НҮД /Сургамжит өгүүллэг/

Man Looking Out Train WindowГалт тэрэгний нэгэн хэмийн уйтгарт чимээ, жижигхэн өрөөнд хөзөр тоглон, сэмхэн архидаж, дуу хөөр болох хүмүүсийн шуугианаас залхаж, Болормаа тамбар луу гарч ирлээ. Шөнө дунд болж байсан ч тэнд нэг залуу, тамхи татан, цонхоор ширтээд зогсож байснаа Болороо руу харж “Хаа хүрэх вэ? Замын-Үүд үү, Хөх хот уу? хэмээн яг л хуучин танилтайгаа уулзаж байгаа юм шиг дотноор асуув. Болороо түүнийг анхааралтай ажиглав. Өндөр биерхүү, өтгөн хөмсөгтэй, цайвар царайтай, бараан туяатай нүдний шил зүүсэн, тун аятайхан залуу байлаа.

Болороо “Замын-Үүд” орноо гэхэд залуу инээмсэглэж, “Харамсалтай л байна. Би Хөх хот орох гэж явна. Зургаахан цагийн дараа салах нь дээ” хэмээн хэлснээ цонх руу харчихав. Болороогийн хувьд замын танил яагаад ч юм нэг л дотно санагдаж байв. Залуу инээмсэглэснээ “Намайг Батаа гэдэг. Наашаа зогс л доо. Хамт цонхоор юм харья” хэмээн найрсаг хэлэхэд Болороо татгалзаж чадсангүй. Үнэндээ хар шөнө галт тэрэгний цонхоор юугаа ч харах вэ дээ? гэж бодож байсан ч, үл таних залуугийн дулаахан үгэнд татагдаад нэг л мэдэхэд дэргэд нь оччихсон байлаа. Батаа бүсгүйг өөрлүүгээ татан мөрөөр нь тэвэрч авахад цочсон ч гэсэн дургүйцэж чадсангүй.

Дорнын буурал тал, сүүмгэр сарны гэгээнд уусаж, намхан хөх толгод яг л унтаж байгаа аварга биетэн шиг хөглөрч харагдана. Батаа хэсэг чимээгүй зогссоноо “Чиний нүдэнд сар ямар харагдаж байна” гэж асуулаа. Болороо түүний асуултыг сонсоод жаахан гайхсан ч гэсэн анх удаагаа л сарыг анхааралтай харав. “ Ямар том сар вэ? Саран дээр хоёр туулайны дүрс харагдаж байна. Том тэргэл сарыг ийм ойрхоноос хараагүй удчихаж” гэхэд Батаа яагаад ч юм санаа алдснаа “Бүсгүй хүнтэй сарны дор хууч хөөрөөд л, чиний нүдээр хорвоо ямар харагдаж байгааг хармаар санагдчихлаа” гэхэд Болороо инээд алдчихав. Үл таних залуугийн биеэс тийм гэж хэлэхийн аргагүй зөөлхөн, тэгсэн хэрнээ нэг л тааламжтай үнэр сэнгэнэж, Батааг эмэгтэй хүний сониуч зангаар сонирхож байгаагаа тэр мэдэрч байлаа. Болороо “Үнэхээр сонин юмаа. Би энэ замаар наснаасаа л олон удаа явж байна. Сар ийм тунгалаг гэрэлтэй, шөнийн говь ийм намуухан, ийм гоё хөхөлбөр туяатай байдаг гэж ёстой мэдсэнгүй. Яг л уран зураг шиг харагдаж байна. Сарыг, бас энэ толгодыг зураад, гүн хөх өнгө уусгачихсан. Түүнийгээ энэ цонхонд хадчихсан юм шиг л харагдаж байх юм” гэхэд залуу чимээгүйхэн инээмсэглэв. Батаа түүний үсийг зөөлхөн илснээ чиний яриаг сонсоод л зогсоод баймаар байна. Удахгүй нар мандана. Говьд нар яаж мандахыг хамт харъя л даа” хэмээн гуйсан өнгөөр хэлэв. Болороод татгалзах зүйл байсангүй.

Нээрээ говийн нар хачин гоё манддаг гэж зөндөө л сонсож байснаа тэр санав. Болороогийн сэтгэл хөдөлж байлаа. “Саяхан л хар хөх бэх асгачихсан юм шиг, бараантаж байсан тэнгэр захаасаа шаргалтаж, сэмэрхий үүлний цаанаас гэгээ татаж байгааг хар даа. Нээрээ нар удахгүй мандах гэж байна” хэмээн бүсгүй хэлэхэд Батаа “Сайхан байнаа. Чамд нар мандахад ямар санагдаж байгааг хэлээрэй” хэмээн инээмсэглэв. Өөрийнх үгийг анхааралтай сонсож байгааг анзаарсан бүсгүй харсан болгоноо Батаад ярьж байлаа. “Сонин юмаа. Үнэхээр говийн шөнө ийм гоё харагддаг юм уу? Аль эсвэл би чамтай хамт харж байгаа болохоор ийм гоё байгаа юм болов уу? хэмээн Болороог хэлэхэд Батаа түүний мөрөөр зөөлхөн тэвэрч “Үсний чинь үнэрт мансуураад, чиний яриаг сонсоод л яваад баймаар байна” хэмээн зөөлхөн хэллээ. Говийн тэнгэр захаасаа эхлэн цайрч, тэгснээ ягаарч, улаан туяа татан, сэтгэл сэргээх зөөлхөн өнгөөр солонгороод ирэв.

Тод шаргал өнгийг хуу татан говийн тунимхай шар наран мэлтэс хийтэл, газраас ургаж байгаа юм шиг гэнэтхэн хөөрөөд гараад ирэв. Болороо дуу алдан “Ямар том улаан нар вэ? Яг л сахилгагүй хүүхдэд өшиглүүлсэн том бөмбөг цонх хага татан орж ирж байгаа юм шиг гоё харагдаж байна” гэхэд Батаа бас л чимээгүйхэн инээмсэглэж байлаа. Замын –Үүд ойртсон бололтой. Хүмүүсийн хөл хөдөлгөөн эрс нэмэгдэж, Болороо ч буух болсноо санан “Замын –Үүд дөхөж байна. Би энд бууна” гэхэд залуу “Чамд баярлалаа. Хамт байхад сайхан байлаа” хэмээн сэтгэл цэлмэтэл инээмсэглэснээ “Чи надад туслаач. Би өрөө рүүгээ явах хэрэгтэй байна. 18 дугаар купе” гэхэд Болороо бүр гайхаж хоцров.

Залуу хаалга түшүүлж тавьсан жижигхэн цагаан төмрийг авч сунгахад л түүний толгойд “Хараагүй юм байна” гэсэн бодол зурсхийтэл орж ирэв. Болороо шөнөжингөө “Тэрийг хар даа. Энийг хар даа. Гоё харагдаж байгаа биз дээ” хэмээн хашгирч байснаа санаж, санаа нь зовж эхэллээ. Бас сэтгэл татаад байсан тэр сайхан залуу хараагүй гээд бодохоор тун харамсалтай байлаа. Гайхаж, цочсон бүсгүй “Өө. Уучлаарай. Би өөрийг чинь хараагүй гэж мэдсэнгүй” гэхэд Батаа чимээгүйхэн инээмсэглэж “ Энэ дэлхий дээр амьдарч байгаа зургаан тэрбум хүний 12 тэрбум нүд орчлонг харж байхад би өөрийгөө яагаад хараагүй гэж бодох ёстой юм. Говийн шөнийг, говийн нарыг чи надад харуулчихлаа шүү дээ” хэмээн өөртөө итгэлтэйгээр хэлж байлаа.


URL:

Сэтгэгдэл бичих