 дүгээр тогтоолдоо өөрчлөлт оруулахаас нааш хэрэгжих боломжгүй. 76 эрхэм аж ахуйн нэгжүүдэд “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны арван хувийг өгнө гээд зүтгэчихвэл алт, мөнгөн хувьцааны сураг шууд тасарна. Төр, засаг өнөөг хүртэл нэгж хувьцааны үнэ ханш зарлаагүй.

Ер нь Таван толгойтой холбоотой тодорхой мэдээлэл үүнээс өөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Харин тодорхойгүй, тойм төдий мэдээллүүд бол бий. Тухайлбал, удахгүй “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг олон улсын биржүүдэд гаргаж арилжаална. Лондон, Хонгконгийн хөрөнгийн биржийн нэгийг нь эсвэл хоёуланд нь гаргах асуудал хэлэлцээрийн түвшинд явж байгаа, хувьцааны нэрлэсэн үнийг Засгийн газраас тогтоосон ч, эцэслэн батлаагүй байгаа, улсын наадмаас өмнө хувьцааг иргэддээ тараана.

Тавантолгой ордын Зүүн цанхийн хэсэгт олборлолтын үйл ажиллагаа явуулах компани, Баруун Цанхийн хэсэг дэх стратегийн хөрөнгө оруулагчийг энэ сард шалгаруулна. Хөрс хуулалтын ажил хийгдсэн, борлуулалтын гэрээг үзэглэх юм бол нүүрсээ ачуулахад бэлэн болсон гэх зэрэг. Энэ бүгдээс харахад ажил нь урагштай байгаа юм шиг дүр зураг харагдана. Гэхдээ энэ бүхнийг “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн гишүүн Ж.Батзандан үгүйсгэлээ.

Уг нь жилийн өмнө батлагдсан УИХ-ын 39 дүгээр тогтоолын 1-д “Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс-Тавантолгой” охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуйн нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх” гэж заасан.

Эндээс ганцхан буюу Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс-Тавантолгой” охин компанийг байгуулах гэсэн заалт нь хэрэгжжээ. Үүнээс бусад нь таг. “Эрдэнэс МГЛ” Тавантолгойн бүлэг ордын лицензийг төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Тавантолгой” компани руу шилжүүлэхгүй байгаагаас ямар ч өмчгүй, компани гэж нэрлэхэд ч хэцүү болжээ.

Ширхэг ч лицензгүй, ямар ч өмчгүй компани иргэн бүрт хувьцаа тараана гэдэгт итгэх шаардлага тулгарч байна. Энэ талаар удирдлагууд нь яагаад ч үнэн зөв мэдээлэл өгдөггүй юм бүү мэд. Харин олон түмэн рүү харахаараа инээд алдаж байгаад л сайхан ярихыг нь яана. ёстой л “Бүүвэй, бүүвэй, болж өгвөл бүрмөсөн бүүвэй” гэж дуулаагүй байлгүй гэж бодоход хүргэнэ. Ямартай ч Ж.Батзандангийн хийсэн мэдээллийн ачаар “Эрдэнэс Тавантолгой” компанид ширхэг ч лиценз “Эрдэнэс МГЛ” компаниас шилжиж ирэхгүй байгаагаас ажил нь явахгүй байгаа нь тодорхой боллоо.

Гэхдээ тус тусдаа өөр үүрэг, статустай хэдий ч нэг удирдлагатай хоёр компанид лиценз шилжүүлэх нь хялбар ажил байж болох талтай. Мөн Үнэлгээний хороо гээч нь оператор болон стратегийн хөрөнгө оруулагчийн тендерт шийд гаргахыг огт хүсэхгүй байгааг мэдлээ. Энэ олон үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл “…Салаа замаар ороод салам төөрөөд ирлээ би, замбараагүй энэ замын алинаар нь явах вэ та минь ээ” гэдэг дууны мөрийг санагдуулна.

Уг нь энэ сарын 17-нд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг УИХ баталсан. Холбогдох хууль батлагдахыг хүлээсэн, бэлтгэл шаардлагатай байгаа зэрэг шалтгаантай зарим зүйл заалтаас бусад нь мөн өдрөөс эхлэн хэрэгжиж эхлээд байгаа. Ийм хуультай болсноор төрийн байгууллагууд болон төрийн өмчит хуулийн этгээд мэдээллээ “манай байгууллагын нууц” гэдэг үгээр халхавчлах боломжгүй болсон.

Уг энэ хуулийн үйлчлэх хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд багтана гэж заасан болохоор “Эрдэнэс Тавантолгой” багтаж буй нь лавтай. Гэхдээ өмч, хөрөнгөгүй компанид бэлтгэл шаардлагатай болохоор цахим хуудсаар дамжуулан мэдээллээ мөд ил тод болгохгүй биз ээ.

Ганцхан “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон толгой эргэм, төөрмөөр мэдээллүүд цөөнгүй байна. Монгол Улсын иргэнд бүрт хамааралтай энэ компанийн талаархи мэдээллийг нэг мөр болгох зайлшгүй шаардлага байгааг эрхэм гишүүд болгоогүй нь харамсалтай. Мөн холбогдох сайд нар нь үнэн зөв, толгой эргүүлэхгүй мэдээллийг өгнө гэдэг мөн л эргэлзээтэй.

Д.Навчаа


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.